
Их Британийн томоохон наадмуудад манай үндэсний хөгжимчид төдийлөн оролцож байгаагүй учраас Монголын язгуур урлаг, үндэсний хөгжим тэдэнд тун сонин, содон байжээ. “Хөсөгтөн” хамтлагийнхан “BBC Prom”-д оролцохоос гадна Дэлхийн хөөмийн холбоог байгуулах давхар зорилготой явсан бөгөөд зорилгоо биелүүлэн тус холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр томилогджээ. Дэлхийн хөөмийн холбооны нээлтэд 10 гаруй орны хөөмий судлаач оролцон Соёлын гавьяат зүтгэлтэн, хөөмийч Д.Цэрэндаваа “Монголын хөөмийн үүсэл, гарал”, Хөсөгтөн хамтлагийн ахлагч Д.Ариунболд “Монгол хөөмийн хөгжил” сэдвээр илтгэл тавьжээ. Тус холбоо нь ойрын хугацаанд Японы “NHK” телевизтэй хамтран хөөмийн талаар нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байгаа аж.