Шар усны үерээс хамгаалж, байгууламж барина

Хуучирсан мэдээ: 2017.03.19-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс хамгаалж, байгууламж барина

Хүйтний эрч суларч хаврын урь орж буй энэ үеэр хөрсний ус хайлах, шар усны үерт автах гэх мэт асуудлууд тулгардаг. Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 байршилд 140.5 км үерийн хамгаалалтын барилга байгууламж, хурын болон хөрсний ус зайлуулах 173.3 км шугам сүлжээ ашиглагддаг. Гэсэн хэдий ч зарим нэг газруудын үерийн ус зайлуулах далан, суваг одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал 2016 оны 12-р сард Баянзүрх дүүргийн 10-р хороо 1б хэсэгт байрлах айлын зуухан дороос хөрсний ус оргилсноос болж тус газрын дийлэнх хэсэг мөсөн бүрхүүлд автсан билээ.

Энэ талаар НМХГ-ын ДБХХ-ийн дарга Н.Гантулгаас тодруулахад “Хөрсний усны асуудал үнэхээр хүнд байгаа. Энэ асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер, холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлын хэсгийг ярилцсан. Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх гээд хэд хэдэн газар иймэрхүү асуудал байна. Харин одоо хөлдүүгээрээ байгаа мөснүүдийг зөөвөрлөх арга хэмжээ авна. Ер нь бол дулаараад ирэхээр газрын хөрсний нэвчилт нь нэмэгдээд хөрсний ус маань буцаад хэвийн байдалдаа ордог. Энэ үед дараагийн шатны арга хэмжээг авч байх хэрэгтэй. Ингэснээр ирэх ямар нэг улирлын эрс тэрс уур амьсгалаас болж янз бүрийн байдал үүсэхээс сэргийлж чадна. Тэгэхээр энэ газруудад инженер, геодезийн судалгаа хийж үүнээс сэргийлсэн барилга байгууламжуудыг барих, хамгаалах ажлуудыг хийх шийдэлд хүрээд байгаа” гэсэн юм.

Г.БАТТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж