Киноны шигтгээ болсон аялгууг бид ойлгож, мэдрэх нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Киноны шигтгээ болсон аялгууг бид ойлгож, мэдрэх нь чухал

“Кино код” шоу нэвтрүүлгийн нэгэн үе шат бол киноны хөгжмийн зохиолч сонгох явдал. Тиймээс ч үзэгчдэд киноны хөгжмийн талаар боловсрол олгохоор мэргэжлийн судлаач хөгжмийн зохиолчидыг урьж ярилцаж байгаа билээ. Нэвтрүүлэгт МҮОНР-ийн “ Танил аялгуу” нэвтрүүлгийн найруулагч ,хөгжим судлаач Р. Ганбаатар зочилжээ. 

Таны бодлоор киноны хөгжим гэж чухам юу вэ. 

– Ер нь кино гэдэг өөрөө хүмүүний амьдрал. Ямар нэгэн түүх , өгүүлэгдхүүн өгүүлнэ. Тэр өгүүлэгдхүүн бүхнийг хөгжмийн зохиолчид хөгжмөөр дамжуулан өөр өөрийн дотоод ертөнцөө илэрхийлэн гаргадаг. Үүнд л киноны хөгжмийн мөн чанар оршдог юм болов уу. 

Киноны хөгжмийг заавал найруулагч захиалж бичүүлэх ёстой юу. 

Найруулагчын хүссэж байгаа зүйл нь өөрийнхөө бодлыг нэмэх асуудал болсон цаг үе бол 1960-1970-аад он . 1961 онд "Алтан өргөө" киноны хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай найруулагчаас үл хамааран хөгжмөө бичсэн. Үүгээрээ Монгол киноны хөгжимд нээлт хийсэн. Киноны хөгжим заавал найруулагч нь захиалга өгдөг л дөө . Гэтэл Л.Мөрдорж гуай ямарч захиалганд оролцолгүйгээр өөрийнхөө сэтгэлээр бичээд "авах эсэхээ өөрсдөө мэд" гэсэн. Найруулагч авахгүй байж чадаагүй ээ бүгдийн авсан . Уг киноны хөгжмийг Германд бичих явцад хөгжимчид гараа өргөж " Уучлаарай удирдаач аа, дахиад бичүүлье. Бид ийм гоё хөгжимийг нэг тоглоод бичүүлмээргүй байна" гэсэн гэдэг. Энэ мэт гайхамшигтай зүйлс Монголын түүхэнд бий. 1971 онд хийгдсэн "Өглөө", "Тэмцэл" кинон дээр Д. Лувсаншарав гуай яг ийнхүү хөгжмийн зохиолоо үнэлүүлэн, найруулагч нь мөн адил бууж өгсөн түүхтэй. Хөгжмийн зохиолч өөрийн мэдэрсэн мэдэрхүйгээр тухайн орон зайг бий болгохоор, найруулагч тэр хөгжмөөр дамжиж дүрээ хүнд хүргэдэг. Мөн "Улаан дарцаг" киноны бүх хөгжим симфониор тоглогдсон аялгуу эгшиглэдэг хэдий ч бүгд л монгол аялгуу байдаг. Тиймээс тэр хөгжимийг ямар хөгжмийн зэмсэгээр тоглохдоо гол нь биш, хөгжмийн зохиолч ямар зэмсэг сонгож бүтээлдээ ашиглаж байгаа гэдэг нь л чухал. 

-Орчин үеийн киноны хөгжмийн тухайд 

Энэ цаг үеийн хөгжмийн зохиолчид 17-р зуунд амьдарч үзээгүй атлаа 17-р зуунд хүн юу сэтгэж болох вэ? гэдгийг 21-р зуунд сэтгэж, гайхамшигтай хөгжмийг бичсээр байна. Энэ хөгжим нь бидэнд, бидний өмнөх үед яагаад ингэж наалдаад байна вэ? гэхээр сэтгэж бодсон сэтгэлгээнийх нь үр дагавар, аялгууны эгшиглэнгээр хүмүүст хүрээд байна. "Үхэж үл болно" гээд Чингис хааны кинон дээр хүртэл Д. Лувсаншарав гуайн бичсэн хөгжим бүх дүр, чухал үйл явдлыг тодотгож өгдөг. Ер нь хөгжмийн зохиолчидыг би хайрлаж явдаг. Яагаад гэвэл тэд өөрсдийгөө огт хайралдаггүй. Үргэлж бусдыг хайралж явдаг хүмүүс. Тэр сэтгэл нь уран бүтээлд нь илүү их тод тусдаг болов уу. 

Кинонд зориулагдаж бүтээгдсэн хэрнээ ард түмний сэтгэлд хоногшссон олон уран бүтээл байдаг байх даа. 

-"Түмний нэг" киноны төгсгөлийн хэсэг дээр хөгжмийн зохиолч Ц. Намсрайжавын хийсэн "Халуун элгэн нутаг" дуу зохиол дээр байгаагүй боловч нэгдүгээр анги дуусахад заавал нэг зүйл байх хэрэгтэйг найруулагч олж харан Ц.Намсрайжав гуайд "Сайхан эх орны тухай дуу хэрэгтэй байна. " гээд санал тавьсан. Ингээд киноны редактор н.Бадраа гуай дууны үгийн бичсэн. Тухайн үед дуучин н.Эрдэнэбулган Болгарт сургууль төгсөөд ирсэн байж таарсан нь тохироо бүрдсэн сайхан үйл явдал болж дууг нь дуулсан. Тэгээд л "Халуун элгэн нутаг" дуу "Түмний нэг" киноноос төрөн гарсан юм. 

 Сүүлийн үеийн киноноос онцлох хөгжим юу байна?

-Энэ цаг үед залуучууд хэдэн кино хийсэн. Магадгүй хөгжимчид үнэтэй болсноос компьютер ашиглан хөгжмөө хийх болжээ. Тиймдээ ч хүнд хүрэх нь ховор. Аливаа нэгэн телевиз, радио, кинонд өөрийн биеэр тоглож, дуулж гэмээнэ илүү хүнд хүрэх нь гарцаагүй. 

Хөгжмийн кино гэж юуг хэлэх вэ? 

Хөгжмийн кино гэдэг огт өөр ойлголт. Эхлээд хөгжмөө бичээд түүнд тохируулан зураг авалт хийдэг.
Үзэгчид киноны хөгжмийг хэрхэн хүлээн авдаг юм бол.
-Манай үзэгчид ямар ч кино үзсэн хөгжим бол хэзээ ч ойр байдаггүй. Хэдий тийм ч дүрийг тодотгож буй тэр ухагдахууныг бүгд нэгэн зэрэг хүлээж авсан л байдаг. Тийм учраас дахин дэлгэцийн бүтээл үзэхдээ хөгжмийг нь бага ч гэсэн анхааран тухайн цаг үеийн хэв шинжийг мэдрээсэй хэмээн хөгжимд ойр байдаг хүний хувьд үзэгчиддээ зөвлөмөөр байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж