Гоо сайхны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан нэгэн гоо сайхны газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зогсоожээ. Хан-Уул дүүрэгт үсчин, гоо сайхны салоны байранд ажиллаж байсан уг гоо сайхны газрыг БНСУ-ын иргэн Чоо Гангмен ажиллуулж байжээ.
Чоо Гангмен гэгч эмнэлгийн бус нөхцөлд, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй орчинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй miracle, kabellien зэрэг эмийг хэрэглэн эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ. Иймд гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй хоёр нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураажээ.
Хяналт шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр арьс салтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, тусламж үйлчилгээнээс үүсэх эмнэлгийн хог хаягдлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээ аваагүй байсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх эрсдэлийг бий болгосон гэдгийг НМХГ-аас мэдээллээ.
ГОО САЙХНЫ ТАРИЛГА, ЭМИЙГ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Хоргүйжүүлэх, цайруулах, элэгний үйл ажиллагааг дэмжих антиоксидант үйлчилгээ бүхий Глутатион, Тиоктик ацид, Өндөр тунт витамин С гэсэн тариануудыг иргэд өөрийн фэйсбүүк хуудсыг ашиглан хууль бусаар импортлон худалдан борлуулж байгаа зөрчил илэрч байгаа тул та тарилгыг хийлгэхдээ доорхи мэдээллийг шалгана уу?
1. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ. /ЭМЯ –аас авсан/
2. Гадна хайрцаг болон доторх савалгаа нь бүгд англи хэл дээр байгаа эсэх
3. Хайрцаг дээр Монгол улсын эмийн бүртгэлийн дугаар байгаа эсэх.
Хууль бусаар худалдан борлуулж байгаа эм, тариа нь хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдсанаас чанарын шаардлага хангахгүй, эмийн үйлдлээ үзүүлэхгүй болохыг сэрэмжлүүллээ.
Д.ЦЭЭНЭ