Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр.
Энэ өдрийг дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах дэлхийн өдөр болгон тэмдэглээд зургаан жил өнгөрчээ. Манай улсад ч ялгаагүй энэ өдрийг 2012 оноос хойш тэмдэглэж байна. Монголын Дауны холбооноос өчигдөр /2017.03.20/ "Шангри Ла" зочид буудлын нэг давхарт даунтай хүүхдүүдийн эрхийг хамгаалах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.
Дауны хам шинж бол хүн төрөлхтөнд байсаар ирсэн хромосомын байгалийн зохицуулалт юм. Онолын хувьд 21 дэх хромосом хос биш гурав болж хуваагдсанаар үүсдэг удамшлын онцгой тохиолдлыг дауны хам шинж гэдэг. Энгийн хүмүүс 46 хромосомтой байдаг бол дауны хам шинжтэй хүмүүс нэг илүү буюу 47 хромосомтой байдаг ажээ.
Өнөөдрийг хүртэл дауны хам шинжийг анагаах аль эсвэл үүнээс урьдчилан сэргийлэх асуудал дээр дэлхий нийтээр толгой бөхийж байна. Бид ч мөн бидний найз, үр хойч маань болон мэндэлсэн онцгой энэ хүүхдүүдийг хайрлаж, алагчлалгүй дэмнэж явах нь зүйтэй биз ээ.
Өдөрлөгт дауны хам шинжтэй 200-300 гаруй хүүхэд цугласан юм. Харахад өөр ч хажууд нь очоод суухад хайр хүрэм бяцхан жаалууд энэ өдөр дуу хуур, бүжгээр тасарсангүй. Харин энэ үдшийн онцлох нэг зүйл нь өнгө бүрийн оймс байлаа.
Үүгээрээ хүний өөр өөрийн онцлог төрх, зан чанар, давуу талыг илтгэн харуулахаас гадна хоёр оймс нийлэн байж нэгэн хос оймс болж үүргээ гүйцэтгэдгийн адил өөр өөр царай төрх, зан чанартай хүмүүс нийлж хүний нийгмийг бүтээн, харилцан бие биедээ сурч мэдэх зүйлээрээ тусалж дэмжин нэгэн бүхэл болдог гэдэг утгыг илэрхийлдэг байна.
Дауны хам шинжтэй хүүхдүүдийг юу ч хийж чадахгүй, оюуны хоцрогдолтой гэх нийтлэг ойлголт байдаг. Харин эсрэгээрээ тэднийг нэг төрлийн сонирхлоор нь дагнуулан сургавал гоц авьяастай байдаг гэдгийг холбооныхон хэлж байлаа. Энэ талаар Монголын Дауны холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Хулан "Энэ хүүхдүүд өөрсдөө цаанаасаа их авьяастай төрсөн байдаг. Өөрсдийнхөө чадах зүйлээ сайн хийвэл цаашдаа хөгжөөд явах бүрэн боломжтой. Жишээ нь урлаг, спортоор их амжилт гаргадаг. Ажил хөдөлмөр эрхлэлт тал дээр ч ялгаагүй. Яг хийж чадах ажлыг нь зааж өгөөд сургавал үнэхээр сайн ажилладаг" гэлээ. Үүнийг дауны хам шинжтэй Б.Элбэрэлт хүүгийн амжилт нотолно. Азийн бүс нутгийн "Тусгай олимп"-д тэрээр мэлхий сэлэлтийн 25 метрт хүрэл медаль хүртэж байжээ.
Өдөрлөгийн үеэр хүүхдүүд маань зургийн үзэсгэлэн үзэхийн хажуугаар нэг нэгнийхээ авьяасыг бусдадаа сонирхуулж, "СИОН" хамтлагийнхантай өнгө өнгийн оймстой бүжсэнээр арга хэмжээг өндөрлүүлсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа оюуны бэрхшээлтэйд тооцогддог дауны хам шинжтэй хүүхдүүд мянгад ганц тохиолддог.
Монголын Дауны холбоонд одоогоор бүртгэлтэй 400 гаруй хүүхэд болон тэдгээрийн гэр бүл бүртгэлтэй байдаг байна. Харин Улсын хэмжээнд хэд байгааг мэдэх боломж байхгүй. Эцэг эхчүүд ичиж санаа зовсондоо хүүхдээ нуух тохиолдол байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Харамсалтай нь дээрх тоо жил ирэх тусам өссөөр байна. Биднээс нэг илүү хромосомтой төрсөн эдгээр хүүхдүүд нь энгийн хүүхэдтэй харьцуулахад удаан өсөж бойжин, сурч хөгждөг ч бусдад баяр хөөр бэлэглэж, гэр бүлдээ онцгой хайр өгдгөөрөө хайр татам байдаг. Тийм ч учраас тэднийг "Нарны хүүхдүүд" хэмээдэг.
Даунтай хүүхдийн онцлогийг ойлгож тэднийг үе тэнгийн нөхдийнхөө дунд чөлөөтэй бие даан явж, сурч хөгжиж амьдрахад бидний оролцоо, хандлага хамгийн чухал билээ.
Г.БАТТҮШИГ