Он дамнан дуулиан тарьж буй Yahoo-гийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакердсан хэргийг ОХУ зохион байгуулсан хэмээн АНУ буруутгажээ.
АНУ-ын Засгийн газар уг цахим халдлагад Дмитрий Докучаев, Игорь Сушчин, Алексей Белан, Карим Баратов нарыг сэжиглэж байгаа ба эдгээрийн хоёр нь ОХУ-ын холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан аж.
Сэжигтнүүдийн нэг Канадад баривчлагдсан ч бусдыг нь ОХУ-аас илрүүлж чадахгүй байгаа талаар албаныхан мэдээллээ. Үүнтэй холбогдуулж ОХУ цахим гэмт хэргийг өөгшүүлж, гэмт хэрэг үйлдэгчдийг хамгаалж байна гэсэн мэдэгдлийг АНУ-ын Засгийн газраас хийжээ. "Нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийсэн. Холбооны аюулаас хамгаалах албаныхан эрх мэдлээ ашиглаж байна" хэмээн АНУ-ын Хууль зүйн яамны харьяа Үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэри Маккорд мэдэгджээ.
Т.МӨНХ