Э.Амартүвшинтэй “Травиата”

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшинтэй “Травиата”

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид өнгөрөгч ням гаригт/2017.03.19/ Ж.Вердийн аялгуугаар хөглөгдсөн ТРАВИАТА дуурийг тайзнаа тоглосон билээ. Бүх бүх цаг үеийн хамгийн гайхамшигт хайрын түүхүүдийн нэг хэмээн үздэг энэхүү дуурийг А.Дюмагийн “Камели цэцэгт хатагтай” драмын жүжгийн зохиолоос сэдэвлэн Ф.Пиявэ дуурийн цомнолыг бичсэн аж.

"ТРАВИАТА" ДУУРИЙН МОНГОЛЫН ТАЙЗНАА ТАВИГДСАНЫ 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Ж.Вердийн аялгуугаар хөглөгдсөн ТРАВИАТА дуурийн анхны тоглолт 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо болжээ. Харин 1977 онд манай тайзнаа анх тавигдсан бөгөөд энэ жил 40 жилийн ой тохиож байна.    

Парис хотынхны дунд хөнгөмсөг амьдрал, зүс царай, ухаанаараа нэрд гарсан Виолетта Валери ужиг өвснөөс ангижирсан баяраа тэмдэглэхээр зочдыг урьдаг. Виолеттагийн сайн танил Гастон, Альфред Жермон найзынхаа хамт орж ирэхэд Гастон өөрийн найз Альфредийг түүнд ухаангүй дурласан болохыг Виолеттад дуулгана. Хажуугийн тасалгаанд хөгжим цуурайтаж эхлэхэд Виолетта зочдоо бүжигт уриад өөрөө үлдэхэд Альфред бүсгүйд ойртон өөрийн хайр дурлалаа илчилдэг. Ийнхүү тухайн үеийн дээдсийн хүрээнийхнийг зугаацуулагч, алдартай эмэгтэй Мари Дуплессисийн амьдралаас сэдэвлэсэн ба ТРАВИАТА дуурийг та дараа дахин үзэх боломжтой юм. Ирэх дөрөвдүгээр сарын 15-д театрт саатаж "Травиата" дуурийг сонсоорой.

ДЭЛХИЙН ДУУЧИН Э.АМАРТҮВШИН “ТРАВИАТА”-Д ДАХИН ТОГЛОВ

Энэ удаагийн тоглолтод Гавьяат жүжигчин, Соёлын элч дуучин Э.Амартүвшин Жермоны дүрийг бүтээсэн юм. Тэрбээр дэлхийн томоохон театрууд болох Германы Кийл хотын театр, Италийн Сан-Карло театрт тоглож байгаа билээ. Э.Амартүвшин Сан-Карло театрын тайзнаа нийт найман удаагийн Риголлетто-н дүрийг бүтээгээд байна. Тэрбээр дахин гурван удаа тоглох юм.

Тоглолтын дараа Гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй цөөн хором ярилцлаа.

– Олон аялан тоглолтын хажуугаар Театрын тайзнаа дахин дууллаа. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?

-. Би түр хугацаагаар Театртаа ажиллахгүй байгаа. Гэхдээ Монголдоо ирэх хугацаандаа "Травиата" дуурьт дууллаа. Театрын тайзнаа энэ дуурьт гурав дахь удаагаа дуулж байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Хамтран тоглосон нийт дуучид болон уран бүтээлч нартаа талархлаа. Үзэгчдээ хараад сэтгэл их хөдөллөө. Тэдний халуун, дулаанаар талархаж байгааг харах сайхан байна.

-Энэ жил Монголын тайзнаа "Травиата" дуурь тавигдсаны 40 жилийн ой болно. Таны хувьд дахин дуулах уу?

-Театрын тайзнаа тоглогдож буй олон уран бүтээлийн түүхт ой энэ жил тохиож байгаа. Үүний нэг нь дэлхийн сонгодог дууриудын нэг "Травиата" дуурийн 40 жилийн ой тохиож байна. Би дахиж дуулна. Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Театрын тайзнаа дахин уулзацгаая.

-Европын театруудад дуулж байгаа таны хувьд хэзээ Монголын үзэгчдэдээ тайлангаа тавих вэ?

-Мэдээж дэлхийн томоохон театруудын нэг болсон Европын тайзнаа дуулахад сайхан байна. Өндөр түвшинд байдаг Европын тайзнаа дуулж байгаагийн хувьд ард түмэндээ юу сурч, мэдсэнээ тайлагнах болно. Энэ сарын сүүлээр дахин Европыг зорино. Гэхдээ бид ирэх сард Театрын тайзнаа дахин уулзах болно. Та бүхнийг "Травиата" дуурийн 40 жилийн ойн нэгэн үдэш хамтдаа байхыг хүсэж байна.

Ж.Вердийн аялгуугаар хөглөгдсөн ТРАВИАТА дуурийн гол дүрд тоглосон уран бүтээлчид. 2017.03.19

Ж.ВЕРДИЙН ТРАВИАТА ДУУРЬ /2017.03.19/

ГОЛ ДҮР:

  • Виолеттад Б.Эрдэнэтуяа /СТА/
  • Флора – Р.Доржхорол /СТА/
  • Аннина – – Б.Энхнаран
  • Альфред – Г.Шижирболд /СТА/
  • Жермон – Э.Амартүвшин /МУГЖ/
  • Гастон – М.Даваадорж
  • Барон – Ч.Энхтайван /СТА/
  • Маркиз – Б.Алтанхуяг /СТА/
  • Доктор – Э.Амарсайн
  • Жозеф – Б.Гомбо-Очир /СТА/
  • Мэдээ хүргэгч – Э.Отгонбат

Симфони найрал хөгжим, найрал дуучид, балетын жүжигчид оролцсон юм. Энэхүү дуурийг дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дахин тоглоно.

Э.Амартүвшин Италийн Сан-Карло театрын тайзнаа Риголлетто-н дүрд тоглож байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж