Нийгмийн сүлжээний донтолт нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Нийгмийн сүлжээний донтолт нэмэгдэж байна

-Хувийн сургуулийн хүүхдүүд 100 хувь ухаалаг утас ашиглаж байна-

Өсвөр насны хүүхдүүд бусад үеийнхнээс илүүтэй ухаалаг утас болон компьютерийн тоглоомд донтдог. Судалгаагаар хүүхдүүд томчуудаас 2,9 дахин илүү донтдог нь тогтоогджээ. Энэ чиглэлээр судалгаа хийсэн Сөүлийн Үндэсний их сургуулийн магистр М.Отгонбаяртай ярилцсанаа хүргэж байна.

Та Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн дунд ухаалаг утасны донтолтын талаарх судалгааг хийсэн байна. Энэ сэдвийг яагаад сонгох болов?

Өнөөгийн нийгмийг ухаалаг утас, компьютер, интернетгүйгээр төсөөлөх боломжгүй. Ухаалаг төхөөрөмж нь гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдох, боловсрол мэдлэг олж авах, хэрэглээг хөнгөвчлөх үүрэгтэй ч үүнтэй зэрэгцээд дэлгэцийн дон гэдэг бараан сүүдэр бидний амьдралд гарч ирээд байна. Сөүлийн Үндэсний Их Сургуулийг Мэдээллийн Технологийн Бодлого Тодорхойлогч мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалахдаа Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн дунд ухаалаг утасны донтолтын судалгааг хийсэн. Өмнө нь ийм судалгаа манай улсад хийгдээгүй. Өсвөр насны хүүхдүүд бусад үеийнхнээс 2,9 дахин илүү донтдог учраас энэхүү сэдвийг сонгож авсан.

-Ухаалаг утасны донтолт гэж яг юуг хэлэх вэ?

-1992 онд АНУ-ын эрдэмтэн, сэтгэл судлаач Кимбэрли Ёонг интернет донтолт гэдэг нэр томъёог анх гаргаж ирсэн. Интернет донтолтыг энгийнээр хэлбэл интернет эсвэл дэлгэцийг хэрэглэх ёстой хэмжээнээсээ илүү ихээр буюу хэтрүүлэн хэрэглэх сэтгэл зүйн өвчин юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө хянах чадваргүйгээр интернет болон дэлгэцийг удаан хугацаагаар хэрэглэж түүнээсээ хамааралтай болох юм. Интернет донтолт нь дотроо текстийн донтолт (twitter эсвэл  хүмүүсийн сэтгэгдэл унших), ухаалаг утасны донтолт, медиа донтолт (зурагт болон видео үзэх), видео тоглоомын донтолт (PC буюу онлайн тоглоом), онлайн мөрийтэй тоглоомоос хамаарна. Мөн онлайн сексийн донтолт сүүлийн жилүүдэд хамгийн түгээмэл гарч ирж буй нийгмийн сүлжээний донтолт зэрэг хэд хэдэн бүлэгт хуваагддаг.

– Хүүхэд болон насанд хүрсэн хүн ухаалаг утсанд донтсон гэдгээ яаж мэдэх вэ?

Донтолт бол сэтгэхүйн өвчин учраас хэн ч хараад шууд мэдэх боломжгүй. Хувь хүн санал асуултад хариулснаар өөрийгөө тодорхойлох боломжтой байдаг. Судалгааны явцад олон улсад өсвөр насны хүүхдүүдийн дунд ашигладаг нийтлэг асуултуудыг хэрэглэсэн байгаа. Эндээс тухайн хүүхэд ухаалаг утсанд хэрхэн донтсоныг харж болно.

-Та өөрийн судалгааны үр дүнгээс бидэнд танилцуулна уу?

Улаанбаатар хотын 21 сургуулийн 400 гаруй 13-17 насныханд ухаалаг утасны донтолтын талаарх судалгааг хийсэн. Нийт хүүхдүүдийн есөн хувь нь ямар нэг гар утас хэрэглэдэггүй, таван хувь товчлууртай энгийн утас хэрэглэдэг бол 86 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Мөн хувийн сургуулийн хүүхдүүд 100 хувь ухаалаг утас ашиглаж байсан судалгаа гарсан. Судалгаанд оролцсон хүүхдүүд 52 хувь нь охид, 48 хувь нь хөвгүүд байсан бөгөөд судлаач хүүхэд бүрээс асуултыг биечлэн уулзаж авсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 88 хувь нь улсын сургуульд суралцдаг бол 12 хувь нь хувийн хэвшлийнх, хоёр хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байсан. Өсвөр насныхан өдөрт дунджаар 3 цаг 40 минутыг, харин донтсон хүүхдүүд 4 цаг 43 минутыг ухаалаг утсандаа зарцуулж байна. Үүнээс харахад донтсон хүүхдүүд өдөрт ойролцоогоор 5 цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байна гэж ойлгож болно. Судалгааны эцсийн үр дүнд нийт хүүхдүүдийн 20 хувь нь ухаалаг утасны донтолттой гэсэн үр дүн гарсан. 20 хувь гэдэг бол орчин үеийн хүүхэд залуучуудын хувьд тулгамдаж байгаа асуудал болж байгаа юм. Хэрвээ би Улаанбаатарт хийсэн судалгаанд хөдөө орон нутгийн хүүхдүүдийг хамруулсан бол тоо харьцангуй бага гарах байсан.

– Энэ судалгааг гадны орнууд хэрхэн хийдэг вэ?

-Өмнөд Солонгосын Харилцаа Холбоо зохицуулах Хорооны ажилтан, оюутан залуучуудын 18 хувь буюу ойролцоогоор таван оюутны нэг нь дэлгэцэнд донтсон гэсэн мэдэгдэл хийж байсан.

-Таны Улаанбаатарт хийсэн судалгаагаар өсвөр насны 20 ухаалаг утасны донтолттой байжээ. Цаашид энэ тоог багасгахын тулд ямар арга хэмжээг авбал зохих вэ?

Цаашид судалгааны үр дүнд суурилсан бодлого тодорхойлж авах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Видео тоглоомын донтолт болон ухаалаг утасны донтолтын судалгааг Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн газар, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон бусад холбогдох байгууллагууд хамтарч жил болгон зохион байгуулж донтолтын хувийг тайлагнах зайлшгүй шаардлагатай. Үүний дараа төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж зөв зохистой хэрэглээг бий болгохоор ажиллах ёстой. Харин манай Мобайл оператор компаниуд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүдэд зориулсан ухаалаг зохистой хэрэглээний талаар гарын авлага, аппликэйншуудыг зохион бүтээх хэрэгтэй байгаа юм.

Өсвөр үеийн хүүхдүүд болон эцэг эхчүүдэд таны хувьд юу гэж зөвлөх вэ?

Донтолтоос сэргийлэх арга хэмжээг хэдхэн өгүүлбэрээр илэрхийлэх боломжгүй. Миний хувьд ухаалаг утас болон видео тоглоомд донтсон хүүхдүүдэд зориулсан судалгааг хийж, тодорхой хэмжээний туршлага хуримтлууллаа. Мөн олон улсын туршлагыг судалсан.  Энэ хүрээнд “Ухаалаг зохистой хэрэглээ” гэдэг ном бичээд удахгүй уншигчдын хүртээл болгохоор бэлтгэж байна. Өсвөр насныхан өнөөдөр зөв зохистой хэрэглээг эзэмших нь чухал болсон үед энэ судалгааг цаашид ч үргэлжлүүлэн хийх болно.

-Таны “Ухаалаг зохистой хэрэглээ” ном өсвөр насныханд чухал мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Харин зөв зохистой хэрэглээ гэдгийг тайлбарлавал хүмүүст хэрэгтэй байх аа?

Зохистой хэрэглээ гэдэг нь хамгийн эхлээд өдөрт хэдэн цаг хэрэглэх, юу хэрэглэх, хаана хэрэглэх, ямар давтамжаар хэрэглэх, онлайн дарамтаас яаж сэргийлэх, бусдад дарамт учруулахгүй байх, ямар төрлийн хүмүүсийг найзаар сонгох, ямар пост оруулах гээд нэлээд олон зүйлүүдийг хэлнэ. Мөн донтолтоос сэргийлэх бидний сайн мэдэхгүй энгийн аргууд ч байдаг. Донтолтоос сэргийлэх аргуудыг хүүхэд бүр эзэмших хэрэгтэй. “Аз жаргалын боловсрол” төрийн бус байгууллагатай хамтарч донтолтоос сэргийлэх аргуудыг хүүхдүүдэд заах сургалтуудыг зохион байгуулж  байна. Мөн энэ дашрамд “Ухаалаг зохистой хэрэглээ” номыг нийгэмд түгээхэд туслах бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллахыг хүсч байгаагаа энэ дашрамд хэлмээр байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж