Алдаатай орчуулга буюу албаны үг

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Алдаатай орчуулга буюу албаны үг

“1200 хүн ажлын байртай боллоо” гэнэ ээ. Ашгүй дээ, хэдэн хүн ажилтай болсон нь сайн хэрэг. Гэхдээ “рабочее место” гэдэг орос үгийг шууд орчуулаад орос үгтэй, монгол өгүүлбэрээр ярьсан нь муу хэрэг.

Албаныхны ярьдаг өөр олон сонин үгийг өөрийн болгомоор байна аа.

Жишээлбэл, “Амжилтанд тань хамт олонд чинь их ач холбогдол өгч байна (иметь важное значение)”-ыг “Таны амжилтаар хамт олон тань бахархаж байна”, “Дарга энэ асуудалд их ач холбогдол өгч байгаа (придавать огромное значение)”-г “Дарга энэ асуудлыг их чухалчилж байгаа”, “Танд нэг асуулт тавья (поставить вопрос)”-ыг “Танаас нэг юм асууя”, “Бид таван зуун хүүхдийг хөтөлбөрт хамруулах зорилт өмнөө тавиад байна (ставить перед собой цель, задачу)”-ыг “Бид хөтөлбөрт таван зуун хүүхдийг хамруулах зорилттой байгаа” гэмээр байна.

Орос хэл хоёрдогч хэл байсан соц-ын үеэс иймэрхүү алдаатай орчуулгыг бид албаны үг гэж андуурч эхэлсэн.

Эв хамтын нийгэмтэй хамт орос хэл моодноос гарсан ч ардчилсан нийгэмтэй хамт англи хэлний халуун дуудлага (hot line)зэрэг андуурсан орчуулгатай, монгол үгтэй, англи өгүүлбэрүүд бас үрээ цацаж, ургаж төлжөөд байна. Уг нь яаралтай (онцгой) дуудлага гэж хэзээ ч хэнийг ч дуурайлгүй өөрийнхөөрөө хэлмээр байна…

“Егөөтэй 99 тайлбар” номын “Алдаатай орчуулгыг албаны үг болгож андуурсан нь” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж