Дүрвэгсдийн усан онгоцноос 25 цогцос олджээ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Дүрвэгсдийн усан онгоцноос 25 цогцос олджээ

Италийн эргийн хамгаалалтын ажилчид орон нутгийн цагаар даваа гаригийн шөнө 01.20 цагт Ливийн дүрвэгсдийг тээвэрлэж явсан усан онгоцон дээрээс 25 цогцос олжээ. 15 метр урттай усан онгоц Италийн Лампедуса арлын өмнөд хэсэгт газардсан бөгөөд завин дээрээс үлдсэн 271 хүнийг эсэн мэнд буулгаж авсан ба 25 цогцсыг усан онгоцны хөдөлгүүрийн өрөөнд бүтэж үхсэн байдалтай байхад нь олсон байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш уг арал дээр Хойд Африкаас дүрвэгсэд олноороо ирж байгаа аж.

Италийн хэвлэл, мэдээллээр мэдээлж буйгаар амиа алдсан хүмүүс хөдөлгүүрийн өрөөнөөс гарахыг оролдсон боловч, амьсгалах аргагүй халуун ууртай өрөөнд хэт шахцалдсанаас болж бүтсэн байх магадлалтай гэжээ.

Одоогийн байдлаар цогцоснуудыг хүүр хадгалах төвүүд рүү хүргэж, задлан шинжилгээ хийж эхлээд байгаа ба цагдаа нар амьд үлдсэн дүрвэгсдийг байцааж байна. BBC-гийн сурвалжлагчийн мэдээлснээр нас барагсдын ихэнх нь Сомали, Нигер, Ганын иргэд байж болзошгүй байна.

Лампедуса арал нь Хойд Африкчуудын хувьд Европын холбоонд нэвтрэх гол гарц болоод байгаа ба иргэний дайн нүүрлээд байгаа Ливи улсаас хэдэн арван мянган иргэн уг аралд дүрвэн иржээ. НҮБ-ын тогтоосноор арван дүрвэгсэд тутмын нэг нь замдаа цангаж өлсөх, завинаасаа унах гэх зэргээр энддэг байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж