Лукашенкогийн дарангуйлалд төгсгөл ирэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Лукашенкогийн дарангуйлалд төгсгөл ирэх үү?

Беларусийн анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч А.Г.Лукашенко

Беларусийн ард түмэн гуравдугаар сарын 25-нд улс орон даяар бүх нийтийн жагсаал зохион байгуулахаар болжээ.

Тэд Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн баталсан хуулийг эсэргүүцэж байгаа юм. 2015 оны дөрөвдүгээр сард Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зургаа болон түүнээс дээш сар ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээс татвар авах хуулийг баталсан билээ.

Уг хуулиар ажилгүй иргэд ойролцоогоор 250 ам.долларын татвар төлөх бөгөөд Беларусийн ажилгүй иргэд, гадаадын иргэд болон иргэний харьяалалгүй зэрэг 470 гаруй мянган иргэд хамрагдах юм. Хэрвээ татвар төлөхөөс зайлсхийвэл торгууль ногдуулах эсвэл 15 хоногийн хорих ял оноох учиртай. Харин татвар идэвхитэй төлсөн иргэдэд 10 хувийн урамшуулах олгохоор хуульчилжээ.

Оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, насанд хүрээгүй хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эх,  55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэй хүмүүс дээрх хуулийн заалтад хамрагдахгүй үлдэнэ.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн шийдвэр ард түмний дургүйцлийг хургэв.

Уг хууль анх батлагдахад Беларусийн ард түмэн ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хүлээж авсан юм. Харин Ерөнхийлөгч Александр Лукашенко 2017 оны эхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь олон нийтийн дургүйцлийг дагуулсан.

Ерөнхийлөгч Александр Лукашенко тамирчин, цэргийн алба хаасан иргэн, өвчтэй хамаатан саднаа удаан хугацаагаар асарч буй иргэнээс татвар авахгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ нь цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй ажилгүй эцэг, эхчүүдийн дүргүйцлийг хүргэжээ. Учир нь тэд санаатайгаар ажил хөдөмлөр эрхэлдэггүй хүмүүсийн тоонд орсон гэж үзжээ. Мөн зохиолч, яруу найрагч, сэтгүүлч зэрэг төр засаг, түүний бодлогыг шүүмжлэгчдийг ажилгүйчүүдэд тооцжээ. Эдгээр хүмүүс чөлөөт уран бүтээлч гэж нэрлэгдэж байгаа ч төр засгийн шийдвэрийн дагуу уран бүтээлийн ямар нэгэн нэгдэлд хамрагдахгүй байгаа нь ажилгүй гэж тооцох үндэслэл болсон гэж үзсэн байв. Үүний хажуугаар Лукашенко төрийн албан хаагчдыг ах дүү, хамаатан садан, найз нөхөд зэрэг өөрт хамаатай хүмүүсээ ажилд авахыг зөвшөөрчээ.

Беларусийн ард түмэн сар гаруйн хугацаанд ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна.

Үүнээс болж Беларусийн ард түмэн 2017 оны хоёрдугаар сарын 19-нөөс эхлэн өнөөдрийг хүртэл сар гаруйн хугацаанд Ерөнхийлөгч Лукашенкогийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, олон нийтийн жагсаалаа үргэлжлүүлсээр байна. Жагсаалд ойролцоогоор 5000 иргэн өнгөрсөн хугацаанд хамрагджээ.

Хэдийгээр жагсаал, эсэргүүцлийн үр дүнд Лукашенко дээрхи хуулиа буцаан татаж, өөрчлөлт оруулах тухай мэдэгдсэн ч  Беларусийн ард түмний бухимдал намжихгүй байгаа бөгөөд энэ сарын 25-нд улам хүрээгээ өргөтгөж, улс орон даяар иргэдийг хамарсан томоохон жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байна.

Тэд хуулийг бүр мөсөн хүчингүй болгох шаардлага тавьж байгаа бөгөөд Беларусийн 470 гаруй мянган иргэд санаатай ажил эрхлэхгүй байгаа бус ажил олдохгүй байгаа гэдгийг төр засагтаа ойлгуулахыг эрмэлзэж байгаа хэмээж байна.

Беларусьт ажилгүй иргэд 250 ам.долларын татвар төлнө.

Беларусийн Засгийн газар ажилгүй иргэддээ сард 13 ам.доллар өгдөг. Харин тус улсын амьдралын доод өртөг 80 ам.доллар байдаг. Харин хэрхэн 250 ам.доллар төлөх вэ гэдэг нь ажилгүйд  тооцогдож буй иргэдэд хүнд тусч байгааг жагсаал зохион байгуулагчид учирлажээ.

Үнэндээ, Беларусийн төрийн өмчит байгууллагууд ажилчдаа цомхотгож, ажилтай үлдсэн нь гэрээт ажилчин болсон, ДНБ нь гурав дахин унасан, гадаадын хөрөнгө оруулалт буурсан, Орос болон Беларусийн хоорондох худалдааны эргэлт 5.2 хувиар буурсан, гадаад өр нь 13.5 тэрбум ам.долларт хүрсэн гээд Беларусийн эдийн засаг хямралаасаа гарч чадахгүй хоёр дахь жилтэйгээ золгож байна.

Минск эдийн засгийн хямралаа ОХУ-ын зээл болон Өрнөдийнхний тусламжтайгаар шийдээд сурчихсан, гэхдээ өнөөдөр дээрхи арга хэрэгжихгүй байгаа гэхэд болно. Олон Улсын Валютын сан гурван тэрбум ам.долларыг 2.28 хувийн хүүтэй 10 жилийн хугацаатай өгөхөд бэлэн гэдгээ тус улсад мэдэгдээд буй. ОУВС Беларусьт цалин нэмэхээс татгалзах, орон сууц дахь хэрэглээний төлбөрийг нэмэх, төрийн өмчийг хувьчлах зэрэг шаардлага тавьжээ. ОХУ-тай тохиролцоо хийх боломжгүй байгаа Беларусь төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ийнхүү ажилгүй иргэдээс татвар авах шийдвэр гаргасан нь өнөөдөр ард түмнийг сэтгэлзүйн хувьд бүрэн шоконд оруулаад байна.

Харин гуравдугаар сарын 25-нд ерөнхийлөгч Лукашенко ард түмнийхээ эсрэг хатуу арга хэмжээ авах уу, эсвэл тэдэнд бууж өгөх үү гэсэн асуултын хариу гарна. Лукашенко 2010 оны сонгуулийн үеэр гарсан эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг хорьж байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Европын Холбоо Беларусьт хориг тавьсан нь өнгөрсөн онд цуцлагдсан юм.

АЛЕКСАНДР ГРИГОРЬЕВИЧ ЛУКАШЕНКО ГЭЖ ХЭН ВЭ?

Александр Лукашенко бол Беларусийн анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч. Тэрбээр Беларусийг 20 жил удирдаж байна. Александр Лукашенко хэзээ ерөнхийлөгчийн суудлаа тавьж өгөхийг хэн ч мэдэхгүй. Харин 2008 онд Лукашенко төрийн чухал дээд хэмжээний уулзалтуудад өөрийн бага хүү Николайг олон нийтэд танилцуулснаар Беларусийн ард түмэн улсын дараагийн удирдагч хэн байх вэ гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн юм.

Баруун гар талаас А.Г.Лукашенкогийн 12 настай бага хүү Николай Лукашенко

Лукашенко 2012 онд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавестай уулзах үеэрээ хүү Николайг түүнтэй танилцуулж, хоёр улс урт хугацаанд хамтран ажиллах учиртайг онцолж байсан билээ.

Беларусийн хамгийн нөлөө бүхий топ 100 хүний жагсаалтад Александр Лукашенкогийн бага хүү Николай 43-р байрт бичигдсэн бол түүний том хүү  Виктор Лукашенко /Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх/ хоёрт, удаах хүү Дмитрий Лукошенко /Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын клубын дарга/ 26 дугаарт жагссан байдаг.

БЭЛТГЭСЭН: Э.УРАНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж