Г.Дэнзэн нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Г.Дэнзэн нарыг шүүх хурал дахин хойшиллоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2017.03.20/ 10:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, дахин хойшиллоо.

Шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргаж, шүүх бүрэлдэхүүн энэ саналыг нь хүлээн авчээ. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан байна.

Ингэснээр Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж, гуравдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гаригт болохоор товлогдлоо.

Сануулахад, Г.Дэнзэн нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудлаар шалгаж байгаа юм. Ингээд Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж