Пак Гын Хэ прокурорт мэдүүлэг өгч байна

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ прокурорт мэдүүлэг өгч байна

Албан тушаалаасаа огцорсон БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ прокурорын зарлан дуудасны дагуу өнөөдөр /2017.03.21/ өглөө 09.30 цагт прокурорт мэдүүлэг өгсөн байна.  Түүнийг авлигын 13 төрлийн хэрэгт буруутгаж байгаа юм.

Пак Гын Хэ прокурорт мэдүүлэг өгөхийнхөө өмнө чухал мэдээлэл хийнэ хэмээн өмгөөлөгч нь өчигдөр сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. “Би ард түмнээсээ уучлал гуйж байна. Би прокурорын байгууллагатай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдлээ гэж Korea Times мэдээллээ. Сэтгүүлчдийн асуултуудад Пак хариулалгүй Прокурорын байр руу оржээ.

Пакын өмгөөлөгчид мэдүүлэг өгөхөд хамт байгаа бөгөөд мэдүүлэг шөнө дөл болтол сунжирч магадгүй ажээ. Прокурорууд шийдвэрээ өнөөдөр орой, эсвэл маргааш өглөө гаргаж магадгүй хэмээн Korea Times бичжээ.

Авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 13 хэрэгт Пак буруутгагдаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм. Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил Самсунг компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. Самсунг компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юун корпорацидаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж