-Харин “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд зүүн болон төвийн бүс нутагт
алтны хүдэржилтийн төлөвийг гаргаж, сонгон шалгаруулалтаар
хайгуулын зөвшөөрөл олгохоор төлөвлөжээ-
"Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалтыг энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Очирбат болон албаны бусад хүмүүс оролцож, ес дэх удаагаа болох геологи, хайгуулын хурлын талаар мэдээлэв.
“Монголын геологи, хайгуул 2017” чуулга уулзалт нь геологи, хайгуулын салбарынхны хувьд хийсэн бүтээснээ дүгнэж, хийх ажлаа тодорхойлох боломж гэж зохион байгуулагчид харж байна.
Өнгөрсөн 2016 онд улсын хэмжээнд нийт 9,3 тэрбум төгрөгийн сэдэвчилсэн болон региональ судалгааг хийсэн байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оноос сэргээсэн бөгөөд энэ онд нийт 15 сая га-д хайгуул хийх тусгай зөвшөөрөл нэмж олгохоор төлөвлөөд байгаа ажээ. Харин өргөдлийн дагуу олгох тусгай зөвшөөрлийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж шийдэх гэнэ.
Уул уурхайн салбарт, тэр дундаа геологи, хайгуулынханд хийх ажил мундахгүй гэдгийг албаныхан онцоллоо. Тухайлбал, Улаанбаатар хотын геоэкологийн судалгааг хийхээр төлөвлөжээ. 1997, 2009 онуудад Улаанбаатар хотод геоэкологийн судалгааг хийж байсан ч энэ удаагийн судалгаагаар гэр хорооллын хөрсний бохирдлыг нарийвчлан судалж, гүний тогтцын байдлыг шинжих юм байна.
Гэр хорооллын хөрсөнд ихээр хуримтлагдсан хүнд металлын бохирдлыг тогтоож, агаар, ургамлын бүрхэвч, цас зэрэг бүтцээс дээж авч шинжлэх гэнэ. Мөн гүний тогтцыг шинжилснээр газар хөдлөлтийн шалтаг шалтгаан хийгээд цаашдын байдлыг тогтоохоор төлөвлөжээ. Судалгаа гурван жил үргэлжилнэ.
Харин “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд зүүн болон төвийн бүс нутагт алтны хүдэржилтийн төлөвийг гаргаж, сонгон шалгаруулалтаар хайгуулын зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уул уурхайн салбарт 600 гаруй зөвлөх инженер ажилладгаас 150 нь геологийн инженерүүд ажээ.
"Монголын геологи, хайгуул-2017" чуулга уулзалтын хүрээнд ашигт малтмалын ордын хайгуул, уул уурхайн ашиглалтын төслүүдийн танилцуулахын сацуу хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт хийж, байгууллагуудын танилцуулга, үзэсгэлэнг гаргах юм байна. Мөн үеэр зураглалын шилдэг баг, хайгуулын шилдэг баг шалгаруулж, эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол орны байгаль – Хайгуулчдын дуранд” гэрэл зургийн үзэсгэлэн, “Эрдэс чулуулгийн цуглуулга, дээжис” үзэсгэлэн дэлгэн үзүүлэхээр болжээ.
Д.ЦЭЭНЭ