АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны тэргүүн Жеймс Коми /зүүн гар талаас/, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн, адмирал Майк Рожерс нар Конгрессийн гишүүдийн асуултад хариуллаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сард болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлсөн байх эсэх талаар хийсэн шалгалтын талаар нээллтэй сонсголыг Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын хороо өчигдөр /2017.03.20/ хийлээ.
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /ХМТ/-ны тэргүүн Жеймс Коми /зүүн гар талаас/, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн, адмирал Майк Рожерс нар шалгалтын талаар танилцуулсан байна.
Конгрессийн гишүүдийг хамгийн их сонирхсон асуулт нь санал ойрхон байсан гол мужууд болох Мичиган, Пенсильвани, Флорида, Огайогийн сонгуулийн дүнд оросууд шууд нөлөөлсөн гэх баримт байгаа эсэх байжээ. “Шууд нотлох баримт байхгүй” хэмээн Майк Рожерс, Жеймс Коми нар хариулсан байна.
Гэсэн ч оросууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн гэх нууц албаны мэдээлэл үнэн бодитой, эдгээр баримт үнэн гэдэг итгэл үнэмшил нь баттай хэмээн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн мэдэгдсэн байна. Гэхдээ өөрийн итгэл үнэмшлээ тайлбарлаж чадахгүй, учир нь энэ бол нууц тайлангийн материал гэж тайлбарлажээ.
Энэ нууц тайланг Тагнуулын төв газар бэлтгэсэн бөгөөд тайлангийн зарим хэсгийг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр олон нийтэд ил болгосон. Ил болгосон энэ хэсэгт оросууд шууд нөлөөлсөн гэх баримт байгаагүй юм.
Оросууд нөлөөлсөн гэдгийг няцааж байсан Ерөнхийлөгч Дональд Трамп нууц тайлантай бүрэн танилцсаныхаа дараа байр сууриа өөрчилсөн хэмээн BBC мэдээлж байна. Ерөнхийлөгч Трамп энэ тайлантай тангаргаа өргөхөөс өмнө танилцжээ. Эх сурвалжаа хамгаалах үүднээс тайланг бүрэн нийтлэхийг нууц албаныхан татгалзсан юм.
Харин оросууд энэ тайланг “анхаарал татахаар зүйл биш” хэмээн үзсэн. АНУ-ын сонгуульд нөлөөлсөн гэсэн буруутгалыг оросууд хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа бөгөөд энэ бол “шулмасын ан” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Нээлттэй сонсголын үеэр хакерийн халдлагын талаар бас хөндөгдсөн байна. Тухайлбал, Ардчилсан намын серверийг оросууд эвдэн нэвтэрсэн тухай. Хакерийн халдлагын дараа Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон болон намын удирдлагуудын хоорондох яриа, цахим шуудангийн талаарх мэдээлэл хүчээ авчээ. “Оросууд энэ хэргийг дэндүү шуугиулсан. Магадгүй энэ тухай бид мэдэх эсэх нь оросуудад нэг их хамаатай байгаагүй. Учир нь, халдлагын зорилго нь зүгээр л америкчуудын тэвчээрийг алдуулах байсан байх. Зорилго нь биелсэн гэж тэд үзэж байгаа. Үнэхээр америкчуудыг хагаралдуулж, эргэлзээнд оруулж чадсан” хэмээн Жеймс Коми сонсголын үеэр дүгнэжээ.
Конгрессмэнүүдийн өөр нэг сонирхсон асуулт нь өмнөх Ерөнхийлөгч Барак Обама өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн штабт чагнах төхөөрөмж суурилуулсан эсэх тухай байлаа.
Үүнийг нотлох баримт олдоогүй хэмээн Жеймс Коми хариулжээ. Түүний мэдэгдсэнээр чагнах төхөөрөмж суурилуулах эрхийг зөвхөн шүүх өгдөг, харин Ерөнхийлөгчид ийм эрх мэдэл байхгүй гэдгийг тэр бас хэлжээ. Мөн Их Британийн нууц алба Трампын штабын үйл ажиллагааг бас нууцаар чагнасан гэсэн мэдээлэл бас батлаглаагүйг Жеймс Коми бас мэдээлжээ. “Энэ нь англи хэлтэй улс орнуудын хооронд байгуулсан тагнуулын мэдээ солилцох “Таван нүд” гэрээг зөрчсөн хэрэг болно” гэж Коми хэлжээ.
Жеймс Коми, Майк Рожерс нар зарим асуултад хариулаагүй байна. Тухайлбал, жирийн иргэдийг тагнаж чагнаж байгаа эсэх, Трампын зөвлөхүүд Оросын тагнуулууд, сэтгүүлчидтэй холбоотой эсэх, мөн албан тушаалаасаа огцорсон зөвлөх Майкл Флинн оросуудтай холбоото эсэх зэрэг асуултад хариулсангүй. Гэхдээ Трампын сонгуулийн штаб оросуудтай холбоотой эсэхийг Холбооны мөрдөх товчоо шалгаж байгаа гэдгийг Жеймс Коми нотолжээ.
А.ТУЛГА