Цоо шинэ мэдрэмж буюу Ж.Анунарангийн ”Өрнөлт”

Хуучирсан мэдээ: 2017.03.21-нд нийтлэгдсэн

Цоо шинэ мэдрэмж буюу Ж.Анунарангийн ”Өрнөлт”

Зураач Ж.Анунарангийн "Өрнөлт" үзэсгэлэн дээр

-Ану, энэ зургууд дээрх "гол баатар" хэн юм бэ? Чи өөрөө мөн байна, тийм үү? 

-Тийм ээ, би баннанд хэвтэж байгаад Дэрэмээ /нөхрийгөө хэлж байна/ зургуудыг авсан. Зарим зургуудад миний хүү бас байгаа.

-Үнэндээ уулга алдмаар онцгой сонин ажлууд! Энэ ямар арга ажиллагаа юм бэ? Юу гэж нэрлэдийн бол? Иймэрхүү ажиллагаа, техниктэй бүтээлүүд бий юу?

-Сайн мэдэхгүй юм. Фотог буулгасан негатив бүтээлүүд бол мэдээж байдаг. Гэхдээ яг минийхтэй ижил төстэй утга агуулгатай бол байхгүй байх. Фотогоо авчихаад түүнийгээ негатив өнгө болгоод муутуун дээр хэвлэсэн. Ингээд хэвлэсэн фотон дээрээ зурж, чимэглэж ажилласан.

-Энэ үзэсгэлэн чамайг хэр их зовоож бүтэв?

-Уран бүтээлчийн бүтээл гаргах гэсэн шаналлыг чи мэднэ дээ. Их шаналсан. Их ч бодсон. Арга ажиллагаагаа яг бодож олох гэж их юм болсон. Яг бодсон юм бодит байдал дээр гоё болж өгөхгүй энэтэр юмнууд байдаг даа, тээ. Түүнээс үзэсгэлэнгийнхээ ерөнхий утга санааг бол 2015 онд л гаргачихсан байсан юм. Тэгээд бодож, шаналж явсаар өдий хүрсэн. Сэтгэлд маш их юм байсан. Ингээд сая сүүлийн нэг сарын дотор л яг зургууд дээрээ ажиллалаа. Гэхдээ амжих эсэхдээ ч эргэлзэж байсан.

-Одоо харин хийж чадсан юм чинь сэтгэл хангалуун байна уу?

-Үгүй ээ, сэтгэл доторхи тэр шаналал алга болж, хоосроогүй. Дахиад л шаналаад, дутуу юм шиг оргиод.

-Угаасаа чиний эрэл хайгуул зогсохгүй байх аа. Би сая чиний үзэсгэлэнд, эдгээр бүтээлүүдэд зориулан зохиосон 17 минутын хөгжмийг бүтэн сонсонгоо бүх зургуудыг сайтар тогтож сонирхлоо. Би бүр бясалгалын шинж чанарт шилжсэн мэт сэтгэгдэл төрлөө, энэ хугацаанд. Маш гүнзгий сэтгэгдэл. Өөрт заяагдсан карма, хувь тавиланг яг байгаа чигээр нь хүлээж авахыг надад мэдрүүллээ. Харин чи өөрөө яг юу бодож хийсэн бэ? 

       ӨРНӨЛТ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХӨГЖИМ: Хөгжмийг уран бүтээлч Г.Онон хийсэн. Түүний хөгжмүүд тайвшрах мэт агаартай. Энэ хөгжим үзэсгэлэнгийн гол өнгө хөхөлбөр, маргад ногоон өнгийг санагдуулам орон зайтай агаад огторгуйлаг. Хоёр өнгийн дуугаралтаар эхлэн цааш давтамжит байдлыг хадгалан өрнөсөөр дээд цэгтээ очин аажмаар намжих авч энэ үйл явц үл дуусах, дахин үргэлжилнэ.

-Нялх хүүхэд дөнгөж эхээс төрөхдөө тэгш хэмжээст төгс төгөлдөрт хамгийн илүү ойр байдаг. Тэгээд амьдралын явцад, амьдрах явцад хүнд олон өөрчлөлтүүд бий болдог. Хүнд төрмөл заяасан дардсаас гадна амьдралын явцад Үрчлээс, мэнгэ, толбо, сорви, зураас зэрэг олдмол дардсууд үүсч байдаг. Ингэж хүн өөрөө өөрийгөө бүтээж, өөрөө өөрийгөө зурж байдаг. Дахин давтагдашгүйгээр. Энэ нь тэгш бус хэмжээст байдлыг ч үүсгэж болно. Гэхдээ тэгш бус байлаа гээд энэ нь буруу, муухай гэсэн үг биш. Харин дахин давтагдашгүй цор ганц л гэсэн үг. Тэр хүний амьдарсан амьдрал, тэр үйлийн үр өөр хэнд ч байхгүй. Тэр утгаараа энэ бол төгс төгөлдөр. Өөрөө өөрийгөө байгаагаар нь хүлээж авч, хайрлахыг бусдад уран бүтээлээрээ мессэж өгөхийг хүссэн. Хүмүүс үргэлж төгс төгөлдөр рүү зөнгөөрөө тэмүүлж байдаг. Жишээлбэл, Үрчлээтэй болчлоо гээд үрчлээгээ арилгуулна, арьсаа татуулна гэж байгаа нь амьдралын туршид бүтээсэн өөрийгөө баллуурдаж байгаа мэт санагддаг. Өөрийнхөө бүтээсэн хувь тавиланг үгүйсгэж байгаа юм шиг.

-Шувуу, янзага, үнэг гэх мэт амьтад, цэцэг навч зэрэг бэлгэдлийн зүйлс нэлээд байна. Эднүүс юуг илэрхийлж байна?

-Бүгдийг нь ямар нэг утга агуулгаар хийгээгүй. Уран бүтээл хийхэд бас зүгээр л ухамсаргүй зөнгөөрөө хийх үеүүд байдаг.

-Чи гоё биетэй шүү.

-Хмм, Үгүй ээ…

. . .

Зураач Анунарангийн “Crescendo” буюу “Өрнөлт” нэртэй уран бүтээлийн гурав дахь соло үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн галерейд гуравдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Түүний үзэсгэлэн амьдрах явцдаа бид өөрөө өөрийгөө бүтээдгийн тухай, төгс төгөлдөр гэдэг ойлголт нь ямар ч өө сэвгүй, тэгш хэмжээст гэсэн үг биш болох тухай, өөрөө өөрийгөө яг байгаа чигээр нь төрмөл, олдмол дардасуудтайгаа /дардас-зураачийн өөрийн өгсөн нэршил болов уу/ хамтад нь хайрлаж сурахын тухай бас нэгэн хөгжимлөг, өнгөлөг, зоримог, хачин тайван жингүйдсэн, цоо шинэхнээр сэрж мэдэрсэн “хичээл” байв.


Ж.АНУНАРАН ҮЗЭСГЭЛЭНГИЙНХЭЭ ТАЛААР

“ӨРНӨЛТ” үзэсгэлэн өмнөх “ЧӨЛӨӨЛӨЛТ” болон “ӨӨРЧЛӨЛТ” үзэсгэлэнгийн үргэлжлэл болно. Өмнөхийн адил аль ч ажлуудад аливаа зүйлийн дотор талыг чухалчлан авч үзэх хандлага бүтээлд илрэх хэвээр. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бие, бие дээрх, өнөөх тооцоологдолгүйгээр төрөхөөс өгөгдсөн /төрмөл/ дардсаас гадна хүний амьдралын процесст үүсэх зураас, үрчлээ, сорви, мэнгэ гэх мэт амьдралын түүх, дурсамжыг өгүүлсэн бие дээрх /үүсмэл/ дардасуудын баримт, бас ТЭР баримтын NEGATIVE эсрэгцлээр бид өөрсдийн биеийн хэсгийн адил биш байдал цаашилбал адил биш хувь тавиланг мэдэрнэ… Эсрэгцлээр тодорч, одлог эсвэл дардаслаг байдлаар гэрэлтэх цэгүүд, бодгалд ил илрээгүй атлаа сэтгэлд үүссэн түүхт цэгүүдийн утаслаг-зураасан-холбоосоор бидний амьдралыг гэрчлэх зурааслаг орон зайн дүрс биежинэ. 

Цаг хугацаа, амьдралын процесс, хэвлийн орон зайд бүрэлдсэн дардсууд бодгалийн “SYMMETRICAL” байдлаас алсарч “ANTISYMMETRICAL” байдлыг үүсгэх авч энэ хооронд бодгалийн өөр нэгэн гоо сайханг бүтээж, үзэхүйн төгс байдлаас ангижирсан оршихуйн өөрийгөө бүтээхүйн процесс болно.

Огторгуй дахь оддоос үүсэх өөр хэмжээс мэт геометрийн дүрс, бидний гарын алга дээрх амьдралын зураас адил амьдралын түүх, туулж буй процессыг илэрхийлнэ.

Амьдрал туулж буй хүн амьдралын зураасаа холбон ойлгох… Дотоод чөлөөлөлт-өөрчлөлт-өрнөлт… Утсан… Хөгжимлөг… Конструктив… Огторгуйлаг… Чимээгүй дуулалт… Орон зай… Өөрийгөө бүтээхүй…
 

Ж. ИНДРАНИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж