Ч.Мөнхзул: Хэн нэгний хувийн эрх ашгаас болж театр “нурах” ёсгүй

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхзул: Хэн нэгний хувийн эрх ашгаас болж театр “нурах” ёсгүй

“Дуурийн театрын шилдэг уран бүтээлчид дайжиж дүрвэж байна, театр болохоо байлаа, бичиж өгөөч” гэж редакц руу маань утасдсан нэр мэдэх, зүс таних хүний хэлснийг бодон бодон дуурийн театрыг зорилоо. Нэлээн ноцтой асуудал хөндөгдөж болох учраас сайн бэлдэж очьё гээд байдлыг өөрөө нүдээрээ харж мэдрэхийн тулд бас ч хоёр дуурь, нэг балетын тасалбар авч “шатсан” гэж байгаа. Сүүлийн гурван тоглолтыг үзсэний хувьд үзэгчид лав партер дүүрэн байсан учраас үзэгч муутай гэж хэлж болохгүйг ойлгожбайлаа. Тэгээд “Гавьяат жүжигчин Э.Амартүвшин дуурийн театрын хаалгаар дахин орохгүй гээд явсан” гэж барин тавин хэлснийг санан театрын захирлаас асуух асуултаа бодон шатаар өгсөж явтал гавьяат жүжигчин Э.Амартүвшинтэй халз тулгарчихав. Э.Амартүвшин гавьяат хэд хэдэн дуучинтай хамт инээсээр, нотоо барьчихсан явж байна. Би гайхсандаа бүлтийж харсаар үлдээд эхний асуух асуултаа өөрчлөхөөр шийдсэн юм. Театрын захирал Ч.Мөнхзул “Удахгүй биз дээ, манайх одоо Захиргааны зөвлөлийн хуралтай” гэж байна. Тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй хүн учраас “Танайхтай холбоотой зайлшгүй асууж тодруулах зүйл гарсан учраас ирлээ. Та хариултаас бултахгүй биз дээ” гээд шууд тулгаж асуув. Ч.Мөнхзул захирал бид хоёрын яриа жаахан таагүй эхэлсэн ч үзэгчид, хүмүүсийн сонирхсон олон асуултад хариулсан гэж бодож байна.

Ч.Мөнхзул

-2017 оныхоо ажлаас товч танилцуулахгүй юу?

-Бид үнэхээр их ажилтай байна. Монголд мэргэжлийн найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойн болно. Мөн “Үйлийн гурван толгой”-н 30 жил, “Риголетто” дуурийг Монголын тайзнаа тавьсны 30, “Цөмөөхэй” балетын 35, “Травиата” дуурийг тавьсны 40, “Чио Чио Сан” дуурийн 50 жилийн ой гээд олон ой давхацсан он болж байна. Анхудаа Францын алдартай хөгжмийн зохиолч Ф.Херолдын “Үр дүнгүй болгоомжлол” шинэ балетыг тавьж байна. Италийн алдарт найруулагч С.Монти ирж “Севилийн үсчин” дуурийг шинэчлэн тавина. БНСУ, АНУ, Итали улсын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийнэ. Энэ бүх мэдээлэл, тоглолтын хуваарийг манай вэб сайт, facebook хуудаснаас авч болно.

-Танай мэдээлэл цахим орчинд тогтмол гардаг болсон нь сайшаалтай. Үзэгчдийн зүгээс тоглолтын чанарын талаар ирүүлж байгаа мэдээллийг хэрхэн хүлээж авдаг вэ. Мөн театрын тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байгаа тухай яриа бас сонсож байсан?

-Манайх сургалт, театртай танилцах аялал, уран бүтээлчдийн уулзалт, уралдаан гэх мэт үзэгчдээ татах ажлыг их хийдэг. Одоогоор театрынхаа гар утасны аппликейшнийг хийгээд дуусч байна. Энэ нь манай бүх мэдээллийг үзэгч гар утсаараа авч болно гэсэн үг. Үзэгчдээс ирсэн асуулт, санал бүрийг үзэж хариулдаг. Харин театрын дуу, гэрлийн тоног төхөөрөмжийн хувьд бол үнэндээ хүнд байгаа. Дуурь балет зэрэг нь микрофон гэрэл шаарддаггүй учраас асуудал багатай. Гэтэл өөр уран бүтээлчийн тоглолт дээр тоног төхөөрөмж шаардлага хангадаггүй. Бид хэдэн жил техникийн шинэчлэл хийх мөнгө хайгаад олж чадахгүй л байна. Хамгийн сүүлд гэхэд Австри улсын Засгийн газрын хүүгүй зээлд төслөө өгөөд дэмжигдээгүй.

-Ер нь танай үзэгчдийн тоо нэмэгдэж байна уу?

-Үзэгчдийн тоо тогтмол нэмэгдэж байна. Бид сүүлийн гурван жилд гадаа талбайн хоёр томхон тоглолт хийлээ. Тэднийг оролцуулаад бид жилд 40 гаруй мянган үзэгчид үйлчилсэн байна. Танхимдаа бол жилд дунджаар 25-27 мянган үзэгчид үйлчилдэг. Манайх жилд үндсэн 70 гаруй, бусад байгууллагатай хамтарсан 30 гаруй тоглолт хийдэг. Хамгийн их ачаалалтай, үр дүнтэй ажилладаг урлагийн байгууллага гэсэн үнэлгээг үзэгчдээс авдаг. Тоглолт бүр дээрээ үзэгчдийн 30 хүртэлх хувиас судалгаа авдаг. Тэр судалгааг үзэж танилцаж болно.

-Би өнгөрсөн долоо хоногт “Ламбугайн нулимс” дуурийг үзсэн. Субтитр нь англи хэл дээр явж байна лээ. Утга зохиолын, чанартай зөв орчуулга хийсэн гэдэгтээ та итгэлтэй байна уу?

-Та өөрөө англи хэл сайн мэддэг үү. Тэгвэл дуучны дуулахыг сонсоод орчуулгатай нь тулгаад харчихсан байлгүй дээ. Би хэдийгээр боломжийн англи хэлтэй боловч театрынхаа бүтээлүүдийн орчуулгыг хийдэггүй. Таны асуултад хариулахад сайн орчуулга болсон гэдэгт итгэлтэй байна. Монголын нэртэй орчуулагчдын нэг С.Дашдаваа агсны охин Д.Аюуш орчуулсан юм. Бид үндэсний сонгодог бүтээлүүдийг дэлхий дахинд гаргахын тулд цомнол, танилцуулга нь бүгд дор хаяж англи хэл дээр байх ёстой гэж үздэг. Тийм болохоор үндэсний бүтээлүүдийнхээ орчуулгыг боломжоороо хийж эхэлсэн. Өнгөрсөн жил “Хөхөө Намжил” дуурийн орчуулгыг хийсэн, сая “Ламбугайн нулимс”-ыг хөрвүүллээ. Одоо боломж гарвал “Чингис хаан” дуурь дээр ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Шилдэг уран бүтээлчид театраа орхиод явж байгаа тухай шүүмжлэл их гарч байна. Тэр хүмүүсийн ажиллах нөхцлийг хангаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Манай театр бүх л уран бүтээлчиддээ төрийн зүгээс өгч буй төсөв болон эрхийн хүрээнд яг адилхан нөхцөл санал болгодог. Төрийн үйлчилгээний салбарынханд өгдөг цалингийн сүлжээний дагуу цалинжуулдаг. Мэдээж маш бага цалинтай. Ажлын байр, нөхцөл хэвийн. Та тодорхой хүн асуумаар байгаа бол хэл л дээ.

-Гоцлол дуучин Э.Амартүвшин, Э.Анхбаяр, гоцлол бүжигчин С.Ганцоож нар гарлаа. Дуурийн театрын хамагл шилдэг уран бүтээлчид ажлаа орхиж байгааг юу гэж тайлбарлах вэ?

-Э.Амартүвшин маань Германы Киел хотын дуурийн театр, Италийн Сан Карлосын театр, Израйлийн дуурийн театрт дуулж байна. Эх орондоо байх хугацаандаа театртаа ажилласан хэвээр байгаа. Маргааш гэхэд “Травиата” дуурийн Жермоны дүрд дуулна. Би Э.Амартүвшинд байнгын цалин санал болгож чадаагүй ч, тоглож байгаа дуурь, концерт бүрт нь урамшууллаа өгөөд харилцан ойлголцоод сайхан ажиллаж байна. Э.Анхбаярын хувьд Англи улсын Лондон хотноо суралцахаар болсон. Эрэгтэй дуучны баритон хоолойн хүч чадал гуч гарсан хойно нь жинхэнэ оргилдоо хүрдэг. Э.Анхбаяр дөнгөж 20 гаруйхан настай. Өөрийгөө улам төгөлдөржүүлэх гэж байгаа уран бүтээлчийн сонголтыг бид дэмжинэ. Харин гоцлол бүжигчин Ганцоож БНСУ-ын Юниверсал балетын компанид ажиллахаар явсан. Залуу хүн учраас илүү боломжтой санал аваад явах нь байдаг л зүйл. Театрын хамгийн өндөр цалинтай, ачаалал багатай гоцлооч байсан. Гэтэл явахдаа театр руугаа нулимаад явсан нь тэр хүний ухамсар, сэтгэлийн л асуудал байх даа.

-Өнгөрсөн өвөл гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн тоглолтыг хийлгэхгүй гэж бөөн асуудал болж байсан. Театр яагаад гадаадад байгаа шилдэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж болдоггүй юм?

-Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийг бид бүх талаар дэмжиж 2013, 2014, 2015 онд тоглолтыг нь, 2014-2016 онд “Цөмөөхэй” төслийг нь дэмжиж байнгын хөнгөлөлттэй танхимаар хангаж, театр тэр чигээрээ тэр хүнийг хүндэтгэж ажиллаж ирсэн. Гэхдээ энд бүхэл бүтэн хамт олон, театр ажиллаж, жилийн өмнө хэлэлцэж баталсан хөтөлбөрийнхөө дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ театрын өөрийн эрх ашиг, дүрэм журам, уран бүтээлчдийнх нь хүсэл зорилго гэж бий. Түүнийг үл тоомсорлосон маш олон хүн Д.Алтанхуягт таарч ажилла гэж янз бүрээр л шахаж дарамталж байдаг. Намайг “Чи Алтанхуягтай тохирч тоглолтыг нь хийлгэхгүй бол ажлаа өгөөд яваарай” гэж сүрдүүлж байсан хүн ч бий. Тоглолтын өдрөө өгөөд, боломжоороо ойлгож хамтран ажиллаж байхад гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гэрээнийхээ дагуу төлөх мөнгөө одоо хүртэл төлөөгүй театр хохироод л байж байна. Манай театр гадаадад байгаа Монгол уран бүтээлчидтэйгээ харин ч ойр дотно ажилладаг шүү. 2013 онд Герман, Япон, Солонгост ажилладаг балетын жүжигчид тоглолтоо хийсэн, 2014 онд Германд ажиллаж амьдардаг бүжигчин Н.Одсүрэн Португалийн балетмейстертэй ирж “Диваажин энд байна” модерн балет тавьсан. 2015 онд Итали улсад ажиллаж амьдардаг дуурийн дуучин У.Уранцэцэг ирж “Лучиа Ди Ламмермур” дуурийн Лучиад тоглосон. Мөн 2016 онд АНУ-д амьдардаг балетын бүжигчин багш У.Бат-Эрдэнэ балетынхандаа мастер класс хийгээд явсан. Энэ онд Болгар улсад ажиллаж амьдардаг дуурийн дуучин Д.Баясгалан ирж хамтран ажиллах гэж байна.

-Театрын тухай энэ олон мэдэгдлүүдийг та цаг тухайд нь хэлээд тайлбарлаад явж болдоггүй гэж үү?

-Зарим хүн театрын үйл ажиллагааг үл хайхран “Та нар төрийн ажилтан байж төрийн үүргийг биелүүлэхгүй гэлээ” гэж зэмлэж тулгах үе бий. Уг нь бид төрийн ажил хийгээд, ард түмэндээ үйлчилж яваа хүмүүс шүү дээ. Манай ажлыг театрын эд эс болсон 280 гаруй ажилтан, үзэгчид хянаж, үнэлж дүгнэж байдаг. Гэтэл бид хэн нэг дарга, сайдын гэнэт гаргаж ирсэн ажлыг хийхийн тулд бүтэн жилийн өмнө боловсруулж, олон нийтэд түгээсэн ажлаа өөрчилж тоглолтоо цуцлах тохиолдол ч гардаг. Яг өнөөдрийн байдлаар бас ийм байдал үүсчихээд л байна. Гэтэл бидний үндсэн үүрэг болох үзэгчдэд сонгодог бүтээлээр үйлчилж, орлогыг төрийн санд төвлөрүүлэх ажлыг маань хэн бидний өмнөөс хийж өгөх болж байна. Тэр тулгасан ажлыг нь хийхийн тулд өөрийн тоглолтоо цуцлах гэх мэтээр орлогын төлөвлөгөө биелүүлж чадахгүй байлаа гэхэд, эсвэл “энэ ажлыг үнэ төлбөргүй хий” гэж даалгасан тохиолдолд түүнээс үүдсэн урсгал зардлын өр үүсэхэд “Эвий, тэр даргын үүргийг биелүүлээд орлогоо биелүүлээгүй юмаа, тэр ажлыг үнэгүй хийгээд тогны мөнгө төсвөөс илүү гарчээ” гэж хэн ч зөвтгөхгүй. Биднийг ажлаа хийж чадахгүй байна л гэж үзнэ. Ганцхан өөрийнх нь ажил бүтэж байвал бидний ажил юу биш мэтээр ханддаг хүмүүс байдаг нь харамсалтай.

-Танай театрын ард ухсан том нүхний асуудал юу болов?

-Манай ард Улаанбаатар банкны барилгыг барина гээд, түүний хаалттай хуваарилах байгууламжийн барилгыг шилжүүлнэ гэж таван жилийн өмнө нүх ухсан. Одоо энэ нүх жил ирэх тусам томорч нурах аюултай байдал үүсгээд байна. Энэ асуудлаар НЗДТГ, Улаанбаатар банкинд албан ёсоор хандсан. Энэ хавар нүхийг бөглөж өгнө гэсэн хариуг Улаанбаатар банкнаас ирүүлээд байгаа. Энэ бас ганц асуудал биш л дээ. Улаанбаатар хотын банкны барилгын газар нь манай театрын албан ёсны эзэмшил газартай чамгүй том хэмжээгээр давхцалтай байгаа. Энэ давхацлыг арилгахгүйгээр барилга барих ёсгүй. Нэгэнт театрын барилгын тухай ярьж байгаа учраас би манай театрын зүүн талд байдаг хоёр жижиг байшингийн асуудлыг ч хөндөж хэлмээр байна. Манай хуучин цайны газар, цахилгааны дэд станцын байрыг нэг хувийн компани авах гэж маргаж байгаа. Би 2013 онд Захиргааны хэргийн маргаан үүсгэснээс хойш өнгөрсөн нэгдүгээр сард шүүх хуралд орлоо. Гурван жил гаруй хугацаанд энэ асуудлаар 20 гаруй удаа том бага уулзалт, зөвлөгөөн, хуралд орлоо. Манайх төрийн байгууллага. Гэхдээ төр гэж юу билээ. Төр гэдэг чинь ард түмэн шүү дээ. Ард түмэн өөрөө төрийн эрхийг барьдаг. Тэгвэл төрийн өмч гэдэг ард түмний өмч. Тийм байхад яахаараа ард түмний өмчийг нэг хүн ямар ч үнэгүй өөртөө авах ёстой байдаг билээ.

-Танай асуудлаар судалж бичиж өгөөч гэж хүсэлт ирсэн учраас дээрх зүйлүүдийг асуулаа. Өөрөө энэ талаар яагаад ярьж тайлбарладаггүй юм бэ. Танай ажлын талаар жаахан ташаа ойлголтууд байдаг юм байна гэсэн бодол төрж байна?

-Манай ажлыг муулах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх оролдлого байнга гарч байдаг. Худал үг, хов болгоны араас хөөцөлдөж явах цаг байхгүй. Манайхыг муулж байдаг бүр мэргэшсэн хүмүүс байдаг ш дээ. Өөр хийх ажилгүй юм байлгүй. Тийм хүн болгоны үгийг хүлээж аваад түүгээр манай ажлыг дүгнэвэл хэт өрөөсгөл юм. Үнэн шударгаар ажлаа хийж, Монголын сонгодог урлагийн нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж яваа хүмүүсийн өмнө их л нүгэл хураах байх даа.

-Уншигчдад маань хэлэх сайхан мэдээ байвал дуулгахгүй юу?

-Удахгүй манай гоцлол дуучин Б.Батжаргал маань “ББС Дэлхийн дуучин” уралдааны сүүлийн шатанд өрсөлдөх гэж байна. Манайх урын сангийнхаа архивын програм хангамжийг хийлгэж байна. Ирэх аравдугаар сард манай театрын тоглолтын 55 дахь улирал эхэлж бид сар бүр үзэгчиддээ өвөрмөц тоглолтуудаар бэлэг барих болно. Мөн тун удахгүй манай театрын 55 жилийн ой болно. Энэ бол Монгол улсад сонгодог урлаг үүсч хөгжсөн баяр гэж бид үзэж байгаа. Тийм учраас үзэгчид маань бидэнтэй хамт амжилт, ололтоо тэмдэглэх байх.

О.САРАНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж