Сүүдэр нөмөрсөн Рамадан болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Сүүдэр нөмөрсөн Рамадан болж байна

Дэлхийн өнцөг булан бүрт байгаа муслимчуудын хувьд өчигдрөөс эхлэн Рамадан сар эхэлж, тэд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоол унднаас татгалзаж байна. Гэхдээ энэ удаад хүн төрөлхтний сайн сайхны төлөөх Рамаданы цаг үетэй Ойрхи Дорнод болон Хойд Африкт үүссэн тайван бус байдал давхцаж байгаа нь Рамадан сарыг сүүдэртүүлж, сайн сайхан, ариун гэгээн бүхнийг үлдэн хөөж байна хэмээн дэлхийн хэвлэл, мэдээллээр бичиж байна. Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүс нутгийн хэд хэдэн оронд өнгөрсөн нэгдүгээр сард Тунисийн удирдагч Зайн Эль Абидини Бен Алиг суудлаас нь хүчээр шахан буулгаснаас хойш удаан хугацаанд төрийн эрхийг барьсан удирдагчдын эсрэг бослогууд ар араасаа гарч эхэлсэн. Тэдгээр жагсаал цуглааны дийлэнх нь аажимдаа засгийн газрын хариу цохилттой тулгарч, төсөөлөхийн аргагүй хүчирхийлэл, хохирол дагуулж буй билээ. Рамадан сарыг даган баясахаар өмнөх жилүүдийнхээс илүү олон муслимчууд цугларч байгаа нь жагсаал цуглааны хүчийг нэмэгдүүлж болзошгүй хэмээн дээрх орнуудын засгийн газар, удирдлагууд болгоомжилж байна. Ингээд төрийнхөө тэргүүдийг сольж, ардчилал, эрх чөлөө өөд тэмүүлж буй тэдгээр орнуудад нөхцөл байдал ямар байгааг товчлон хүргэе.

Египет

Египетийн нийслэл Кайрын Тагрирын талбайд ардчиллын төлөө тэмцэж, жагсч байсан иргэд Рамаданы үеэр түр завсарлага аваад байна.  26 улс төрийн нам болон эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн ням гаригт хамтарсан мэдэгдэл хийж эсэргүүцлийн жагсаалаа түр хугацаагаар зогсоож, Рамадан сар дууссаны дараа Тагрирын талбайд жагсаал цуглаанаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.

Жагсагчид долдугаар сарын 8-наас хойш улс төрд дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа явдлыг эсэргүүцэн шүүмжилж, жагсч байгаа юм. Тэмцэгчид Мубаракийг хүчээр буулгах үед жагсагчдын өмнөөс гал нээж, энгийн иргэдийг хороосон цагдаа нарын хэргийг яаралтай эцэслэн шийдэх, онцгой байдлын тухай хуулийг хүчингүй болгох, эдийн засгийн шинэчлэл хийж, цалингийн доод хэмжээ тогтоож өгөхийг засгийн газраас нэн тэргүүнд шаардаж байгаа юм.

Йемен

Рамадан сар эхэлснийг тохиолдуулан Йемений Ерөнхийлөгч Али Абдуллах Салех улс оронд үүсээд буй хямралт байдлыг зохицуулах цорын ганц арга зам нь үндэсний хэмжээний хэлэлцээр хийх явдал юм хэмээн давтан мэдэгдсээр байгаа аж.

Египетийн хувьсгалын салхиар Йемений босогчид Салехын 33 жилийн дэглэмийг бут цохин унагахаар өнгөрөгч хоёрдугаар сарын 11-нээс жагсаал цуглаанаа эхлүүлсэн юм. Үүнээс хойш нэг сарын дараа ноён Салех парламентын тогтолцоог байгуулах тухай шинэ үндсэн хуулийн төслийг санаачилж, иргэддээ санал болгосон ч босогчид түүнийг албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсаар байгаа. Харин аюулгүйн хүчин, босогчдын хооронд өнгөрсөн тавдугаар сараас хойш байдал хурцдаж эхэлсний дараа Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн зөвшилцийн үндсэн дээр ноён Салех албан үүргээ хүлээлгэж өгөхөөр болжээ.

Ливи

Хойд Африкийн үндэстэн тэр чигээрээ иргэний дайны хөлд үрэгдээд байгаа энэ үед засгийн газар нь цуст Рамаданд бэлтгэж байна. Ливийн удирдагч Муаммар Каддафиг дэмжигчдийн цугларалтан дээр нэгэн Муслим шашинтан засгийн газрын цэргүүдийн өмнөд хил рүү довтолж, хамгаалалтыг сэтлэхээр бэлдэж байгаа тухай мэдээлжээ.

Ливид өнгөрсөн хоёрдугаар сард бослого үймээн эхэлж, Муаммар Каддафийг төрийн өндөрлөгөөс хүчээр зайлуулж, ардчиллын үндсийг тавихыг шаардаж эхэлсэн юм. Харин НАТО НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр иргэдийг хамгаалахын тулд агаараас довтолгоог эхлүүлсэн.

 
Сири

Сирийн хувьд жагсаал цуглаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа ба тус улсын засгийн газрын танкууд саяхан Хама хотод нэвтэрч, 70 гаруй хүнийг хөнөөж, 100 гаруй хүнийг шархтуулсан. Тэмцэгчид энгийн иргэдийн үхлийн хариуцлагыг аюулгүйн хүчинд бухаж байгаа бол засгийн газар зэвсэгт тэмцэгчид буруутай гэж мэдэгдсээр байна.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад дотоод, гадаадын алиных нь ч шаардлагыг хүлээж авахгүй байгаа юм. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Сирийн иргэдэд тус улсад урт удаан хугацааны турш үйлчилсэн дэглэмийг унагахын төлөө чадах бүхнээ хийхээ амласан.

Афганистан

Афганистанд сүүлийн хэдэн долоон хоногийн турш НАТО-гийн хүчний эсрэг довтолгоон нэмэгдэж байгааг АНУ-ын зэвсэгт хүчний командлагч онцлоод Рамаданы үеэр халдлагууд намжихгүй гэсэн баталгаа байхгүй хэмээн мэдэгдэв.
Афганистанд одоогийн байдлаар 150 мянга орчим Аюулгүйн нэмэлт хүчийг байршуулаад байгаагийн дотор 100 мянга орчим нь Америк цэргүүд бөгөөд долоон бүс нутгийг НАТО-гийн зүгээс үндэсний Афганистаны аюулгүйн хүчинд шилжүүлэн өгөөд байгаа юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж