THAAD-ыг эсэргүүцэж буйгаа Хятад дахин илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2017.03.20-нд нийтлэгдсэн

THAAD-ыг эсэргүүцэж буйгаа Хятад дахин илэрхийлэв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Азийн гурван улсад хийсэн айлчлалаа Хятадад өндөрлөлөө. Тэрбээр өмнө нь Япон, БНСУ-д айлчилсан юм.

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Ням гаригт /2017.03.19/ БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй Ардын Их хурлын ордонд уулзлаа.

“Нийтлэг том эрх ашгаа баримталбал Хятад-АНУ-ын харилцааны хөгжил зөв гольдролд орно. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Дональд Трамптай тохиролцсон нийтлэг ойлголт, үзэл санааны дагуу харилцаагаа эрчимжүүлж, бүс нутаг болон дэлхийн хэмжээнд хоёр тал олон талт хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцааг шинэ гараанаас, эрүүл тогтвортой хөгжүүлэхийг хүсч байна” хэмээн Си Жиньпин хэллээ. Хоёр улсын хооронд бага зэргийн санал зөрөлдөөн байгаа ч “Хоёр улсын хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хамаагүй их юм” хэмээн БНХАУ-ын дарга онцолжээ.

Си Жиньпин дарга ирэх дөрөвдүгээр сард АНУ-д айлчлах товтой байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн даргын айлчлал нь энэхүү айлчлалын угтвар бэлтгэлийг хангахад чиглэсэн.

Ноён Тиллерсон Бямба гаригт Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж хэлэлцээ хийсэн.

АНУ Хятадтай дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 шахам жилийн турш хоёр орны харилцаа асар их амжилтад хүрснийг Тиллерсон энэ уулзалтын үеэр онцлоод, дэлхий нийтийн байдал хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед хоёр тал ч хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг хэлжээ.

Хятадын "Нэг Хятад"-ын бодлогыг АНУ хүндэтгэж, харилцан сөргөлдөхгүй, бие биеэ хүндэтгэсэн, харилцан ашигтай байх хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АНУ-ын тал бэлэн байна хэмээн Тиллерсон мэдэгдлээ.

Уулзалтын үеэр Солонгосын хойгийн асуудал хөндөгдсөн бөгөөд БНСУ-ын нутаг дэвсгэрт АНУ пуужингийн хяналтын THAAD системийг байршуулахыг Хятад улс эсэргүүцсэн хэвээр байгааг Ван И дахин илэрхийлжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж