Эрүүл мэндийн салбарын 2017 оны эхний хоёр сарын тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй зарим нэг мэдээллийг хүргэе.
Улаанбаатар хотод өнгөрсөн хоёрдугаар сард ХДХВ, ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 229 болжээ.
Улсын хэмжээнд 2017 оны хоёрдугаар сард 4741 эх амаржиж, төрсөн хүүхэд 4771 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 22.5 хувиар буурсан үзүүлэлт аж.
Улсын хэмжээгээр нялхсын эндэгдэл энэ хоёрдугаар сард 84 болж, өмнөх оноос 39-өөр буурсан хэдий ч тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 179 болж, 32-оор өссөн байна.
Эхийн эндэгдэл хоёрдугаар сард нэг бүртгэгдсэн байгаа нь өмнөх оны мөн үеэс 2-оор буурсан тоо аж.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ хоёрдугаар сард 2877 болж, өмнөх оны мөн үеэс 3514-өөр буурсан байна. Үүнд улаанбурханаар өвчлөгчид 3437, вирүст хепатитаар өвчлөгчид 17, гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 87, сүрьеэгээр өвчлөгчид 75-аар буурсан нь голлон нөлөөлжээ.
Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 4-р улиралд нийт 37.3 мянган аж ахуй нэгж, албан байгууллагын 577.9 мянган ажилчид хамрагдсан байна. Эдгээр ажилчдын 28.3 мянга нь буюу 4.9 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалин авдаг. Харин 37.8 хувь буюу 218 мянган ажилчид 500-900 мянган төгрөгийн цалинтай байна.
Г.ТҮШИГ