Бодлогын хороонд 374 нэр дэвшигч бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

Бодлогын хороонд 374 нэр дэвшигч бүртгүүлжээ

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос өгч буй мэдээллээр өчигдрийн байдлаар Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөөр 374 нэр дэвшигч бүртгүүлжээ. Нийт 620 гишүүн лавлагаа авснаас 374 нэр дэвшигч бүртгүүлсэн нь энэ аж.

Ардчилсан намын Их хурлаас намын дүрмийг шинэчлэх хүрээнд Үндэсний бодлогын хороо нь 389 гишүүнтэй байхаар баталсан юм.

Харин аймаг, дүүргийн намын хорооны даргын 25 суудалд өрсөлдөхөөр 38 хүн бүртгүүлж, дэнчин, хураамжаа төлжээ. Ингэхдээ Нийслэлийн Ардчилсан намын намын хорооны даргад өрсөлдөхөөр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын хорооны дарга Д.Баттулга,  УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар бүртгүүлээд байгаа юм байна. 

Мөн Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа энэ сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл үргэлжлэх болж, хугацааг хоёр хоногоор сунгасан юм.

Анхны шийдвэрээр бол бүртгэлийн хугацааг өчигдөр 16 цагт дуусахаар байсан юм. Гэвч нийтээр тэмдэглэх баярын өдөр, амралтын өдрүүд бүртгэлийн үйл явцтай давхцаж таарсан нь зарим нэр дэвшигчийг бичиг баримтын бүрдлээ хангах, дэнчин, хураамжаа төлөхөд хүндрэл учруулсан талаар дотоод сонгуулийн хороонд санал, хүсэлт ирсэн тул дээрх шийдвэр гаргажээ.

Онцлоход, ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Ардчилсан намын бүх гишүүд дотоод сонгуульдаа оролцож саналаа өгөх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж