Уэйд, Пол, Мэл нар Бээжин хотноо

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Уэйд, Пол, Мэл нар Бээжин хотноо

Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртэж байсан Двэйн Уэйд, Крис Пол, Кармэло Антони нар гурван жилийн дараа Бээжинд хүрэлцэн ирлээ. Энэ нь тэдний Хятадаар хийх аяллын сүүлчийн зогсоол нь юм. Бээжинд ирэхээс өмнө тэд Хонконгт очиж, Чендү, Ханжу хотуудаар хөтөлбөрийн дагуу аялал хийсэн. Энэ удаад Хятадын нийслэлийн “Дундан Спортс Парк”-т хөгжөөн дэмжигчидтэй хийх уулзалтаа үргэлжлүүллээ. Арга хэмжээ эхлэхээс өмнө олон хүмүүс цуглаж өөрсдийн баатруудаа харахыг тэсэн ядан хүлээж байв. Тэд тоглогчдын нэртэй самбар барьж, тэдний өмсгөлийг өмсөн нэрийг нь дуудаж байлаа. Дунд сургуулийн сагсан бөмбөгийн талбайд болсон энэ арга хэмжээний үеэр тоглогчид хүүхдүүдтэй хамт зургаа татуулж, тэдэнтэй тоглож цагийг зугаатай өнгөрүүлж байлаа. Хэдийгээр талбай дээр цөөн тооны хүүхэд байсан ч од тоглогчдыг харах гэж түүнээс олон хөгжөөн дэмжигчид цугларчээ. Крис Пол, Кармэло Антони нар Хонконгт байхдаа хэрэв ажил хаялт энэ хэвээр үргэлжилвэл Хятадын лигийг сонгон тоглоно гэж мэдэгдсэн. Энэ ярианаас үүдээд Хятадын лиг өөрсдийн дүрмэндээ өөрчлөлт оруулахаар төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв NBA-ын одоо тоглож байгаа тоглогчдыг багтаа элсүүлэхээр бол ганц л тоглогч авах эрхтэй бөгөөд тэр нь бүтэн улирлын турш тоглох ёстой гэнэ. Энэ нь Хятадууд од тоглогчдыг авч үлдэхийн тулд хийж байгаа оролдлого гэдэг нь тодорхой. Харин ийм дүрэмтэй болсон нөхцөлд од тоглогчид ирэх эсэх нь эргэлзээтэй болно. Одоогоор Дэрон Уилльямс л Туркийн “Бешикташ”-тай гэрээ байгуулсан, харин өөр од тоглогч бусад лигийн багуудтай тохиролцоонд хүрээгүй байгаа билээ. Хуваарь ёсоор Уэйд, Пол, Мэло нар маргааш хэвлэлийн бага хуралд оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулах юм байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж