“Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхийг нь авч, зохион байгуулсан дэлхийн телевизийн өнгө төрхийг илэрхийлсэн, шилдэг контент болох "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн ялагч Б.ЦЭРЭНДОЛГОР-той ярилцлаа.
Тэрбээр хоёр хоногийн өмнө болсон сүүлийн шатны сорил болон үндсэн зураг авалтад өгсөн шүүгчдийн оноо, үзэгчдийн саналын нийлбэр 67 оноогоор ялагч болсон юм. Нэвтрүүлгийн топ моделиор шалгарсан Б.Цэрэндолгор 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулжээ.
-"Mongolia's Next Top Model" шоуны ялагчаар шалгарсан танд баяр хүргэе. Ялагч тодруулах мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Маш их баярлалаа. Дэлхийн хэмжээний загварын шоуны ялагч болсондоо нэг л итгэж өгөхгүй байна. Дэндүү их баярласандаа өчигдөрхөн юу болоод өнгөрснийг ч санахгүй байгаа мэт мэдрэмж төрж байна. Хамт шалгарч үлдсэн хоёр найз маань хүчтэй моделиуд байсан учраас үнэнийг хэлэхэд, өөртөө 100 хувь итгэлтэй байж чадаагүй. Өнөөдөр өглөөнөөс хойш /2017.03.13/ утас тасралтгүй дуугарч, фэйсбүүк, инстаграмаар дүүрэн баяр хүргэсэн мессежид дарагдсан.
-Таныг харин ч өөртөө итгэлтэй байдал, шийдэмгий, дайчин зан чанараараа бусдаасаа ялгарсан гэж үнэлэх хүмүүс олон байсан. Ганц сүүлийн шалгаруулалт гэлтгүй нэвтрүүлгийн үеэрх сорилоос та тийм сэтгэгдэл төрүүлж чадсан байх?
-Би өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдлыг өөрийн төсөөллөөсөө авдаг. Би бүх зүйлийг төсөөлөн боддог. Жишээ нь, би хэзээ ч түргэн хоол иддэггүй. Учир нь түргэн хоол миний ходоодонд ороод, яаж муугаар нөлөөлөх бол гэдгийг төсөөлж боддог. Ер нь ямар ч зүйлд төсөөллөөрөө хандах хандлага байдаг. Тэр нь надад зөв зүйл хийж байгаа гэсэн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байх. Зураг авалтыг ч гэсэн бодитоор төсөөлөхийг хичээж байсан учраас дүрдээ ороход дөхөм байсан. Төсөөлөн бодох чадварыг уран зохиолын номоос суралцсан гэж болно. Ном уншихын олон давуу тал бие хүний хүмүүжил, бодол, хандлагад чухал нөлөөтэй гэж боддог.
-Тэгвэл хамгийн сүүлд та ямар ном уншсан бэ?
-Би зөвхөн уран зохиолын ном уншдаг. Тэр дундаа дэлхийн уран зохиолын ном унших дуртай. Хамгийн сүүлд Томас Майн Ридийн “Цагаан бээлий” романыг уншсан. Майн Ридийн зохиолуудыг шүтдэг. Түүний нэг номыг хэдэн ч удаа уншсан уйддаггүй.
-Та хэдэн настайгаасаа загварын тайзан дээр алхаж үзсэн бэ. Модель болох сонирхол хэзээнээс төрсөн юм бэ?
-Багадаа модель болно гэж мөрөөдөж, бодож байгаагүй. Хоёр жилийн өмнөөс сонирхож, загварын талаар судалж, суралцаж эхэлсэн. Яг тэр үед дизайнер Ариунаа Сүри эгч надад хамтран ажиллах боломж байгааг хэлж, бид хоёр анх уулзаж байсан. Намайг бүр моделиороо сонгосон. Сонирхол, хүслээ бодит болгоход хамгийн их тусалсан хүн. Үнэнийг хэлэхэд, өөрийгөө загварын салбарт ингэтлээ дурлана гэж бодож байгаагүй. Би хувь тавиланд итгэдэг. Загварын ертөнцөд ингэж л хөл тавих хувь тавилантай байж.
–Одоо Ариунаа Сүри брэндтэй гэрээтэй ажиллаж байгаа юу?
-Тухайн үед байгуулсан гэрээ маань дууссан байгаа. Магадгүй, намайг Ариунаа Сүри брэндийн модель гэдгээр зарим хүмүүс таньдаг байсан байх. "Mongolia's Next Top Model" шоунд амжилттай оролцсон маань намайг загварын ертөнцөд улам тодоор нээж өглөө.
-Шоуны шилдэг оролцогчдын нэг Ю.Балжидмаа “Монгол модель” агентлагтай хамтарч ажилладаг. Та ч бас. Тэр утгаараа та хоёрыг тодорхой хэмжээний туршлагатай загвар өмсөгчид гэж хэлж болох байх. Шоунд оролцохоос өмнө холбоотой байсан бэ? Нэгийгээ хэр мэддэг байсан бол?
-Миний хувьд “Монгол модель” агентлагт ороод долоон сарын хугацаа өнгөрч байгаа. Шоунд оролцохоосоо өмнө Ю.Балжидмааг сайн таньдаггүй, зүс мэддэг байсан. Шоуны явцад илүү дотно танилцсан. Нэвтрүүлгийн явцад бид шударгаар өрсөлдөж, хэн хэн нь зорилго, хүслээ биелүүлэхийн тулд хичээж байлаа. Шалгаруулалт бол шалгууруулалт шүү дээ. Ю.Балжидмаа бид хоёрын дунд нөхөрсөг бөгөөд шударга өрсөлдөөн үргэлжилж байсан.
— ЗАГВАРЫН ЕРТӨНЦ ДЭХ КАРЬЕРАА ТҮРҮҮНД ТАВИНА —
-"Mongolia's Next Top Model" реалити шоуны ес дэх дугаараар модель охид ээжтэйгээ зураг авахуулсан. Таны ээж их үзэсгэлэнтэй эмэгтэй гэдэгтэй олон үзэгч санал нийлэх байх. Та хоёрын зураг сошиалд их түгээгдсэн. Та гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Тийм ээ, ээж минь биеэ их зөв, сайхан авч явдаг, тэр зан чанараас нь охин нь суралцах гэж мэрийж явдаг даа. Миний ээжийг Нарантуяа гэдэг. Одоо “Амьдралын даатгал” компанид менежерээр ажилладаг. Хоёр эрэгтэй, нэг охин гээд гурван хүүхдийнхээ хамгийн хайртай эмэгтэй. Бага дүү маань зургаан настай. Сая нэвтрүүлгүүдийг алгасахгүй үзсэн гэсэн. Манай гэр бүлийнхэн миний хамгийн том дэмжигч нь байлаа. Шоуны оролцогч зарим охидод гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, сэтгэлийн дэм их дутагдаж байсан. Миний хувьд тийм үед охидууддаа сэтгэлээрээ хандаж, дэмжихийг хичээсэн.
-Та Дорнодод төрж, өссөн гэсэн. Тэнд хэдэн нас хүртлээ байсан бэ?
-Манай гэр бүл Дорнод аймгийнх. Тиймээс ч гэр бүлээрээ өвөө, эмээтэйгээ 10 нас хүртлээ Дорнодод амьдарсан. Би багадаа их дэггүй, сахилгагүй охин байсан. Жаахан эршүүд зантай. Дөрөвдүгээр анги хүртлээ Дорнод аймагтаа сурч байгаад хотод шилжин ирж, нийслэлийн 38 дугаар сургуульд орсон. Сүүлийн хоёр жил герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Гётё” бүрэн дунд сургуульд сурч, төгссөн.
-Германаар сайн ярих уу?
-Англи, герман хэлний мэдлэгтэй.
-Та Анагаах ухааны “Ач” их сургуульд суралцдаг юм байна. Яагаад заавал шүдний эмч мэргэжлээр суралцах болов. Эмч, загвар өмсөгч байхын аль нь танд одоо илүү таалагдаж байгаа бол. Ойрын хугацаанд та алинд нь илүү цаг зав гаргах вэ?
-Миний бодлоор шүдний эмч маш бүтээлч мэргэжил. Шүд ломбодохоос эхлээд нарийн ажиллагаа ихтэй, үнэхээрийн л их цаг, анхаарал зарцуулж эзэмших ажил, мэргэжил л дээ. Анх би гоо сайхны мэс заслын чиглэлээр суралцах мөрөөдөлтэй байсан. Тэр маань энэ яваандаа одоо сонгон суралцаж байгаа мэргэжлээ сонгоход нөлөөлсөн байх. Ирэх жил сургуулиа төгсөнө. Мэдээж, амжилттай, үр дүнтэй суралцаж, мэргэжилдээ эзэн болсон эмч болохын төлөө хичээнэ. Гэхдээ яг ойрын зорилго гэвэл загварын ертөнц дэх карьераа эхэнд тавьж байгаа. Бүх зүйл цаг хугацаатай учраас цаашид улам сайн суралцаад, эмчээрээ тууштай ажиллах өдрүүд ирэх байх.
-Таныг өвөрмөц дүр төрхтэй модель гэж загварын хүрээнийхэн тодорхойлсон байсан. Та өөртөө хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
-Шоуны үеэр миний будаггүй, инээсэн зургуудыг олон нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. Та харсан уу /инээв/. Хүн өөртөө 100 хувь сэтгэл хангалуун байдаг бол хүнд муухай харагдахаас айдаггүй. Хүн дандаа сайхан, хөөрхөн байна гэж юу байхав. Уйтгартай биз дээ. Царай төрх, биеэ авч явах соёл, байдлын хувьд би өөрийнхөөрөө л байхыг хүсдэг.
-Найз залуутай юу?
-Надад фэйсбүүкээр энэ асуулт их ирсэн. Найз залуу байгаа. Бид хоёр үерхээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Оюутан. Хичээлийнхээ хажуугаар “New media” группт ажилладаг.
-Та нарыг өндөр өсгийтгүй төсөөлөхийн аргагүй. Хамгийн анх хэзээ өсгийтэй гутал өмсөж үзэж байв?
-Наймдугаар ангидаа юм байна. Сургуулийнхаа “Юмхнаар юм хийе” гэж тэмцээнд оролцоод, шүдэнзээр хийсэн хувцас өмсөн, өсгийтэй гуталтай анх алхаж байлаа. Тэр үеийн бичлэгээ харахаар анх удаа өмссөн гэхэд дажгүй л яваад байх шиг харагдсан /инээв/.
-Ямар нэгэн спортоор хичээллэдэг үү?
-Бокс сонирхдог. Харин хичээллэдэг гэвэл мэргэжлийн тамирчдын хажууд инээдэмтэй зүйл болно. Сонирхогчийн хэмжээнд хичээллэж, чөлөөт цагаа зориулах дуртай. Би ер нь адал явдалтай спортод их дуртай. Аэробикээр хичээллээд гурван жил болж байгаа. Бокс бол саяхнаас.
-Найз залуутай юу?
-Надад фэйсбүүкээр энэ асуулт их ирсэн. Найз залуу байгаа. Бид хоёр үерхээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Оюутан. Хичээлийнхээ хажуугаар “New media” группт ажилладаг.
-Моделиуд мэргэжлийн онцлогоос шалтгаалаад нүүрний будаг их хэрэглэнэ. Та нарт арьс арчилгаа маш чухал. Та, жишээ нь арьсаа хэрхэн арчилж, хамгаалдаг вэ?
-Яг одоо миний арьс маш эмзэг болчихсон байгаа. Их будаг, сэтгэл санааны тайван бус байдал, стрессээс болоод арьс амархан муухай болчихдог. Арьсаа арчлахдаа янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэх дургүй. 20 насандаа хэтэрхий олон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл 40 насанд арьс маань тэрнээс илүү зүйл нэхэх болно. Тиймээс аль болох цөөн тооны гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээж, нүүрээ будахаас илүү цэвэрлэхдээ ач холбогдол өгдөг. Жишээ нь, хэзээ ч нарны тос түрхэхгүйгээр гэрээс гардаггүй.
-Өөртөө зориулж ямар брэндийн бүтээгдэхүүн, хувцас худалдан авдаг вэ?
-Охидууд гоо сайхны иж бүрдэл их хэрэглэдэг шүү дээ. Би ухаан орсон цагаасаа л “Nivea Soft”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа. Хувцаслалтын хувьд брэнд, үнэтэй хувцас сонгож авдаггүй. Би чинь өөрийн гэсэн тогтсон орлогогүй, оюутан хүн шүү дээ.
Аав, ээжээсээ мөнгө авдаг хүн чинь хүссэн бүхнээ авах боломжгүй. Аль болох хямдхан бөгөөд энгийн, өөртөө зохицсон хувцас өмсөх дуртай.
-Ямар өнгөнд дуртай вэ?
-Өнгө бүр дотроо тод, бүдэг байдаг. Тэр дундаас өнгө бүрийн бүдэгхэн “Baby” өнгөнд нь дуртай.
“Mongolia`s next top model”-ийг зорьж очих шийдвэр маань зөв байсанд маш баярлаж байгаа. Хүн бүхэнд алхах ёстой зам, туулах ёстой хувь тавилан байдаг. Зориглоод, өөртөө итгээд гаргасан шийдвэр маань өнөөдрийн энэ амжилтад хүргэлээ
-“Mongolia`s next top model” шоунд оролцоод гарч ирснээс хойш Б.Цэрэндолгорын амьдралд ямар өөрчлөлт оров?
-Миний загварын ертөнц дэх моделийн карьерын хувьд бол өөрчлөлт орсон. Нэвтрүүлэгт оролцсон гол зорилго маань тэр шүү дээ, угаасаа. Харин хувь хүн Б.Цэрэндолгор ерөөсөө өөрчлөгдөөгүй. Шоунд оролцох эсэх талаар эргэлзэж байгаад бүртгүүлсэн. Яг бүртгэл дуусах өдрийн 19:00 цагт, хоёрхон цагийн өмнө амжиж бүртгүүлсэн байсан. Одоо зориглож, найз нөхөд, гэр бүлийнхнийхээ урмыг хүлээн авч, “Mongolia`s next top model”-ийг зорьж очих шийдвэр маань зөв байсанд маш баярлаж байгаа. Хүн бүхэнд алхах ёстой зам, туулах ёстой хувь тавилан байдаг. Зориглоод, өөртөө итгээд гаргасан шийдвэр маань өнөөдрийн энэ амжилтад хүргэлээ. Шоуг амжилттай зохион байгуулахад оролцсон олон хүн бий. Тэд нартай, оролцогч охиддоо бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье.
А.ЦЭЭСҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ