”Саруул” захад хамгаалалт гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

”Саруул” захад хамгаалалт гарчээ

Хотын төвд байршил сайтай захуудын нэг бол “Саруул” худалдааны төв. Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Орос-III сургуулийн урд байрлах тус захад өнгөрсөн бямба гаригаас ням гаригт шилжих шөнө буюу гуравдугаар сарын 12-ны үүрээр гал гарсан талаар бид мэдээлсэн. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй аж. Тиймээс “Саруул” зах руу ордог арын болон урд талын хаалганд хамгаалалт гарч хэнийг ч дотогш нэвтрүүлэхгүй байна.

Өнгөрөгч бямбаас ням гаригт шилжих шөнө буюу гуравдугаар сарын 12-ны үүрээр галын дуудлага нийслэлийн онцгой байдлын албанд иржээ. Дуудлагаар дөрвөн ангийн таван тасгийн 41 албан хаагч ажиллажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах аравдугаар ангийн 14 албан хаагч, нэмэлтээр Хан-Уул дүүргийн аврах 14 дүгээр ангийн найман албан хаагч, Чингэлтэй дүүргийн аврах аравдугаар ангийн хоёр албан хаагч, Сонгинохайрхан дүүргийн аврах 26 дугаар ангийн есөн албан хаагч, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман албан хаагч, нийт дөрвөн ангийн таван тасаг 11 автомашин, 41 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж, галыг унтраасан байна. Анхны дуудлага 02.28 цагт ирж, нэмэлт ангийн бүрэлдэхүүнтэйгээр галыг бүрэн унтраажээ.

“Монгол глобал” ХХК-ий эзэмшлийнх “Саруул” захын хоёр давхарт гал гарсан бөгөөд 2-3 тасаг шатсан байна. Тодруулбал, бичиг хэрэг, гэр ахуйн барааны тасагт гал гарч, тус тасгууд бүхэлдээ шатжээ. Хоёр давхарт ойролцоогоор 15-16 орчим тасаг байдаг байна.

Өчигдрөөс эхлэн захын гадна түрээслэгч нар цугларч байгаа бөгөөд тэднийг дотогш оруулахгүй хэвээр байна. Бараа нь шатаж, хохирсон түрээслэгч нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө өгч, асуудлаа шийдүүлэх аж.

Сануулахад, “Саруул” захад 2013 онд гал гарч, багагүй хэмжээний хохирол учирч байсан юм. Тухайн үед 100 гаруй хүн түрээслэн ажиллаж байсан “Саруул” захыг “Саруул маркет” болгон өргөтгөж, ажлын байрыг дахин 100 хүнээр нэмж байжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж