Монголын их гурвал баритон

Хуучирсан мэдээ: 2017.03.14-нд нийтлэгдсэн

Монголын их гурвал баритон

Сүүлийн үед манай сонгодогийнхон амжилтуудаараа Монголоороо дэлхийг огшуулаад эхэлсэн, ард түмэн ч тэднийгээ дэмжин бахархдаг болоод байгаа билээ. 50 жилийн түүхтэй Монголын сонгодог урлагт үе үеийн гайхамшагууд байсаныг бид мартаагүй харин сүүлийн жилүүдэд Монголын  Баритон хоолойтонууд хүчтэй давалгайлж буй гэж олон улсын урлаг судлаачид дүгнэж буй. Тэдгээрийн амжилтууд яах аргагүй энэ дүгнэлтэд хүргэж буй, ялангуяа   сонгодог урлагт дурлагч урлагийнхан дунд “Монголын гурван баритон”-ы тухай шуугиад эхэлсэн байна. Тодруулбал, МУГЖ Г.Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Ч.Бадрал нар юм. Тэд Монгол Улсынхаа нэрийг дуурийн эх орон болох ОХУ болон дэлхийн тайзнаа сурталчилж байгаа, олон улсын А зэрэглэлийн уралдаануудад тэргүүн дэд байруудад шалгарсан олон арван амжилтуудыг гаргасан нь  амжилттай оролцон тэргүүн дэд байруудын шагналыг түүгээд эхэлсэн нь яахын аргагүй олон улсын анхааралд байх болсон билээ. Монголоороо овоглосон гурван баритон маань бүгд нэг үеийн гялалзсан залуус, бүгд өөр өөрийн онцгой өнгө тембртэй  хүчтэй хоолойтонууд, тэд маань бүгд Монголын маань тал нутгийн  хүүхдүүд гээд л бичээд байх зүйлс их байна.

Алдарт хөгжмийн зохиолч Чайковскийн нэрэмжит сонгодог хөгжмийн олон улсын наадам ОХУ-ын Засгийн газар, Соёлын яамных нь ивээл дор Москва хотноо дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай. Нэр хүнд өндөр, цар хүрээ өргөнтэй энэ наадам “Сонгодог урлагийн олимп” гэгддэг аж. Чайковскийн нэрэмжит 2015 оны олон улсын 15 дугаар наадмын эрэгтэй /vocal, male/ дуучны төрөлд Г.Ариунбаатар түрүүлж, нэгдсэн гала концертын “Гран при” шагналыг давхар хүртжээ. Наадмын “Гран при” шагналыг уралдааны өнгөрсөн хугацаанд ердөө гурван хүн хүртсэн, тэдний нэг нь манай дуурийн дуучин Г.Ариунбаатар бөгөөд бидний бахархлыг хүлээсэн юм. Тэрээр 2011 онд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын гоцлол дуучдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн байр эзэлснийхээ дараа Монгол Улсын “Гавъяат жүжигчин” цолоор шагнагдсан байна. Өдгөө МУГЖ Г.Ариунбаатар нь  Цагдаагийн Сүлд чуулгын гоцлол дуучин мөн ОХУ-ын Санк Петербург хотын Маринский  театрт урилгаар дуулж, Монголынхоо нэрийг дуурийн томоохон тайзнаа дуурсгаж, эд хаваа гайхуулж яваа залуу уран бүтээлч билээ.

Их Британийн хэвлэлийн гигант ВВС агентлагаас “Cardiff Singer of the World” олон улсын дуурь дуулаачдын наадмыг 1983 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг аж. Мэргэжлийн дуурийн дуулаачдын дунд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, ялангуяа барууны орнуудад өндөр нэр хүндтэй, алдартай наадам юм. 2015 оны “Cardiff Singer of the World” олон улсын наадамд МУГЖ Э.Амартүвшин оролцон хүчтэй өрсөлдөж, “Audience Prize” үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын уралдаан тэмцээнд өндөр амжилттай оролцож ирсэн түүний байгалийн өгөгдөл сайтай, өтгөн баритон хоолойтой дуучин хэмээн салбарынхан нь үнэлдэг юм билээ.

Дэлхийн сонгодог урлагийн "олимп" хэмээн нэрлэдэг суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанаас УДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин мөнгөн медаль хүртлээ гэх таатай мэдээ дуурийн урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан. Энэ үйл явдал өнгөрсөн 2011 онд болсныг үзэгчид санаж буй бизээ. Түүний энэ амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан юм.

Өдгөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол  дуучнаар ажиллахаас гадна ХБНГУ-ын Килл хотын театрд болон Европын теартд гэрээгээр ажиллаж  Монголоороо гайхуулж яваа мундаг Баритон.

Тэдний нэг болох Ч.Бадралыг урлагийнхан “Чимээ намтай, чансаа өндөртэй тэргүүн дуучин” хэмээн тодорхойлсон нь ч бас бий.

Дуурийн орон Их Оросын дурын дуучинд орон зай олгоод байдаггүй их урлагийн мастеруудын хүрээлэлд хичээл зүтгэл, мэргэжлийн ур чадвараар хүч түрэн орж, Монгол дуурийн дуучидтай, ид хавтай залуустай гэдгийг нотлон дуулсаар яваа гарамгай уран бүтээлч, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа хэмээн дуурийн урлагт хайртай үзэгчид нь өндрөөр үнэлдэг байна. Бүх Оросын Россия Телевизээр  Чингис Хаан дуурийн Тэмүүжингийн ариг дуулж  Монгол Баритонуудын хүч чансааг харуулсан  тэрбээр 2011 оноос эхлэн олон улсын олон уралдаанд амжилттай оролцон тэргүүлж яваа нэгэн.

Тухайлбал МУ Засгийн газрын  тогтоолоор хүлээн зөвшөрөгдсөн А зэрэглэлийн . уралдааны 6 уралдааны, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр 2014 он, Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байр 2015 он, Алдарт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит олон улсын уралдааны эрэгтэй төрөлд хошуучилсан зэрэг амжилтууд нь  өнгөрсөн онд хэвлэлийн хуудаснаа олонтаа гарах шалтгаан байсан юм болов уу. Түүний “Алеко”-д дуулсан, Римский Корсаков болон  Тулегенов Бибигуль ийн нэрэмжит уралдаануудад хошуучилсан, Улаан талбайд дуулсан анхны монгол дуучин гэх мэтчилэн гэрэл гэгээтэй мэдээллээр “бөмбөгдүүлсэн” байна.

Дуурийн гоцлооч, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, ОХУ-ын Магнитогорск хотын Дуурийн театрын гоцлол дуучин. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Бадрал нь Монголоороо овоглосон 3 баритоны нэг яах аргагүй мөн.

Социализмын үеэс уламжлан Монгол Улсын дуурийн урлаг өндөр төвшинд хөгжиж ирсэн. Энэ хөгжлийг түүчээлэн дуурийн мэргэжлийн дуучин бэлтгэх залгамж тасараагүй юм. Тиймдээ ч манай залуу уран бүтээлчид болох Ч.Бадрал, Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нар өнгөрсөн хугацаанд өндөр амжилтыг олон улсын тавцанд гаргасан нь бахархмаар. Монголоороо овоглосон “Гурван баритон” нь дэлхий дахинаа эх орныхоо нэрийг дуурсгаж яваа шилдэг залуус юм.

Дуурийн алдарт “The Three Tenors” гурван тенор шиг алдартай “гурван баритон” Монголд төрчихсөн биш үү хэмээн олон нийт аль хэдийнэ хүлээн зөвшөөрч буй.

“The Three Tenors” шиг дэлхийн улс орнуудаар 10 жилийн турш аялан тоглож, олимп, дэлхийн аварга шалгаруулах спортын тэмцээнүүдийг нээж дуулах, хамгийн чухал нь “нүүдэлчин Монгол”-ыг биш харин “сонгодог Монгол”-ыг дэлхийд сурталчлах “Mongolia’s three baritons”-ыг дэлхийн тавцанд гаргах цаг болжээ.

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж