Ким Жон Намын цогцсыг авахыг ар гэрийнхэнд нь сануулав

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

Ким Жон Намын цогцсыг авахыг ар гэрийнхэнд нь сануулав

Малайзын нийслэл Куала Лумпур хотын онгоцны буудалд бусдад хорлогдон, улмаар амиа алдсан Хойд Солонгосын удитрдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жон Намын цогцсыг ар гэрийнхэн нь ойрын хоёр гурван долоо хоногийн дотор авахыг Малайзын Эрүүл мэндийн сайд Субраманиама Сатхасивама сануулсныг АР агентлаг мэдээлжээ.

“Талийгаачид эхнэр /эсвэл эхнэрүүд/, хүүхдүүд байгаа гэж бидэнд мэдэгдсэн. Талийгаачийн ар гэрийнхэн бидэнтэй холбоо барьж, цогцсыг авах байх гэж найдаж байна. Үүнд бид хоёроос гурван долоо хоногийн хугацаа гаргаж өгч байна. Хэрвээ ар гэрийнхэн нь авахгүй бол цаашид яах талаар талийгаачийн Засгийн газарт хандана” хэмээн сайд мэдэгджээ.

Ким Жон Намын цогцос Малайзын нийслэлийн нэгэн эмнэлгийн цогцос хадгалах өрөөнд байгаа юм.

Энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала Лумпур хотын онгоцны буудалд Ким Чхоль нэртэй Хойд Солонгосын паспорттай хүн эмнэлгийн тусламж авах гэж хандаад эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан юм. Энэ хүн нь Ким Жон Нам, түүнийг мэдрэлд нөлөөлөх VX хорт бодисоор хордуулсан болохыг Малайзын холбогдох албаныхан нотолсноо зарласан.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж