Кибер халдлага ба бидний сул тал

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Кибер халдлага ба бидний сул тал

Саяхан Москвад кибер аюулгүй байдлын Vestifinance чуулган болж өнгөрлөө. Хакерын довтолгооноос хамгаалах үйл явц ямар байгаа талаар ярьсан спикерүүдийн дунд "InfoWatch" группын ерөнхийлөгч бөгөөд "Касперскийн лаборатори"-ийг үүсгэн байгуулагчийн нэг Наталья Касперская байв. Тэрбээр интернэтийн аюул, ирээдүйд гарч ирэх кибер аюул заналын талаар ярихдаа яагаад ухаалаг утаснаас салах ёстойг ярьсан байна.

Хакер довтолгооноос хамгаалах хэрэгсэл хоцрогдсон, улс төрийн нөхцөл байдал муудах, мэргэшсэн боловсон хүчин хангалтгүй, хакерийн довтолгоонд хэрэглэж байгаа техник улам боловсронгуй болж буй зэрэг нь аюулыг ихэсгэж байна.

Наталья Касперская хоёр аюулыг нэрлэжээ. Нийгмийн бүх салбарт “IT”-гийн хамаарал ихэсч, мэдээллийн технологи нэвтрэх тусам том мэдээлэл (Big Data) цуглуулах, мөн интернэттэй (Internet of Things, IoT) холбоотой кибер гэмт хэргийн тоо нэмэгдэх ажээ.

Big Data

Том мэдээлэл эргэлзэх зүйлгүй ашиг тустай. Гэхдээ ашиг тусын хажуугаар бас аюул агуулдаг.

Big Data хэрэглэхэд гурван янзын эрсдэл байгааг Наталья Касперская хэлж байна. Үүнд, хэрэглэгчдийн мэдээллийг худалдах, тулган шахсан реклам, хувийн амьдралын нууцыг дэлгэх, хувийн нууцыг хулгайлах зэргээр мэдээлэл түгээх орчны зөрчил нь аюул болж байна. Энд сурталчилгаа их нөлөөтэй. Хувь хүн болон олон нийтэд мэдээллийн шахалт дарамт үзүүлэх, байгууллагуудын олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн хөөс үүсгэхэд сурталчилгаа өргөн ашиглаж байгаа юм. 

Хувь хүний талаарх мэдээлэл цуглуулах хэрэгсэл нь ухаалаг төхөөрөмжүүд болж байгаа юм. Гар утсанд холбогдон эзнийг нь хаана байгааг, цахим шууданг нь унших, гэрэл зургийн сантай нь танилцах бүрэн боломжтой. Эдгээр мэдээллийг задлан шинжилснээр тухайн хүний зан чанар, дадал зуршлыг тодорхойлж болно. Эдгээр мэдээлэл тусгай албадад хэрэгтэйгээс гадна мөнгө олох зорилгоор арилжааж болох юм.

Наталья Касперскаягийн сануулж байгаагаар гар утастай хүн бүр ийм аюул дор байгаа гэнэ. Android системийн хэрэглээний өргөн их бааз нь “гуглофонуудыг” хакерийн нэвтрэлтийн гол бай болгох аюул байгаа ажээ.

Мэдээллээ алдахгүй байх гол арга нь ухаалаг төхөөрөмжөөс татгалзах. Гэтэл тэгнэ гэж төсөөлөх аргагүй. Үнэ төлбөргүй шууданг чухал мэдээндээ ашиглахгүй байх, нөөтбүүк, гар утсаа хяналтгүй орхихгүй байх, мэдээллээ нийтийн сүлжээгээр тараахгүй байхыг эрмэлзэх нь чухал гэдгийг Касперская зөвлөж байна. Мөн ухаалаг утаснууд тагнуулын үйлдэлтэйг мартахгүй байх нь чухал гэнэ. Албан байгууллагуудад баримтуудыг ялган салгаж боловсруулах, хамгаалалт хийх мэргэжилтэн хэрэгтэй ажээ. InfoWatch Traffic Monitor зэргийн мэдээлэл алдахаас хамгаалсан техникийн хамгаалалтын хэрэгслүүдийг ашиглах хэрэгтэй гэнэ.

Интернэт төхөөрөмж

Интернэт төхөөрөмж нь өндөр технологийн трендийн топ 10-т багтаж иржээ. 2017 онд интернэт төхөөрөмжийн сүлжээнд холбогдох хэмжээ 31 хувиар өсөх ажээ. Интернэт төхөөрөмж 8,4 тэрбумд хүрэх бөгөөд 2020 он гэхэд 20,4 тэрбум болох ажээ. Хятад, Хойд Америк, Баруун Европт залгагдаж холбогдсон IT төхөөрөмж нь дэлхийн бүх төхөөрөмжийн 67 хувьтай тэнцэх болтол нэмэгдэнэ.

Интернэт төхөөрөмжийн аюулгүй байдал хөрөнгө оруулагчдыг өөрсдийн нь IT-шийдвэрээс илүүтэйгээр зовоож буй. Энэ зах зээлд аюулгүйн хамгаалалтын систем бүтээгчид нь түүнийг дүгнэн хөгжлийн дараагийн шатыг тодорхойлж, хамгаалж амжихаас өмнө кибер гэмт хэрэгтнүүдийн гарт орж байгаа юм. Ботнетийн тусламжтайгаар зохион байгуулсан DDoS-довтолгоо нь улам бүр хүчирхэг болж буйг хэлэх нь чухал.

Интернэт төхөөрөмжийг аж үйлдвэрийн, хэрэглээний гэж ангилна. Ихувийн хэрэглээний интернэт төхөөрөмжүүдээс нэрлэхэд фитнес-бугуйвчууд, капсулийн чагнуурууд, зүрхний судасны эрхтнүүдийн ажиллагааг эрчимжүүлэх төхөөрөмжүүд, гэр ахуйн төхөөрөмжүүд: ухаалаг цаг, салхижуулагч төхөөрөмж, “ухаалаг гэр орны” ситемүүд багаж төхөөрөмжүүдийг, автомашин бусад өөрөө явагч хэрэгслүүдийг хэлж болно.

Эдгээр төхөөрөмж нь хакерийн нэг довтолгооноор бүгд унтарч тасарна гэж төсөөлөхөд бэрх. Аж үйлдвэрийн ангилалд ухаалаг багаж төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрүүдийг онцолж болно. Ухаалаг эд зүйлийн ажиллагааг хаагаад дараа нь түүнийг шан хөлсөөр тайлах, сэргээх зальтнуудын тоо энэ онд өсөх магадлал өндөртөй байна.

Интернэт эд зүйлийн ээдрээтэй ухаалаг төхөөрөмжүүд нь мэдээлэл цуглуулах гол аюул байна. Хэрэглэгчдийн хувьд ойлголт муутай, хамгаалалтын стандарт, шаардлага боловсроогүй байгаа. Хэрэглэгчдийн зүгээс я энэ талын янз бүрийн гомдол гарахгүй байгаа нь үйлдвэрлэгч нарт хамгаалалтын хэрэгсэл бүтээх сонирхлыг төрүүлэхгүй байна.

Эдгээр төхөөрөмжийн тусламжтайгаар хулгай хийх, яриа сонсох, амь насанд халдах хүртэл гэмт хэргийг хийх боломжтой. Автомат удирдлагын машин гэж одоо их ярьж байгаа ч түүний программыг өөрчлөн осол зохион байгуулж болно. Интернэтэд залгагдсан төхөөрөмжийн тусламжтайгаар тагнах, хорлон сүйтгэх, өрсөлдөгчөө дарамтлах зэргээр бүхий л үйлдлийг хийж болох ажээ.

Энэ бүгдтэй тэмцэхийн тулд эхлээд нэгдмэл стандарт боловсруулж интернэт эд зүйлийн импортыг өөрийнхөөр орлуулах нь чухал хэмээн Наталья Касперская уриалжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж