“Универсиад”-ын тамирчдад төрийн далбаа хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

“Универсиад”-ын тамирчдад төрийн далбаа хүлээлгэн өглөө

БНХАУ-ын Гуандун мужийн Шинжинь хотноо болох дэлхийн оюутны спортын зуны 26 дахь удаагийн “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордонд боллоо. Өмнөх наадмуудаас онцлогтой нь энэ жил Монголын баг маш өргөн бүрэлдэхүүнтэй, тодруулбал, спортын 13 төрөлд нийт 157 тамирчин оролцохоор бэлтгэл хангагдаад байна. “Бага олимп” гэх албан бус тодотголтой дэлхийн оюутан залуусын “Универсиад” наадам энэ сарын 12-23-ны өдөр урд хөршийн Шинжинь хотноо спортын 22 төрлөөр зохиогдоно. Харин Монголын тамирчид усан спорт, гимнастик, теннис, ширээний теннис, жүдо, аэробик, бадминтон, байт харваа, шатар, дугуй, буудлага, таэквондо болон хүндийг өргөлт гэсэн 13 төрөлд тамирчдаа сойх юм.

Өнөөдрийн арга хэмжээнд хэдхэн хоногийн дараа “Универсиад” наадмыг зорих Монголын баг бүрэлдэхүүн, тамирчин, дасгалжуулагчдаас гадна УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

1959 оноос эхтэй “Универсиад” наадамд Монголын баг 1965 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон наадамд анхлан хөл тавьжээ. Улмаар өдгөөг хүртэлх хугацаанд Монголын тамирчид нийт 16 медаль хүртээд байна. Үүнээс чөлөөт бөхийн төрөлд Ц.Нацагдорж /1973 он/, З.Ойдов /1977 он/, З.Дүвчин /1977/, Б.Наранбаатар /2005 он/, жүдо бөхийн төрөлд Х.Болдбаатар /1999 он/, М.Бундмаа /2007 он/ нар дэлхийн “Универсиад” наадмын аварга болж байв.

Харин энэ удаад Монголын тамирчид өмнөх амжилтаа ахиулах зорилго өвөртлөн урд хөршийг зорих гэж буй. “Универсиад”-д оролцох Монголын баг тамирчдын сонгон шалгаруулалт өнгөрсөн гуравдугаар сард эхэлж, Монголын 10 дугаар “Универсиад”-аас шалгарсан тамирчид ийнхүү дэлхийн тавцанд өрсөлдөх гэж байгаа юм. Тэдгээр тамирчид бол Монголын 8000 гаруй тамирчдаас шилж, сонгогдсон, Монголын 150 мянга гаруй оюутны төлөөлөл болж буйг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр хэлсэн үгэндээ онцолсон. Баг тамирчдын ахлагчаар БТСГ-ын дарга Ч.Наранбаатар сонгогдсон байна.

Баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үеэр шатрын их мастер, дэлхийн оюутны хошой аварга Б.Мөнгөнтуул тамирчдын тангараг өргөж, их наадамд оролцох аэробикийн тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхуулсан юм. Мөн “Универсиад”-д оролцох Монголын баг тамирчдыг дэмжин ажиллаж буй Голомт банк болон UnionPay байгууллагаас тамирчдад UnionPay төлбөрийн карт гардуулсан.

Төгсгөлд нь Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нар баг тамирчдын ахлагч, БТСГ-ын дарга Ч.Наранбаатарт Монголын төрийн далбааг хүлээлгэн өгч, дэлхийн оюутан залуусын “Универсиад” их наадмын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулахыг хүссэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж