ҮБХ-г худалдаж авах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2017.03.13-нд нийтлэгдсэн

ҮБХ-г худалдаж авах эрсдэлтэй

Ардчилсан намын шат, шатны дотоод сонгуулийн санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд болохтой холбоотойгоор энэ өдрүүдэд нэр дэвшигчид бүртгэлээ хийлгэж байна.

Тодруулбал, аймаг, нийслэл, сум, , дүүргийн Ардчилсан намын дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгохтой холбоотойгоор бүртгэлийг хийж буй юм. Бүртгүүлэхдээ нэр дэвшигч тус бүр дэнчин, хураамж төлөх ёстой.

Тухайлбал, Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд хураамж болгож 3 сая, дэнчин болгож 3 сая төгрөг тус бүр төлнө. Үүнийг Ардчилсан намын зарим гишүүн хэт өндөр тогтоосон. Дотоод сонгуулийг зохион байгуулах хороо дүрмээ зөрчиж, шийдвэр гаргасан гэж үзэж буй юм.

Энэ талаар бид гишүүдээс нь байр суурийг нь сонирхлоо.

“Намд санхүүжилт хэрэгтэй”

-Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд дэнчин болгож 3 сая, хураамж болгож 3 сая төгрөг тус, тус төлнө. Зарим гишүүн үндэслэлгүйгээр дэнчин, хураамжийн хэмжээг нэмсэн тухай ярьж байна, таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Ардчилсан намын гишүүн Д.Дүгэрсүрэн: Намд санхүүжилт хэрэгтэй. Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд нийт 6 сая төгрөг төлнө, бололцооны зөв л гэж үзэж байна. Гурван саяыг хураамжид, гурван саяыг дэнчин болгож өгнө. Энэ мөнгийг би өөрөө л босгоно. Хүнээс авалтай нь биш.

“Дэнчин, хураамж бага байвал ҮБХ-г худалдаад авчих эрсдэлтэй”

Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Н.Ганибаль: 3 сая төгрөгийн хураамж нь УИХ-ын сонгууль зохион байгуулахтай холбоотой зардал байхгүй юу, энэ хэмжээний зардал гарна. Жишээлбэл, Баянхонгор аймагт гурван тойрогт баг болгон дээр сонгуулийн хэсгийн хороод байгуулагдаж санал авна. Уулзалт зохион байгуулна. Тэгэхээр дотоод сонгуулийн үйл ажиллагааны зардалдаа 3 сая төгрөг явна.

Үлдсэн 3 сая төгрөг нь намын татвар. Татвар өөрөө намын бүтэн жилийн үйл ажиллагааны зардал болно. Өмнө нь ч гэсэн мөнгө авдаг л байсан.

-Мөнгөгүй гишүүдийн хувьд дотоод сонгуульд өрсөлдөх боломжгүй, хэн нэг мөнгөтэй хүний халаасанд багтах болохгүй юу?

-Бүх улс төрийн намууд өөрсдөө татвараараа санхүүжээд явдаг. Хэрвээ дотоод сонгуульд өрсөлдөхөд тавьж байгаа дэнчин, хураамжийн хэмжээ нь бага байх юм бол Ардчилсан намын хамгийн дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороог тодорхой хүмүүс худалдаад авах боломжтой. Жишээлбэл, 1 сая төгрөг байх юм бол нэг компани 20 сая төгрөг гаргаад 20 хүнийг санхүүжүүлээд явах боломж байсан. Өнөөдөр нэг хүний 6 сая төгрөг гэхээр 20 хүнийг авах болбол 120 сая төгрөг шаардлагатай. Тэгэхээр худалдаж авах боломжгүй, хааж байгаа л гэсэн үг л дээ.

Гэхдээ үндэсний хэмжээний намын хувьд үйл ажиллагаа явуулахын тулд өнөөдөр авч байсан мөнгө хангалттай хүрэлцэхгүй байх асуудал үүсэж болзошгүй. Хэрвээ бага байх юм бол өсгөж ч болно.

“Боломжийн гэж бодож байна”

-Бүртгүүлээд гарч ирлээ, Үндэсний бодлогын хороонд өрсөлдөхөд нийт 6 сая төгрөг төлж байгаа. Үүнийг та хүлээн зөвшөөрч байна уу?

Ардчилсан намын гишүүн Х.Норов: -Улс төрийн хүчин, үүрэг хариуцлага хүлээж байгаа. Эхлэл хэсэг дээрээ боломжийн гэж бодож байна. Дараа жилээсээ нэг жилийн 3 сая болох болов уу.

-Дотоод сонгуулийн хороо эрх мэдлээ хэтрүүлээд хураамж, дэнчинг нэмлээ гэдэг асуудал яригдаж байна. Улсын Дээд шүүхэд Ардчилсан намын дүрмийг бүртгүүлээгүй хэрнээ Дотоод сонгуулийн хороо дур зоргоороо шийдвэр гаргаж, шат, шатны сонгуульд өрсөлдөхөд тавих хураамж, дэнчинг нэмлээ гэх асуудлыг өнөөдөр Ц.Оюунгэрэл нарын гишүүд тавилаа. Танд тодорхой мэдээлэл байна уу?

-Дотоод сонгуулийн хорооны талаар мэдээлэл алга. Цаанаасаа өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу үүргээ гүйцэтгээд явж буй байх. Дүрмээ зөрчсөн эсэхийг Үндсэн дүрмийг хянадаг хороо байгаа, тэндээс хэлэлцээд шийдвэр гаргаж таарна. Тэр чиглэлээс шийдвэр ирээгүй учраас зөрчөөгүй болов уу л гэж бодож байна.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж