Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн саруудад Олон улсын валютын сан/ОУВС/-тай хэлэлцээр хийснээр санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэхээр урьдчилсан тохиролцоонд хүрсэн.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр болж байгаа. Засгийн газрын зүгээс татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдэлд хүрсэн нь аргагүйд хүрсэн алхам хэмээн тайлбарлаж буй.
Тэгвэл Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс “Засгийн газар татварыг нэмсэн нөхцөлд гурван талт хэлэлцээрт заасан зарчмаа зөрчинө. Татварыг өсгөх нь ард иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх болно” гэж мэдэгдэж байгаа.
Энэ долоо хоногийн “VS” буландаа Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарын байр суурийг онцоллоо.
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
| Х.АМГАЛАНБААТАР |
Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийсний дүнд долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн. Эцсийн шийдлийг УИХ гаргана, тодорхой зохицуулалт хийж болно. Гэхдээ энийг хийхгүйгээр хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Хэлэлцээр амаргүй нөхцөлд болсныг хэлэх ёстой. Хөтөлбөрт тусгаснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр заасан. Шимтгэлийн хувь хэмжээг өсгөх нь ажил олгогч болон шимтгэл төлөгч хоёрт тодорхой хэмжээний дарамт болно, нуух юм байхгүй. Гэхдээ одооноос бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2019 оноос төсвөөс Тэтгэврийн сан руу нэг их наяд төгрөгийн татаас өгөх шаардлага үүсэж байгаа. Энэ хэмжээний татаасыг төсвөөс хийх боломжгүй. Эх үүсвэргүй учраас л аргаа бараад хийсэн алхам. Мөн бүх хадгаламжийн хүүгийн орлогод нь татвар ногдуулахаар заасан. Өмнө нь энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээд хэрэгжих хугацааг нь 2018 оны нэгдүгээр сарын 1 –н болгож хойшлуулсныг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-н болгож есөн сараар урагшлуулж байгаа юм. Шатахууны Онцгой албан татвар/ОАТ/-ыг долдугаар сарын 1-нээс нэмэхээр хөтөлбөрт тусгасан. Ер нь манай улсын бүхий л ОАТ бусад улс орныхтой харьцуулахад бага. Улс орнуудын ОАТ нь дунджаар ДНБ-ийнх нь найман хувьтай тэнцдэг бол манайд хоёр хувьд ч хүрэхгүй байгаа. Дээр нь татвар нэмэхээс аргагүй нөхцөлд байгааг ойлгох хэрэгтэй. Орлого, зарлага хоёрын баланс алдагдсан маш амаргүй нөхцөлд байгаа. Зарлага нь орлогоосоо даваад байхаар зээл тавьдаг, эцэстээ өр нь тааз нэвтлээд явдаг хариуцлагагүй юм руу орж байна. Хэсэг хугацаанд буюу энэ оныг дуустал бүсээ чангалахаас аргагүй. Оны төгсгөл гэхэд хувийн салбар талдаа гайгүй болно. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр төсөвт бий болсон 10.6 хувийн алдагдлыг тус сангаас орж ирэх хөнгөлөлттэй валютаар санхүүжүүлнэ. Ингээд ирэхээр валютын ханшийн өсөлт ч саарна. Засгийн газар улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавиад ийм сонголт хийсэн. |
| Өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Цалин нэмэгдээгүй байхад татварыг нэмэх нь зүйд нийцэх үү. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан аж ахуй нэгж, иргэдэд тулгарч буй хүндрэл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ хэмээн гурван талт хэлэлцээрт оруулсан ч зарим бараа бүтээгдэхүүний үнэ өсч болзошгүй нөхцөл үүсгэлээ. Мөн гурван талт хэлэлцээрт “Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой аливаа санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ одоогийн хүрсэн амьжиргааны түвшнийг дордуулахгүй байх, ажлын байрыг хадгалах улмаар ажлын байр нэмэгдүүлэх нөхцөлтэйгээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт оруулсан мөн л зөрчигдөх нь. Засгийн газрыг хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг дагаж, ОУВС-тай хөтөлбөрөө эцэслэн тохирч хэрэгжүүлэх шаардлагыг тавьж байна. Засгийн газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтарч хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг байгуулсан. Тус хэлэлцээрийн 2.4-т бүх төрлийн татварын хэмжээг өөрчлөх, шинэ төрлийн татвар бий болгоход түншлэгч талуудтай урьдчилан зөвшилцөх ёстой гэснийг шууд утгаараа зөрчих болоод байна. Хөтөлбөрт тусгаснаар Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос нэмэгдүүлнэ, Хувь хүний орлогын албан татвар болон бусад долоон төрлийн татвар нэмнэ гэж байгаа. Эдгээр нь МҮЭХ хамтын маргаан эхлүүлэх нөхцөл байдал үүсгээд байна.
Нефть импортлогч компаниуд шатахууны үнээ хууль бусаар нэмсэн. Хуучин үнэнд нь буцааж оруул гэдэг шаардлагыг компаниудад өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл шатахууны үнэ буураагүй. Ийм байхад Онцгой албан татварыг нэмэх нь шатахууны үнэ, тарифыг нэмэгдүүлэх том хөшүүрэг. ОУВС-гийн хөтөлбөрт тусгасан асуудлууд нь гурван талт хэлэлцээрийн заалтыг зөрчиж байгаа учраас Засгийн газар татварын асуудлыг эргэн харах шаардлагатай.
|
БЭЛТГЭСЭН Г.ХОРОЛ