Метилийн буюу техникийн спирт ууж нас барсан иргэдийн тоо он гарсаар наймд хүрлээ. Шинэ оны өмнө Дорнод аймагт метилийн спиртийн хордлогоор дөрвөн хүн нас барж, 15 хүн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 17-нд Баянгол дүүрэгт таван иргэн "Гайхмаараа" шил арчирч ууж амиа алдсаныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжилгээгээр тогтоогдсон. Цаашид энэ асуудалд мэргэжлийнхэн хяналт тавьж, гарц хайхгүй бол хүнсэнд ашиглахыг хориглосон спиртэд хордож нэг дор дөрөв, таван хүн нас барах тохиолдол тасрахгүй, нэмэгдэх аюул дагуулсан хэвээр байна.
Хордлогод орсон гурван жолооч сэхээний тасгаас гарчээ
Техникийн спиртийг архи хэмээн найруулж уусан байж болзошгүй хамгийн сүүлийн тохиолдол гуравдугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд гарч, гурван хүн амиа алдаж, гурван хүний бие хүнд байгаа талаар "NEWS.MN" сайт мэдээлсэн билээ. Нүүрс тээвэрлэлтийн жолооч нар юунаас болж амиа алдсан нь одоогоор тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа юм. Гэхдээ мэргэжлийн байгууллагынхан өвчтөний биеийн байдал, хэргийн газрын үзлэгээс үндэслэж, техникийн спиртээс хордсон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргасан. Талийгаачдын хоёр нь хордлогоор, нэг нь авто өслөөр өөд болжээ. Өөрөөр хэлбэл, гүн хордлогод орсон жолоочийн бие муудаж, замдаа жолоогоо барьж чадалгүй алдсанаас зам тээврийн осол гаргажээ. Талийгаачид Улаанбаатарын харьяат байсан учир өнгөрсөн Даваа гаригт /2017.03.13/ цогцсыг нь нийслэлд авчирсан байна. Харин үлдсэн гурван хүн нь Өмнөговь аймгийн Даланзадгад дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв /БОЭТ/-д хордлого тайлуулах эмчилгээ хийлгэжээ. Тэдний бие ө сайжирч, өчигдөр /2017.03.14/ эрчимт эмчилгээний тасгаас жирийн тасаг руу шилжсэнийг орон нутгийн эмнэлгээс нь мэдээллээ. Өвчтөнүүдэд хор тайлах болон, гемодализын эмчилгээ хийж буйг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв. Тэрбээр “Жолооч нарын нэг нь эмнэлэгт ирэхдээ маш хүнд байдалтай ирсэн. Эрчимтэй арга хэмжээ авсны үр дүнд одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Гурван өвчтөнд гемодиализ, хор тайлах, зүрх судас дэмжих эмчилгээ хийж байгаа. Бид эндээс Өмнөговь аймгийн эмч нартай цахимаар холбогдож, өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцах, зөвлөгөө оношилгоо хийх зэргээр ажиллаж байна. Мөн тус аймагт халдвар эсэргүүцэх арга хэмжээ зохион байгуулж, үл мэдэгдэх шингэнийг өөр хүмүүс хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор ажиллаж эхэлсэн” гэв.
Техникийн спирт найруулж уусан гэх залуус 26-37 насныхан байжээ
Хэрэг явдал төрсөн өдрийн баяраас эхэлжээ. Эх сурвалжийн хэлснээр Тавантолгойн тээвэрлэлтэд явдаг жолооч нарын нэгнийх нь төрсөн өдөр энэ сарын 7-нд гарсан байна. Маргааш нь "Мартын 8" тохиосон учраас тэд үргэлжлүүлэн уусан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Амиа алдсан гурав болон эмчилгээ хийлгүүлж байгаа гурван жолоочоос бусад нь техникийн шингэн уугаагүй бололтой. Нас барсан гурван иргэний тухайд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын ногоон багийн нутаг дэвсгэрт буюу “Таван толгойн” уурхайгаас Гашуун сухайтын боомт хүртэлх замын 90 дэх км-т байрлах цайны газар буюу гэр буудалд нас баржээ. Баян-Овоо сумын эмч, цагдаагийн хамтаар тусламж үзүүлэхээр ирэхэд хэргийн газарт байсан иргэд Ховд аймаг болон Улаанбаатар хотын харьяат талийгаач 33, 37 настай Б, С нарын амнаас нь цагаан хөөс гарч, таталт өгсөн, шокны байдалтай ирээд амьсгал хураасан хэмээн мэдүүлсэн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Харин Хан-Уул дүүргийн харьяат 26 настай Э нь бие нь чилээрхнээс болж жолоогоо алдсан тул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас амиа алдсаныг онцолсон юм. Талийгаач Э нь Ханбогд сумын эмнэлэгт өнгөрсөн баасан гаригт /2017.03.10/1 15.30 цагийн орчимд хүргэгдээд гэмтлээ даалгүй, амнаас цагаан хөөс гарч, таталт өгсөн байдалтайгаар 16.40 цагийн орчимд амьсгал хураажээ.
Талийгаачдын цогцост задлан хийжээ
Өмнөговь дахь шүүх эмнэлгийн шинжээчид хордлогоор нас барсан гэх хоёр талийгаачийн цогцост задлан хийжээ. Хуулийн дагуу 14 хоногийн дотор буюу ирэх долоо хоногийн сүүлээр шинжилгээний хариу гарах юм байна. Энэ нь талийгчид техникийн спиртэд яг хордсон эсэх нь баталгаажна гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас тайлбарлав. Харин тус байгууллагын зүгээс хоолны хордлого буюу хэн нэгэн санаатайгаар хордуулсан байж болзошгүй гэх мэдээлэлд хариулт олохоор Цогтцэций, Баян-Овоо сумдын зам дагуух Цагаан хадны ойр орчмын цайны газар, гэр буудал, хүнсний дэлгүүрүүдэд шалгалт явуулж, шуурхай ажиллан хоол, ундны уснаас нь дээж авч, шинжилжээ. Шинжилгээний хариу эцэслэн гараагүйг МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин ярилаа. Мөн тэрбээр “Зам дагуу согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй найман дэлгүүрт зарагдаж байсан 7000 гаруй архи, согтууруулах ундааг худалдахыг түр хугацааг хориглон шинжлэх дээж авсан. Талийгаачдын харьяалагдаж байсан нүүрс тээвэрлэлтийн компанийн ачилтыг өчигдөр хүртэл /2017.03.14/ хязгаарласан” тухайгаа тодотгон тайлбарлав.
Спирттэй холбоотой хүн амины хэргийг Даланзадгад сумын цагдаагийн байгууллага шалгаж байна. Мэргэжлийн байгууллагууд техникийн буюу метилийн спиртэд жолооч нар хордсон байж болзошгүй гэж мэдээлээд буй. Мөн талийгаачдаас гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд “Мими” гэх мансууруулах нунтаг бодисыг давхар хэрэглэсэн байж болзошгүй гэсэн таамаг эрүүл мэндийн салбарынханд байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй юм.
Гэрэл зургийг Э.ЭНХБАТ, Ц.АРИУНБОЛД