Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс тус улсын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах шийдвэр гаргалаа. Өөрийн болон өөр бусдаас үүдэлтэй элдэв таагүй дуулиан шуугианд нэр холбогдож, зүй бусаар албан тушаалаасаа буусан Өмнөд Солонгосын төрийн тэргүүн нарын хар жагсаалтын хамгийн төгсгөлд ийнхүү Пак Гын Хэ бичигдэх болж байна.
Тэрхүү хар жагсаалтад хэн хэний нэр багтсан бэ?
И СИН-МАНЬ (1945.08.15-1960.04.26)
Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч И Син-мань гэх эрхмээр энэ жагсаалт эхэлнэ. 1960 оны гуравдугаар сарын 15-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар сонгогчдын саналыг луйвардсан гэх дуулианд холбогдож, улс орон даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, 1960 оны дөрөвдүгээр сарын 26-нд түүнийг албан тушаалаас нь огцруулжээ. Улмаар И Син-мань Хавайд цөлөгдөж, 1965 онд долдугаар сарын 28-нд тэнд таалал төгссөн байна.
ПАК ЖОН-ХИ (1963.12.17-1979.10.26)
Пак Жон-хи бол одоогийн дуулианы эзэн болсон Пак Гын Хэгийн эцэг юм. Тэрээр 1961 оны тавдугаар сарын 19-нд цэргийн хүчээр төрийн эрхийг гартаа авсан бөгөөд 1963 оны арванхоёрдугаар сарын 17-нд Өмнөд Солонгосын гурав дахь ерөнхийлөгч болжээ.
Тус улсын өнөөгийн эдийн засгийн өсөлтийн үндэс суурийг тавьсан гавьяатай боловч хэт хатуу төмөр нударгаар улс орноо удирдаж байсан дарангуйлагч гэж шүүмжлэгддэг. Пак Жон-хи Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, эрх барих бүхий л төвшинд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байв.
Түүний гэргий Юк Юн-сү 1974 онд Хойд Солонгосын тагнуулын гарт амиа алджээ. Түүнээс хойш таван жилийн дараа буюу 1979 оны аравдугаар сарын 26-нд Пак Жон-хи тагнуулын албаны даргадаа алагдсан юм.
ЧУНЬ ДҮ-ХУАН (1980.09.01-1988.02.24) БА НУ ТЭ-Ү (1988.02.25-1993.02.24)
Пак Жон-хи алагдсаны дараа Чой Кюү-ха тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогджээ. Түүний эрх барих хугацаа жил хүрэхгүй хугацаанд дуусгавар болсон гэдэг. Учир нь Армийн генерал Чунь Дү-хуан 1979 оны арванхоёрдугаар сарын 12-нд цэргийн хүчээр төрийн эрхийг булаажээ.
Ардчилсан засаглалыг шаардсан ард түмний тэмцэл, эсэргүүцэл хурцдаж, улмаар Чунь улс орон даяар ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар амлав.
Ингээд 1988 оны хоёрдугаар сард болсон тус улсын түүхэн дэх анхны ардчилсан сонгуулиар Ну Тэ-Ү төрийн тэргүүнээр сонгогджээ. Эдийн засгийн өсөлтийг хангаж, 1988 оны Сөүлийн олимпийг амжилттай зохион байгуулсан гавьяа түүнээр овоглогддог. Гэхдээ тэр улс төрийн дайснуудаа харгис хэрцгий байдлаар замаасаа зайлуулдаг байсан гэгддэг.
Ну Тэ-Ү, Чунь Дү-хуан нар хоёул авлига, хээл хахууль, үймээн самуун дэгдээсэн үндэслэлээр ял сонсож, урт хугацааны хорих ялаар шийтгүүлжээ.
КИМ ЁН-САМ (1993.02.25-1998.02.24)
Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн том авлигын эсрэг аяныг тэр удирдаж байв. Түүнийг төрийн эрх барих хугацаанд өмнөх хоёр ерөнхийлөгч авлига болон бусад хэргээр ял шийтгүүлсэн юм.
Ким Ён-сам улсын санхүүгийн системийг сайжруулахад онцгой гавьяа байгуулсан гэгддэг ч түүний хүү, ойрын туслах нар нэр холбогдсон бохир хэргийн дуулианаас холуур өнгөрч чадаагүй аж.
1997 онд “Hanbo Steel” компани дампуурч, үр дагавраар нь “Kia Motors”, “Hansin” гээд олон компанийн байдал хэцүүдэв. Улсын зээлжих зэрэглэл огцом уруудаж, валютын нөөц нь шавхагджээ. Ингээд Кимийн удирдлага дор БНСУ Олон улсын валютын сангийн 58 тэрбум ам.долларын bailout хөтөлбөрт хамрагдах болсон байна.
Түүний хүү авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдсон бөгөөд Ким үүний төлөө олон нийтээс уучлал хүсэж байв.
КИМ ДЭ-ЖҮН (1998.02.25-2003.02.24)
Ким Дэ-жүн 2000 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч юм. Хоёр Солонгосын хоорондох харилцааг сэргээх алхмууд нь түүнд нэр алдар авчирсан. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь дуусахын өмнө авлига, хээл хахуулийн хэрэгт холбогджээ.
НО МУ ХЁН (2003.02.25-2008.02.24)
БНСУ-ын ерөнхийлөгч асан Но Му Хён бол авторитор дэглэмийг эцэслэсэн гавьяатай нэгэн. Харамсалтай нь авлигын дуулианаас холуур өнгөрч чадсангүй.
Албан тушаалаасаа огцорсны дараа түүний авлигын хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Хэрэг даамжирч, гүнзгийрэхийн хэрээр түүнд ирэх дарамт шахалт, шүүмжлэл хурцдаж, улмаар Но Му Хён 2009 оны тавдугаар сарын 23-нд хадан цохионоос үсэрч, амиа хорложээ.
И МЁН-БАГ (2008.02.25-2013.02.24)
И Мён-баг БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохынхоо өмнө залилангийн хэрэгт нэр холбогдож байж. Мөн түүнийг эрх барьж байх үед 2008 онд АНУ-аас чанарын шаардлага хангахгүй үхрийн мах импортоор оруулсан гэх хэргээс үүдэн томоохон хэмжээний эсэргүүцэл өрнөж байв.
И Мён-баг өөрөө авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсангүй, гэхдээ түүний ах, дотны нөхөд, ойрын хамтрагчид нь хууль зөрчсөн үйлдлийнхээ төлөө ял шийтгүүлжээ.
С.ЦЭЛМЭГ