Яамдаар сонин юутай вэ?

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Яамдаар сонин юутай вэ?

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦУУД НҮҮРСНИЙ 20 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хувьд өвөлжилтийн бэлтгэлд гол анхаарлаа хан­дуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар, дулааны цахилгаан станцууд нүүрсний 20 хоногийн нөөцтэй байгаа аж. Станц, дулааны шугам сүлжээнүүдийн их засвар, шинэчлэлийн ажлын явц дунджаар 50 орчим, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүдийн их засвар 30, эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын их засвар 55 хүртэл хувьтай байна.

Нүүрсний уурхайнуудын нүүрс олборлолт, борлуулалтын гүйцэтгэл дунджаар 96 хувьтай байгаа бол нүүрс олборлогч уурхай­нуудын хөрс хуулалт 65-97.6 хувьтай байна. Энэ нь үйлдвэрлэлийн шууд алдагдал, санхүүгийн бэрхшээлээс болж уулын үндсэн тоног төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээ удаа­ширч байгаатай холбоотой юм. Гэхдээ энэ жилээс станц болон уурхайнууд хооронд үүссэн өрийн сүлжээ арилж байгаа таатай мэдээ бий.

Төвлөрсөн дулаан хангамжтай таван аймаг, нэг сумын өвөлжилтийн бэлтгэл төлөвлөсний дагуу явж буй аж. Өнгөрсөн өвөл хөлдөж, хүнд байдалд орж байсан Увс аймгийн дулааны цахилгаан стан­цын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар Эрчим хүчний газар нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд засварын ажлын явц 45 хувьд хүрчээ.

Дизель станцтай Завхан аймгийн Улиастайн эрчим хүчний үйлдвэр дизель болон цахилгаан шугам сүлжээний их засвараа эхэлсэн бол Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд эрчим хүч­ний үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хү­рээнд улсын төсвийн хөрөнгөөр хоёр дизель станц суурилуулах сонгон шалгаруулалт зарлагдан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан байна.

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТӨЛӨВЛӨСНИЙ ДАГУУ  ХИЙЖ  БАЙНА

Зам, тээвэр, барилга, нийтийн аж ахуйн салбарынхан ч өвөлжилтийн бэлтгэл ажилдаа оржээ. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам­ны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, энэ намартаа багтаан салбарын хэмжээнд 55 ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, иргэний нисэхийн салбарт 27 арга хэмжээ авахаар төлөвлөснөөс Хөвсгөл, Ховд аймгийн Булганы нисэх буудлын барилгын их засвар, өргөтгөлийг хийж дуусгажээ.  Өмнөговь, Баян­хонгор аймгийн нисэх буудлуудад шаард­лага­тай тоног төхөөрөмж, зориулалтын авто­машиныг нийлүүлсэн байна.

Төмөр замын салбарт хийх 15 томоохон ажил байгаа бөгөөд энэ хүрээнд суудлын болон ачааны вагонуудад засвар хийж дуусчээ. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчил­гээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өвөлжилтийн бэлтгэлээ хангах чиглэл өгч, ес дүгээр сард шалга­хаар болжээ. Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулал­таар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээ­ний хэрэгжилтийн явц, чанарт тавих хяналтаа сайжруулж, барилга, байгууламжийг хуга­цаанд нь ашиглалтад оруулах хуваарь гарган ажиллаж байгаа гэнэ. Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газ­рын харьяа байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 71.5 хувьтай байгаа бөгөөд инженерийн шугам, сүлжээний их, урсгал зас­варт 1.8 тэрбум төгрөг   зарцуулжээ. Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Төв зэрэг аймагт нийтийн аж ахуйн чиглэлээр хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан бол Хөвсгөл аймгийн усан хангамжийг сайж­руу­лах ажлын гүйцэтгэгчийг удахгүй сонгон шалгаруулна. Улсын чанартай авто замын засварын хувьд зам засвар, арчлалтын 21 компани ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар явц нь 60 хувьтай, нийслэлийн төсөв болон Замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа авто зам, замын засвар 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ: НИЙТ НУТГИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ЗУНШЛАГА САЙТАЙ

“Мал аж ахуйн өвөлжилтийн  бэлтгэлийг хангуу­лахаар Засгийн газраас гаргасан  тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байгаа” гэж тус яамныхан хэлж байна.

Өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар орон нутагт зохион байгуулж байгаа ажлын явцтай танилцан, биелэлтийг  эрчимжүүлэх, энэ чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, шийд­вэрийг сурталчлахыг салбарын сайд нь саяхан аймаг, нийслэлийн удирдлагуудад даалгасан аж. Мөн “Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний биелэлттэй танилцан хэрэгжилт нь дутуу байгаа заалтуудыг бүрэн биелүүлэх арга хэмжээ авахыг ч даалгасан байна.

Манай улсын хувьд сайхан зун болж байгаа бөгөөд нийт нутгийн 90 орчим хувь нь зуншлага сайтай, Дорнод, Хэнтий зэрэг аймгийн цөөн хэдэн сум гандуу байгаа аж. Одоогийн байдлаар 160 гаруй мянган малчин өрхөд 43 орчим сая мал зусаж, намаржих төлөв гарчээ.

Улсын хэмжээнд энэ жил нэг сая гаруй тонн хадлан, 40 мянган тонн гар тэжээл, үйлдвэрийн аргаар 130 орчим мянган тэжээл бэлдэхээр төлөвлөжээ. Улсын хэмжээнд 343 мянга гаруй га-д тариалалт хийсэн бөгөөд одоогоор ургацад нөлөөлөх ноцтой хүндрэл гараагүй байгаа аж.

Улсын хэмжээнд 1500 гаруй дугуйт трактор, 800 орчим хадуур, 660 орчим тармуур, 335 хаман боогч, 750 орчим бага оврын трактор, тус бүр 900 орчим морин хадуур, тармуур хадланд гарахад бэлэн болж, техникийн бэлэн байдал 80 гаруй хувьд хүрчээ. Энэ жилийн хувьд наймдугаар сарын эхний долоо хоногт хадлангийн ажил жигдрэх байх гэсэн урьдчилсан тооцоо бий. Есөн аймгийн 71 сумын 325 мянган га талбайд үлийн цагаан оготнотой, таван аймгийн 22 сумын 115 мянган га-д царцаатай тэмцэж байгаа бөгөөд өнгөрсөн сарын 20-ны байдлаар 90 гаруй хувийн биелэлттэй байгаа аж.

Үүнээс гадна тус яамны зүгээс улсын төсвийн хөрөнгөөр энэ онд 21 аймаг, отрын бүс нутагт инженерийн хийцтэй 670 худаг, бусад санхүүжилтээр 300 гаруй худаг шинээр барихаар төлөвлөжээ. Эхний хагас жилийн байдлаар уг ажлын гүйцэтгэл 36 хувьтай байгаа. Нийт 42 сая гаруй малыг халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна.

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж