Монгол орон төөрдөг байшин мөн үү

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Монгол орон төөрдөг байшин мөн үү

Үүргэвчтэй жуулчид Мон­голыг зорьсоор байна. Тэд онгон зэрлэг байгалийг харж, нүүдэлчин ардын дахин дав­тагдашгүй соёлыг сонжих гэж яваа юм байх. Санаа нь уг нь сайхан юм. Даанч тэдний хүслийг биелүүлчих сачий монголчуудад байдаггүй. Аялал жуулчлалын ком­паниуд гадныхны өмнө Мон­гол орноо сурталчлах чадвартай хөтчийг ердөө нэг сар гаруйн хугацаанд бэлтгэдэг. Зун болж, аялал жуулчлалын улирал эхлэхийн өмнө түргэн авч, түргэвчилсэн курс төгссөн шинэхэн хөтөч нар аль ч учраа олохгүй сандрах нь элбэг. Гадаадын жуулчин “Энэ хийдийг  яагаад байгуулсан юм бол” гэж асууснаа хариултаа хүлээж ядаад эцэст нь “Энэ хавьд тоглож байсан хүүхдүүдийн нэрээр нэрлэсэн юм гэсэн үү” гэхэд монгол хөтөч хээвнэгэхэн “Тийм” гэж хариулна. Хөдөө нутагт энд, тэндгүй хэрсэн олон замаар сүлжиж, хаашаа явахаа үл мэдэгч царайлах хөтөч цүнхнээсээ газрын зураг, луу­жин гаргаж ирээд зам зааж өгсөн тухайгаа нэгэн жуулчин их л бахархангуй ярихыг ч сонсч байв. Иймэрхүү жишээ олон бий.

Эцсийн эцэст хөтөч нар Монголын нүүрийг тахалдаг гэдгээ мэддэг болов уу. Япончууд манайд ирчихээд нөгөө сайхан цэлийсэн тал нутгаар явахдаа хэдүүлээ бөөгнөрч, нэг нэгнийхээ хөл дээр гишгээд байж. Харин тэгсэн тэдний хөтөч болж цуг явсан монголчууд бие, биенийхээ барааг дөнгөж харах төдий хол зайтай явж, дураараа инээлдэж, тэн­хээ­гээрээ хашгирч байх юм гэнэ. Түүнийг ажигласан нэгэн япон жуулчин “Монголчууд ийм сайхан уудам нутагт амьдардаг болохоор энэ хэрээрээ уудам сэтгэж, чө­лөөтэй байж сурчээ” гэж дуу алдсан юм байх. Тэгэхээр хөтөч нар монголчуудыг төлөөлж байгаа биз. Гэвч тэд гайхуулж, үзүүлэх зүйл арвинтай Монгол орноо ха­рийн жуулчдаас чадварлаг нууж чаддаг. Харамчийнх уу, аль эсвэл хайхрамжгүйнх үү. Аль эсвэл аялал жуулчлалыг хөгжүүлнэ хэмээн том дуугарах хэрнээ төөрдөг байшин шиг болчихсон эх орноо бүрэн таньж мэдэх хүн ховордсоных уу. Хэлж мэдэхгүй юм.

Т.ЭЛИСА

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж