Тайваниас Монголд суугаа төлөөлөгч Хуан Куо Рун өчигдөр /2017.03.15/ Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн харьяаны “Гэр хотхон”-ы 10 айлд суурилуулсан бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зуухны хаалт болон халуун тогооны зориулалтын тавиурыг хүлээлгэн өглөө. Энэ нь бага насны хүүхдийг гэнэтийн түлэгдэх аюулаас урьдчилан сэргийлж, амь нас эрүүл мэндийг нь хамгаалахад тус дэм болох чин хүсэлтэй юм.
Төлөөлөгч Хуан Куо Рун уг хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө Монгол Улсад жилд олон хүүхэд түлэгдэж шаналдаг тухай дурдаад хүүхдийн түлэгдэх эрсдэл, аюулыг багасгах цаашид үгүй болгох халуун сэтгэл өвөрлөн хандив өргөж байгаагаа илэрхийлсэн юм. “Тайванийн гэр хотхон”-ы өрх айлуудаас эхлэн цаашид Монгол, Тайванийн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын хүч, сэтгэлийг нэгтгэн түлэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулж хамтран хүчин зүтгэхийг уриалсан юм.
Хандивын аяны нээлтэд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам оролцож, хүүхэд хамгаалал, ялангуяа түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй ажлыг дэмжин сайшааж буйгаа илэрхийлсэн бол ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах энэхүү ажлыг эмнэлгийн зүгээс дэмжиж хамтрахын сацуу, цаашид төрийн болон төрийн бус байгууллагын хамтын хүчээр түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх асуудалд ард нийтийн хандлага, ойлголтыг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээсэн юм.
Мөн Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч А. Амартүвшин хэлсэн үгэндээ энэхүү хамгаалах хэрэгслийг иргэд өөрсдөө хийж, амьдарч буй орчноо аюулгүй болгох тал дээр илүү анхаарах нь зүйтэй бөгөөд дүүргийн зүгээс холбогдох ажил, арга хэмжээг хийж гүйцэтгэж цаашид түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх ажилд илүү их анхаарал хандуулахаа илэрхийллээ.
Монголын өвөл хүйтэн, урт учир Монгол гэрт оршин суудаг айл өрхийн хувьд зайлшгүй гал түлэх шаардлагатай байдаг. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд айл өрхүүд Хятад улсад үйлдвэрлэгдсэн халуун тогоог түгээмэл ашиглах болсон ба зориулалтын тавиур байхгүй газар тавьж хоол, цайгаа бэлтгэх нь түгээмэл байдгын улмаас 5-аас доош насны хүүхдүүд түлэгдэх нь элбэг үзэгдэл болж байна.
Тус төлөөлөгчийн газрын ажилтан Монгол гэрийн зууханд гараа түлсэн тохиолдлоос үүдэн түлэгдэлтийн асуудлыг тодорхой хэмжээнд судалсны үндсэн дээр энэ ажлыг эхлүүлэх санаачлагыг гаргасан юм. Түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслүүдийг модоор хийсэн ба “Гэр хотхон”-ы айлд туршин тэдний санал, сэтгэгдлийг сонсож, засаж сайжруулсаны дагуу одоогоор 10 айлд суурилуулаад байна.
Төлөөлөгч Хуан Куо Рун сүүлийн хэдэн сарын хугацаанд хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа бөгөөд үүний жишээ нь баруун бүсийн 3 аймагт диализийн 6 аппарат, 3 зориулалтын ус шүүгч, Монголын хараагүйчүүдийн нийгэмлэгт баррель хэвлэгч машин хандивлах, алслагдмал сумын малчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх бичил төв байгуулах, хүүхдийн номын өргөөнд ном хандивлах зэрэг сайн үйлсийн ажлыг хийсэн байна.
Тайванийн Хүүхэд Гэр Бүлийг дэмжих сангийн Монгол дахь салбар 2004 оноос хойш Монголын нэн ядуу болон амжиргааны түвшингээс доогуур хэдэн арван айл өрхөд сар бүрийн тэтгэмж, эмнэлгийн үзлэг хүүхдүүдэд нь сургалтын тэтгэлэг олгож, суралцах боломжийг бүрдүүлэх зэрэг олон төрлийн тусламж дэмжлэг үзүүлж, өнгөрсөн 13 жилийн хугацаанд 17,000 хүүхдэд тусламжийн гараа сунгаж ажилласанаас 7100 нь аль хэдийн биеэ даах хэмжээнд хүрч Тайвань ард түмнээс Монгол ард түмэнд илгээсэн хайр энэрэлийг хүртээд байна.
Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн “Гэр хотхон”-нь 2007 онд байгуулагдсан одоогоор 69 амьжиргааны түвшин доогуур айл өрхөд амьдрах нөхцлийг бүрдүүлэн цэвэр усны худаг, сургууль, тохилог ариун цэврийн газар, номын сан, хурлын заал зэрэг тохижилттойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Мөн гэр хотхоны өрхүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд бичил мэргэжил, сургалтын төвийг ажиллуулдаг ба ноос ноолуур, эсгий урлалын бүтээгдэхүүнүүд урлаж борлуулахад нь дэмжлэг үзүүлж ажилладаг.
А.ТУЛГА