"АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД" ҮНДЭСНИЙ АВАРГЫН ЦУВРАЛЫГ 3-1-ЭЭР ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний Үндэсний аваргын цувралын 4 дэх тоглолт өчигдөр/2017.03.14/ МҮЭСТ ордонд боллоо. Аваргын цувралд Архангай, Сүхбаатар аймгийн багууд шалгаран үлдээд байгаа билээ. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт архангайчуудын ялалтаар өндөрлөв. Тэд өрсөлдөгчөө 103:86 онооны харьцаагаа буулган авснаар аварга болоход нэг алхам ойртлоо. Харин Сүхбаатарын залуусын хувьд одоо дараалсан гурван хожил авах хүндхэн даалгавартай үлдэв.
АРХАНГАЙН ЗАЛУУСЫН 15 ХОЛЫН ЗАЙН ШИДЭЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ
Энэ удаагийн цуврал тоглолтонд "Сүхбаатар Альянс Тех" багаас холбон тоглогч Карл Блейр торгуулийн улмаас оролцоогүй бол Архангайн талаас ОУХМ Ц.Мэргэн мөн л торгуультай учир талбайд гараагүй билээ. Ингээд тоглолтын эхний хоёр үе тун тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн бол III үед "Архангай Алтан Дорнодын Дайчид" багаас Хойд Солонгос легионер Ким Чол Мионг хоёр дараалсан алсын зайн шидэлтийг байнд тусгаж оноог 10 онооны зөрүүтэй болсон юм. Энэхүү оноо тоглолтыг өндөрлөхөд гол үүрэг гүйцэтгэжээ.
Архангай аймгийн шигшээ багаас Маркус Хаммондс 23 оноо, 15 самбар авалтаар багаа тэргүүлсэн бол Хойд Солонгосын легионер Ким Чол Мионг, АНУ-ын Роберт Турнер 17 оноо, Г.Баттөр, Э.Цэвэлдорж, О.Энхбаатар нар тус бүр 10-аас дээш оноог авчээ. Мөн тус багаас 15 холын зайн шидэлтийг амжилттай болгосон байна.
Харин гурав дараалсан хожигдол хүлээгээд байгаа "Сүхбаатар Альянс Тех харцага" багаас Карл Блейрийн эзгүйд Марвел Харрис 27 оноо 12 самбар авч багаа тэргүүлсэн бол Э.Дөлгөөн 19 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт, холбон тоглогч Б.Золбаяр 10 оноо авсан бол бусад тоглогчид нь тун хангалтгүй байлаа. Мөн Хойд Солонгосын легионер Ким Чон Ил 3 шугамын араас 7 удаа шидсэн ч оноо болгож чадаагүй бол 25 удаа холын зайн оролдлого хийж таван удаа л амжилттай болгосон юм.
Ийнхүү 21 аймгийн Үндэсний лигийн аваргын төлөөх цувралыг 3:1-ээр архангайчууд тэргүүлж эхэллээ. Одоо тэдэнд ганц хожил хэрэгтэй бол Сүхбаатарын залуус гурав дараалсан хожих хүндхэн даалгавартай үлдэж байна.
Ч.БОЛОР