Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

МОНГОЛД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЪЯ


Манай сонины цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд бид газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, судлаачид, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар  УИХ-ын зарим гишүүний  байр суурийг сонирхсон юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ЭРХИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

-Бид шатахууны хомсдолд орж байгаа нь үнэн. Тийм учраас нефть боловсруулах үйлдвэрийг яаралтай барих шаардлагатай. Энэхүү үйлдвэрийг барих хүсэлтэй байгаа компаниудад нээлттэй эрхийг нь өгөх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэдээ эрхийг нь өгөж өөрсдөө бүтээн байгуулсан үйлдвэртэй болох хэрэгтэй. Мэдээж боловсруулах үйлдвэр байгуулснаар бидэнд олон давуу тал гарч ирэх бөгөөд ямар нэгэн улсын хараат бус байдлаас ангижирч чадах байх. Ер нь хамгийн хэрэгтэй зүйлсээ өөрсдөө бүтээн байгуулчаад дараагийн үе шат руу дэвших хэрэгтэй байна. Энэ талаар мэдээлэл их гарч байгаа. Тун удахгүй нефть боловсруулах үйлдвэртэй болох байх гэж боддог.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: ХЭРЭВ ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БОСГОВОЛ  ХЭТДЭЭ БИДНИЙХ Л БОЛНО

-Бид 2010 оноос хайгуулын ажлаа эхэлж, нөөцөө ч тодорхойлсон. Ер нь нефть боловсруулах үйлдвэр байгуулахыг зөв гэж үзэж байгаа. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалтаар үйлдвэр байгуулбал зүгээр л юм. Шинэ технологи нэвтрүүлж, үр хойчдоо үлдэцтэй зүйл хийвэл сайнсан. Тэрхүү үйлдвэр гадны хөрөнгө оруулалттай ч цаашдаа манай улсын дотоодын үйлдвэр болно гэсэн үг. Хэрэв бид нефть боловсруулах үйлдвэртэй болбол бусад орны хараат байдлаас шууд гарахгүй ч аажимдаа гарна. Гол нь зөв бодож, хөрөнгө оруулалт сайтар хийх хэрэгтэй.


УИХ-ын гишүүн Н.Ганбямба: ШАТАХУУНАА ХОЙД ХӨРШӨӨС КРАНТААР АВДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

-Манай улс 2011 оны судалгаагаар нэг жилд 833 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 50 хувь нь дизель, үлдсэн 50 хувь нь бензин байдаг. Бид судалгаа хийж, одоогийн байдлаар 22 сая тонн нефтийн нөөц бийг тодорхойлоод байгаа. Энэ бол бид ойрын 22 жилд шатахууны хомсдолд өртөхгүй гэсэн үг шүү дээ. Дээр нь Оюутолгой, Тавантолгой хоёрыг ч шатахуунаар хангах боломж байна. Хэрэв нефть боловсруулах үйлдвэртэй болчихвол хүрэн нүүрсээ нэрэх замаар түлш гаргаж авах болно. Мөн барууны оронд шинээр нэвтрүүлсэн түлш гаргаж авах аргуудыг хөгжүүлэх арга зам байна. Бусад орноос крантаар шатахуун авч, боол болохоо болих ёстой. Нефть боловсруулах үйлдвэрийн талаар УИХ-д П.Алтангэрэл гишүүн бид хоёр өргөх бичиг барьсан.

УИХ-ын гишүүн Л.Гүндалай:  НҮҮРС АШИГЛАЖ, ТҮЛШ ГАРГАН АВЧ БАЙНА

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Нэн даруй энэ асуудлыг шийдэх нь чухал байна. Хэрэв боловсруулах үйлдвэрийг дотоодын компаниар бариулах юм бол тэдэнд хөнгөлөлттэй зээл олгох ёстой. Бид дотооддоо нефть боловсруулж шатахуун үйлдвэрлэвэл бусдын хараат байдлаас бүрэн гарч чадна. Энэ бүгд үндэсний эрх ашиг мөн бөгөөд ард түмний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Америкт таримал ургамалаас түлш гаргаж авч байна гэж сонссон. Яагаад болохгүй гэж. Энэ бүгдийг хийх зүрх зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Хамгийн чухал нь энэ бүхний цаана стратегийн байр суурь оршиж байгаа юм. Хомсдол гачигдлыг төр  арилгах хэрэгтэй. Үүний тулд  сэтгэл зүрхээ зориулан ажиллах ёстой.

Э.БАЯСГАЛАН

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж