Нийслэлийн 22 дугаар сургууль хичээлийн байргүй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 22 дугаар сургууль хичээлийн байргүй болжээ

Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэг, сургуулиудын засвар, шинэчлэлийн ажлын явцыг өчигдөр болсон хотын шуурхай дээр танилцуулжээ. Тус ажлын хүрээнд Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн байрыг шинээр барихаар нураажээ. Барилгын ажил дахин зарласан тендерийн улмаас удаашралтай, эхлээгүй байгаа тул тус дүүргийн 96 дугаар сургуулийн гурван давхар болгон барьж буй мансардад 22 дугаар сургуулийн сурагчдыг суралцуулахаар төлөвлөөд байсан гэнэ. Гэвч 96 дугаар сургуулийн байрыг гурван давхар болгож мансард барих ажил хойшилжээ. Харамсалтай нь одоог хүртэл байргүй хоцорсон 22 дугаар сургуулийн сурагчид хаана хичээлэх нь тодорхойгүй байгаа юм.  Энэ жил тус салбарт 1,5 тэрбум төгрөгийг засвар, шинэчлэлтийн ажилд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ хөрөнгөөр Ерөнхий боловсролын 16 сургууль, 26 цэцэрлэг, хоёр спорт хороонд засвар хийгдэхээс таван сургууль, 15 цэцэрлэгийн байрыг комисс хүлээн авсан. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн засвар энэ сарын 20-нд бэлэн болох аж. Харин тендер дахин зарлагдсаны улмаас гурван сургууль, дөрвөн цэцэрлэгийн ажил одоог хүртэл эхлээгүй гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж