Ээж, хүүхдийн сувилал буюу эрэлттэй үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Ээж, хүүхдийн сувилал буюу эрэлттэй үйлчилгээ

Өвөл, хавар, зун, намар… Жилийн дөрвөн улирлын хэзээд ч хүү, охиноо дагуулж очоод салхинд гарчихаар амралт, сувиллын газрууд нийслэлд хуруу дарам цөөн. Гэхдээ голох, шүүмжлэх бус бизнесийн гэхээсээ хүүхэд, эхчүүдэд чиглэсэн зорилтот үйлчилгээ үзүүлж байгаа энэ салбарыг дэмжих хэрэгтэй юм шиг санагдсан.

Томчуудад зориулсан өдрийн амралт, гэр амралтууд ээж, хүүхэд хүлээн авдаг сувилал, амралтын газрыг бодвол асуудал бага. Хэдийгээр аль алинд нь гэр бүлээрээ амарч болох ч бага насны хүүхдэд зориулсан асаргаа үзүүлэх амралтууд илүү ачаалалтай ажилладаг.

Нийслэлийн ойролцоо гэхэд тогтмол үйл ажиллагаа явуулдаг арав гаруй амралт, сувиллын газрууд байдаг юм байна. Үнийн хувьд янз бүр. Доод тал нь том хүн өдрийн 50-60 мянга, бага насны хүүхэд 10-30 мянган төгрөг. Дунджаар бол ээж, хүүхэд хоёр 60-100 мянган төгрөгөөр нэг хононо гэсэн үг. Ийм амралт, сувиллын газруудыг ихэвчлэн 0-3 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд зорьж очдог байна. Тэд хүүхдээ агаарт гаргахын зэрэгцээ бариа, массаж, шарлага, цэгэн эмчилгээ хийлгэх, хар цай, шөлөнд оруулах зэрэг уламжлалт арчилгаа хийлгэхийг чухалчилдаг. Мөн дөнгөж төрсөн болон нярай хүүхдээ байнга асарч байгаа ээжүүдэд энэ төрлийн амралтын газрууд алжаал тайлах, амраах үйлчилгээ үзүүлдэг нь гол давуу тал байдаг.

Эхчүүд, эмэгтэйчүүд ингэж амрахыг хүсдэг ч бодит байдал дээр өдрийн 100, 200, 300 мянган төгрөг төлж, амраад ирэх боломж олон хүнд байхгүй. Амралтын газрын ажилчид ч энэ талаар хэлж, энгийн газрууд шиг амрагч олон байдаггүйг ярьж байлаа.

Тэгэхээр хүүхдийн сувилал, амралтын үйлчилгээ рүү чиглэсэн төрийн зохицуулалт хийхэд аль аль талдаа хэрэгтэй юм.  

Ахмад настнууд, хөгжлийн бэршээлтэй иргэд асрамжийн газарт жилд нэг удаа хөнгөлөлтэй үнээр амрах боломжтой байдаг. Тэд улсын ч бай, хувийн ч бай амралт, сувиллаар үйлчлүүлснийхээ дараа амралтын төлбөрийн тал буюу тодорхой хувийг Нийгмийн халамжаас буцааж авдаг. Тэгвэл энэ аргыг нярай болон бага насны хүүхэдтэй ээжүүдэд зориулж, хэрэгжүүлэх хэлбэр байж болох юм. Магадгүй, энэ нь хүүхэд, ээжүүдэд өгч байгаа бэлэн мөнгөнөөс илүү үр дүнтэй арга байх ч юм билүү. Нэг бол Эрүүл мэндийн даатгалын системд энэ төрлийн үйлчилгээ, хөнгөлөлт авах боломжийг тусгаж болно.

Хүүхэд асрагч, хүүхдийн массажист, эмч, эцэг, эхчүүдэд зориулсан үйлчилгээний ажилтан, тогооч, гоо сайханч, зохион байгуулагч гээд хүүхдийн сувиллууд энгийн амралтуудаас илүү олон ажилтантай. Хэрэв дээрх хэлбэрээр сувиллын газарт улсын оролцоотой хөнгөлөлт, санхүүгийн хөшүүрэг бий болгож өгвөл цөөхөн ч гэсэн хүнд хэрэгтэй үйлчилгээ үзүүлж байгаа сувиллуудад ч хэрэгтэй. Ээж, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд тустай.  Хотын хөл хөдөлгөөнөөс хол, эрүүл агаарт байнгын бус үйлчлүүлэгчидтэй энэ төрлийн бизнес эрхэлж байгаа байгууллагуудын үйлчлүүлэгчид ч нэмэгдэх боломж байж болох юм.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж