Дотоод сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийн хугацаа дуусаж, сунгаа үндсэндээ эхэлж байгаа ч дүрмийн хүрээнд Үндэсний бодлогын хороо байгуулагдах эсэхэд гишүүд нь эргэлзээтэй, сэтгэл хоёрджээ.
Улсын Дээд Шүүх (УДШ) өчигдрийн хуралдаанаараа Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцсэн ч бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авалгүй буцаасан юм.
Буцаах болсон үндэслэлдээ УДШ “Ардчилсан намын дүрэм нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж тайлбарласан.
Харин Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “УДШ тодорхойгүй үндэслэлээр Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлгүй хойшлууллаа” гэж мэдэгдэв. Мөн тус намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй. УДШ манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэв.
Гэвч УДШ зөрчилгүй дүрмийн заалтыг бүртгэхээс татгалзаж болох уу.
Ийм нэг эргэлзээтэй тайлбарыг Ардчилсан намын удирдлага хийв. Гишүүд нь ч энэ талаар мэдээлэл алга. Ардчилсан намын VII их хурлаас баталсан дүрмийн төсөлд хэсэг бүлэг хүмүүс нь өөрсдийн таалалд нийцүүлж, засвар оруулсан, тэр нь бүдэрчихсэн юм биш үү гэх хардлагатай л сууна.
Хэл амтайхан нөхөд нь УДШ-рүү илгээсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эхээр нь харахыг хүсэж, шаардсан ч одоо хэр нь нууцалсан хэвээр байгаа аж.
Үүнээс шалтгаалаад нийт гишүүдийнх нь дийлэнх хэсэг яг одоо Ардчилсан намд хуучин дүрэм үйлчилж байна уу, эсвэл УДШ-д бүртгэгдээгүй дүрэм үйлчилж байна уу, Дотоод сонгуулийг зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, явуулж буй үйл ажиллагаа нь аль дүрмээр явж байна вэ. Хураамж, дэнчин нь аль дүрмээр тогтоогдсон бэ гээд мэдэх зүйл олон байгаа ч намын даргынх нь тайлбар будилуулж гүйцжээ.
С.Эрдэнэ даргын тайлбарласнаар бол яг одоо Ардчилсан намд хуучин дүрэм үйлчилж байна. Дотоод сонгуулийн хороо дэнчин, хураамж тогтоохдоо хуучин дүрмээ барьсан.
Гэтэл Ардчилсан намын хуучин дүрэмд заасан Дотоод сонгуулийн хорооны хэрэгжүүлэх чиг үүрэг гэдэгт Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дэнчин төлөх хугацааг тогтоохоос бус хэмжээг тогтоох заалт байхгүй аж.
Уг дүрмээр дэнчин, хураамжийг зөвхөн Үндэсний зөвлөлдөх хороо тогтооно. Одоо тэгтэл Дотоод сонгуулийн хороо нь Үндэсний бодлогын хороонд өрсөлдөх гишүүдийн хураамж нь гурван сая, дэнчин нь гурван сая, нийт зургаан сая төгрөгийг төв намын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргачихсан.
Түүгээр зогсохгүй нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөд 90 сая, дүүргийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөд 20 сая, аймгийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөд 15 сая зэргээр дэнчин, хураамжийг тогтоочихсон.
Ардчилсан нам төсвөөс санхүүжилт авдаггүй, тиймээс нийт гишүүдийнхээ татвар, хураамж дээр тогтох нь зүйн хэрэг. Сонгууль зохион байгуулахад зардал гарах нь мэдээж. Нэр дэвшигчид нь зардлаа даах нь дамжиггүй.
Гол нь энэ бүхнээ Дотоод сонгуулийн хороо нь бус дүрмийнхээ хүрээнд буюу Үндэсний зөвлөлдөх хороогоороо шинэчлэн тогтоочихсон бол ядаж л дотоод сонгуулиа хийхэд хаа, хаанаа хэл амгүй, эргэлзээгүй, дүрмийн хүрээнд тоглолт өрнөх байлаа.
Гэтэл одоо юу болж байна, Ардчилсан намд хуучин дүрэм нь үйлчилж байгаа хэрнээ дүрэмд заагаагүй тоглолт өрнөсөөр.
Дээр нь Улс төрийн намын тухай хуульд зааснаар Их хурлаас Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох ёстой байтал одоо УИХ-ын сонгуулийн тогтолцоотой агуулга нэг зарчмаар санал хураалт явуулах болсон нь бас л маргаан дагуулж эхлэв.
Дотоод сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон, эрх зүйн чадамжтай эсэх нь эргэлзээтэй дүрмээр сонгуулиа хийх үү?
Г.ХОРОЛ