Их Британийн элчин сайдуудад итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.02-нд нийтлэгдсэн

Их Британийн элчин сайдуудад итгэж болох уу?

Арван
сар Англид хоригдож, хоёр улсын харилцааг хөндөх ч хэмжээний дуулиан
тариад байгаа Б.Хурцын гэж нэрлэгдсэн хэрэгт дахиад л асуултын тэмдэгтэй
хүлээлт нэмэгдэв. Харамсалтай нь, хүний нутагт хоригдож байгаа манай
хүн буюу Б.Хурцын хувьд муугаар… Түүнийг 17 хоногийн дотор Английн тал
Германы шүүхэд шилжүүлэх болж байна. Гэхдээ манай тал буюу Б.Хурцын
өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Муугаар бодоод
өмгөөлөгчийн давж заалдах гомдол хүчийг эс олж Б.Хурцыг Германы талд
шилжүүллээ гэхэд, муугийн муугаар бодоод Германы шүүх Б.Хурцыг буруутган
хорих ял өгч гэмээнэ хоёр улсын хооронд ялтан солилцох гэрээ байхгүй
учир манай хүн хүний нутагт хоригдож таарах нь. Хамгийн гол асуултын цэг
гэвэл хэргийг Германы талд шилжүүлснээр манай хүнийг хуурч Англид
аваачсан гэх тухайн үед Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан Уильям
Диксоны хэрэг замхран одно. Манайхны Английн шүүхэд барьж байсан бас
нэг хөзөр Диксоны хууран мэхлэлт. Монгол Улсын өндөр дээд албан тушаалын
ажилтныг ажил хэргийн уулзалтад урьсан мөртлөө жирийн аяллын виз олгож
баривчлуулах “хөрс”-ийг нь бэлтгэж өгсөн гэж ноён Элчин сайдыг буруутгаж
байсан бол гадаадын хэвлэлүүдэд ийнхүү хуурч Англид аваачих гэж байгаа
талаараа бичилцэж байсан майлуудыг олсон гэж мэдээлсэн. Үүнийг ч манай
тал шүүхэд нотлох баримт болгож өгсөн гэгдэж байсан. Английн шүүхэд ийн
барьж зуурах өнцөг байсан бол хэргийг Германд шилжүүлснээр Жонсон гэгч
элчингийн хийсэн хэрэг падлий ч үгүй болно.

Гэвч улс орнуудын
гадаад харил­цааны ёс жишиг, тэр тусмаа дипломат харилцааны нэр хүнд
гэдэг зүйл байдаг сан бол ноён Диксоны “татаар ажиллагаа”-ны талаар
хэрэгсэхгүй өнгөрөх ёсгүй л баймаар. Тийм ч учраас Их Британийн Элчин
сайд ийн хууран мэхлэх замаар хүнийг шорон руугаа чирж чадаж байсан юм
чинь бусад улсуудад байгаа элчин сайдууд ч чингэхгүй гэхийн арга байхгүй
гэдгийг Б.Хурцын өмгөөлөгч Алун Жонсон анхааруулаад “Шүүхийн энэ
шийдвэр гарсантай холбогдуулаад дэлхийн улс орнууд Британийн Элчин сайд
нарт итгэл үзүүлнэ гэж үү” гэсэн асуултыг тавьсан юм. Мөн олон улсын
ажиглагчид энэхүү хэргийг аливаа нэг улсын иргэнийг хуурч авчран
баривчлаад, аль нэг улс руу шилжүүлж болдог юм байна гэсэн буруу жишгийг
батлан харууллаа ч гэж дүгнэж байгаа юм. Аль ч улсын Элчин сайд ийм
хэмжээний хууран мэхлэлтийг толгой даан хийхгүй нь даанч тодорхой. Тийм ч
учраас энэхүү асуудлыг өндөр дээд хэмжээнд авч үзэх ёстой гэж ч үзэхээр
байгаа юм. Үүнтэй зэрэгцээд Английн тал зөвхөн Б.Хурцыг бус түүнд хэн
хил дамнуулан хүн хулгайлах үүрэг өгөв өө гэдэгт анхаарлаа хандуулж
байгаа гэсэн мэдээллээс шүүрээд харах юм бол Б.Хурц биш Монгол Улсын
“толгой”-той ноцолдох гээд байна уу  ч гэж хардмаар.

Ямар ч
гэсэн асуултын тэмдэг Английн Элчин сайд аснаас хэргийг алслуулсаар
байна. Б.Хурцыг Германы талд шилжүүллээ гэхэд ямар “Английн Элчин сайд
манай хүнийг хуураад…” гээд л “үлгэр”-ээ ярьж эхлэлтэй биш.

Гэхдээ
дээр дурдсан ноён Жонсоны “Их Британийн Элчин сайдуудад итгэж болох уу”
гэдэг асуулт чанга бөгөөд хүчтэй хэвээрээ байгаасай гэж найдацгаая.
Монгол Улс өдгөө хэн нэгний хялайж харахад сүрддэг улс биш болсон. Тэр
тусмаа тэтгэвэртээ гарах шахсан дипломатчаа илгээдэг “цөллөг”-ийн улс ч
биш болсон. Уул уурхайн баялгийн гараагаараа улс орнуудын сонирхлыг
татсан анхаарлын хурц цэг болоод байгаа нь богинохон хугацаанд
өөрчлөгдөж байгаа гадаад харилцааны хандлагаас ч харагдаж байгаа. Гадны
улс орнуудын сонирхлыг татсан томхон тоглогч болон өндийж байгаа улс
билээ, Монгол Улс. 

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж