Хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн сүлжээ бий болжээ

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

Хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн сүлжээ бий болжээ

"Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон Цагдаагийн ерөнхий газраас хамтран өнөөдөр /2017.03.16/ Хууль зүй дотоод хэргийн яаманд мэдээлэл хийлээ.

Судалгаагаар мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ, нэр төрөл олширч, хэрэглэгч, зуучлагч, тээвэрлэгчийн давхарга, сүлжээ бий болж, хэрэгт холбогдон шалгагдах иргэдийн нас улам залуужсан байна.

Тухайлбал, 2015 онд цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэрэг 79-ыг илрүүлэхэд 10 хүүхэд, 2016 онд 6 хүүхэд тус бүр холбогджээ.

Гэмт хэрэг өсөхөд нөлөөлсөн нэг хүчин зүйл нь энэ төрлийн ургамлыг устгах ажил зогссон нь нөлөөлсөн байх талтай аж.

Монгол Улсын хэмжээнд 15 мянга орчим га газар мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал ургадаг байна. Устгах ажлыг 2013-2015 онд жил дараалан хийсэн. Харин өнгөрсөн онд энэ төрлийн ажлыг хийж чадаагүй нь санхүүжилт зогссонтой холбоотой аж.

Устгалыг хийхдээ гар аргаар түүх, химийн бодис цацах гэсэн хоёр арга хэрэглэдэг байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол дээд хэмжээ нь 25 жилээр хорих ял сонсдог байна.

Нөхцөл байдлыг үндэслэн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 84 дүгээр тогтоол гарч, хөтөлбөр боловсруулан Засгийн газраар батлуулсан байна.

Хөтөлбөрт дээрх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хоёр үе шаттай ажиллах аж.

Үүнд: эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоох, холбогдох мэргэжлийн байгууллагаар шинжлэх ухааны үндэслэлтэй суурь болон хавсарга судалгаа хийлгэх зэрэг арга хэмжээ авч ажиллах аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж