Гуравдугаар сарын 18. Монгол цэргийн баярын өдөр. Энэ өдрийг армийн албан хаагчид төдийгүй бүх л монгол эрчүүд баяр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ өдрийг угтаж эрчүүдийн эрүүл мэндийг талаар хөндөж бичихийг хүслээ. Учир нь, эмэгтэйчүүдийн эрх ашиг, эрүүл мэндийн асуудлаар хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд үргэлж ярьдаг хэрнээ эрчүүдийн нийгмийн байдал, эрүүл мэнд, боловсролын асуудлыг төдийлөн ойшоодоггүй. Тиймээс ч “Эр хүн угаасаа л эрт хорвоог орхидог” гэсэн сэтгэхүй монголчуудад хэдийнэ “ноёрхжээ”. Энэ удаа хэр баргийн өвчинг тоодоггүй, хүдэр чийрэг хэмээдэг монгол эрчүүдийнхээ эрүүл мэндийн асуудлыг хөндөж байна.
ЭРЧҮҮД БОГИНО НАСАЛДАГ ХЭВЭЭР
Монгол эрчүүд богино насалдаг нь одоо ч хэвээрээ. Яагаад вэ? Монгол Улсын нийт хүн ам 2015 оны байдлаар 3.1 саяд хүрчээ. Үүний 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг гэх статистик байгаа бөгөөд дундаж наслалт нь 64.9 жил. Харин эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74. Тэгэхээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.4 жил гэсэн үг.
Монгол Улсад 2008-2012 онд нийтдээ хорт хавдрын 21.822 шинэ тохиолдол оношлогдсоноос жилд дунджаар 2.260 эрэгтэй, 2.104 эмэгтэй шинээр өвчилсөн талаарх судалгаа бий. Тэдний 1.089 эрэгтэй, 1.340 эмэгтэй хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан талаарх судалгааг Хавдар судлалын үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ судалгааны албанаас гаргаж байжээ.
Эрэгтэйчүүдийн “Цэ-Пү” эмнэлгийн их эмч Ц.Ариунбаяр ярихдаа “Эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн муудах бас нэг шалтгаан нь эр бэлгийн дааврын дутагдал юм. Үүнээс болоод түрүү булчирхайн үрэвсэл, томрол, цэвэршилт үүсдэг. Эр бэлгийн даавар 30-аас дээш насанд жилд нэг хувиар багасч байдаг. Гэтэл эрчүүдийн архи, тамхи, таргалалтаас болоод 40 настай эрэгтэй хүн эр бэлгийн даавар 80 настай хүнийх шиг болчихдог. Эрэгтэйчүүдийн бүсэлхийн тойрог 94 см-ээс дээшгүй байх ёстой. Эрчүүд маань эрүүл мэндээ хайхрахгүй байгаа нь эрүүл мэндийн мэдлэг их муу байгаагийнх юм. Эрчүүд Д витамины дутагдлаас болж дааврын өөрчлөлтөд орж, таргалдаг” талаар тодотгов. Монголчууд хүүхэд л Д витамин уух ёстой гэж ойлгодог бол насанд хүрсэн эрчүүдэд ч энэ витамин дутагдаж байдгийг эмч нар онцолж буй юм.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2013 онд Монгол Улсын 21 аймаг, хотын найман дүүргийн 15-64 насны 2719 эрэгтэйчүүдийн дунд судалгаа хийсэн байна. Уг судалгаагаар тэдний 49.1 хувь нь тамхи хэрэглэдэг үүний 45.4 хувь өдөр бүр тогтмол тамхи татаж, дунджаар 21.2 жил тамхийг удаан хугацаагаар хэрэглэдэг сөрөг дадалтай гэсэн дүн гарчээ.
АРХИНД ХҮЧИРХИЙЛҮҮЛСЭН МОНГОЛ ЭРЧҮҮД
Монгол Улсын Ерөнхийлөгч одоогоос долоон жилийн өмнө “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгыг гаргаснаар иргэний нийгмийн хөдөлгөөн, төрийн бус байгууллагынхан дэмжиж, нэг хэсэг идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд чамгүй олон эрчүүд архинаас татгалзсан байдаг.
“Өнөөдөр монгол эрчүүд архинд хүчирхийлүүлээд байна. Манай улсад дэлхийн стандартаас хэтэрсэн маш олон архины үйлдвэр бий. Бас 3 мянган хүний дунд нэг дэлгүүр байх ёстой байтал бараг 100 хүний дунд нэг дэлгүүртэй байх жишээтэй. Тэр хүчирхийлэл үйлдсэн эрчүүдийн ард маш хүчтэй архины үйлдвэрлэлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүд байна. Тиймээс монгол эрчүүдийг хүчирхийлэгч гэж харахын өмнө ямар нэгэн зүйл хүчирхийлсэн юм биш үү гэж харах хэрэгтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн “Архигүй монгол” хөтөлбөр үр дүнгээ өгч, монгол эрчүүд маань архи уудаг байснаараа бус архинаас гарснаараа бахархдаг шинэ цаг үеийг авч ирсэн гэдэгт итгэлтэй байгаа. Энэ хугацаанд 5000 хүнийг архинаас гаргасан. Ингэснээр маш олон гэр бүлд аз жаргалтай болсон” тухай Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн Ж. Цогтсугар өгүүлсэн юм.
Ийн эрэгтэйчүүдийн дийлэнх нь буюу 81.3 хувь уул уурхай, 80.9 нь барилга, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж, хүнд хөдөлмөр эрхэлж байгаагаас хөдөлмөрийн чадвараа алдан тахир дутуу болж, эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг, кабинет дутагдалтай байгаа зэрэг тулгамдаж буй асуудал олон байгааг мэргэжилтнүүд дурдаж байв.
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2011-2015 онд осол гэмтлийн шалтгаанаар яаралтай тусламж авсан эрэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд осол гэмтэлд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.83 дахин их өртдөг гэсэн дүн гарчээ. Насны хувьд 20-29 насныхан хамгийн их осол гэмтэлд өртдөг бол осол гэмтлийн шалтгаанаар нас баралтын 40-49 насныхан их өртдөг байна. Мөн осол гэмтлийн ихэнх хувийг уналт эзэлж байгаа бол нас баралтын шалтгааны дийлэнхийг зам тээврийн осол, байгалийн хүчин зүйл эзэлсэн дүн гарчээ.
ЭРЧҮҮДЭД ҮГҮЙЛЭГДСЭН ТӨРИЙН БОДЛОГО
Эрэгтэй хүн гэхээрээ л төрийн бодлогоос хол байх ёстой юу. Тэдний эрүүл мэнд, боловсролд чиглэсэн төрийн бодлого байна уу. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг өөрсдөд нь ойлгуулахаас гадна гэр бүлийнхэнд нь ойлгуулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь, сүүлийн үед гэр бүлийн хайр халамж, хараа хяналт хөвгүүдэд дутагдсанаас сэтгэцийн донтолт, архи, тамхины хэрэглээ, гэмт хэрэгт холбогдохоос гадна хар тамхи гэгч “тахал”-д өртөх нь их болоод байгаа билээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд л гэхэд 2015 онд хүүхдийн тасагт 442 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол 2016 онд энэ тоо 487 болж өссөн байна. Тэдний ихэнх нь хөвгүүд.
Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулагч, зөвлөх Д.Бадамцэцэг ярихдаа “Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг төр засгаас анхаардаг болсон. Манай холбоо 2007 онд анх Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран улсын 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн эрэгтэйчүүдийн эмч нарт анхны сургалтыг зохион байгуулж байлаа. Өнөөдөр хөвгүүдийн эрүүл мэндийн асуудал их чухал байгаа. Тэр дундаа 15-34 насны эрэгтэйчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин 43 хувьтай байгаа нь үнэхээр эмзэглэмээр тоо юм. Хөвгүүдийн дунд сэтгэцийн донтолт, архи, тамхины хэрэглээ, гэмт хэрэгт холбогдох, хар тамхи хэрэглэх зэрэг анхаарах ёстой асуудлууд ч их байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна” гэсэн юм.
Эрчүүдийн хувьд ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын 45.3 хувь, их, дээд сургууль, коллеж төгсөгчдийн 37.9 хувь, төрийн албанд ажиллагсдын 40.6 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 55.5 хувь, гэмт хэрэгт холбогдогсдын 84.8 хувь, шүүхээр ял шийтгүүлсэн 91.4 хувь нь тус тус эзэлж байгаа аж.
Ингээд монгол эрчүүдийн төлөөлөл болгон дараах байр суурийг хүргэж байна.
Сүхбаатар дүүргийн иргэн Л.Дашболд
Манай улс 1990 онд зах зээлийн нийгэм рүү шилжиж, улсын том үйлдвэрүүд бүгд хаагдсан. Тэгээд ажилтай байсан эрчүүдийн ихэнх нь гудамжинд гарч, архинд орж эхэлсэн шүү дээ. Жишээ нь, охин, хүүтэй айл байлаа гэхэд охиныгоо л их дээд сургуульд сургая гэдэг. Гэтэл дээд мэргэжилтэй эмэгтэйчүүд зах дээр тэрэг түрдэг залуутай хамт амьдрах уу. Энэ мэт нийгмийн хүйсийн ялгарал бий болж, төр засаг эрэгтэйчүүдийг гаргуунд нь гаргачихсан. Улсын томоохон уул уурхай, барилга, авто замын салбаруудад эрчүүдээ ажиллах хүчээр хамруулах нь зүйтэй. Эрчүүд чинь сэтгэлийн хат их муутай хүмүүс шүү дээ. Зарим эрчүүд амьдралын эрхэнд буруу зам руу татагдан орж байгаа. Тиймээс ч монгол эрчүүдийн үнэлэмж муу байгаа гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн иргэн Э.Оюунболд
Би одоо 27 настай. Эрчүүд хэдий боловсрол муутай ч ажил хайвал ямар ч ажил олдоно. Одоогийн залуу эрчүүд маань их залхуу юм шиг санагддаг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд бүгд л адилхан эрхтэй. Гэтэл эмэгтэй хүүхдэд илүү сурах боломжоор хангаж байгаа нь шүүмжлэлтэй санагддаг. Хүүхэд л бол хүүхэд шүү дээ.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Дамдинсүрэн
Монголд архи, тамхины тухай хууль нь байгаа ч хуулийн хэрэгжилт их сул байна. Нийгэмд өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болж, амьдралаа авч явж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг. Тийм учраас архи, тамхины хуулийг л сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн эрчүүдэд чиглэсэн төр засгийн бодлого байхгүйгээс саяхан монголын идэр сайхан залуус БНСУ-д гэрээгээр ажиллахаар яаж олон хоног гадаа хонож, дугаарлаж байна. Ер нь эх орондоо эрэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлж чадвал гадаад орон руу ингэж хошуурцгааж байна шүү дээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ, Н.БАТМӨНХ