Хөрөнгийн зах зээл моодонд орж, арилжааны банкуудын ноёрхол буурна гэсэн мэдээлэл цацагдах боллоо. Эгэл жирийн иргэд нь үнэт цаас, хувьцааны арилжаанд оролцож эхлэх тэр цаг хэзээ вэ, хөрөнгийн зах зээл сэргэхэд юү нөлөөлөв гэдэг талаар хөрөнгийн зах зээл судлаач Д.Ангартай ярилцлаа.
-Он гарснаас хойш хөрөнгийн зах зээл сэргэх хандлагатай байна гэж та олон нийтийн сүлжээгээр мэдээлсэн. Юунд үндэслэж ийн дүгнэхэд хүрэв. Ер нь хөрөнгийн зах зээл хөлөө олохгүй байгаагийн шалтгаан юу вэ?
-Асуултад сүүлээс нь хариулъя. Санхүүгийн зах зээл гэдэг бол хоёр, цаашилбал гурван ч тулгууртай зах зээл байдаг. Одоогоор энэ салбарт хөрөнгийн зах зээл, банкны сектор гэсэн хоёр өрсөлдөгч байгаа. Гэтэл сүүлийн 26 жил Монголын төр банкны секторыг огт татваргүй болгож дэмжсэн хэр нь хөрөнгийн зах зээлийг татвартай хэвээр үлдээсэн. Дээр нь 2007-2008 оны үед Ерөнхий сайд С.Баяр банкны салбарын эрсдлийг төр даахаар хуульчилсан. Банк дампуурсан ч эрсдлийг төр зааж байгаа. Гэтэл хөрөнгийн зах зээлд ажиллагсад 10 хувийн татвараа төлөөд, эрсдлээ өөрсдөө даагаад явж байгаа. Ийм нөхцөлд хүн мөнгөө банкинд л хийнэ биз дээ. Өрсөлдөгч хоёр салбарын нэгийг төр нь илт дэмжиж хууль эрх зүй, татварын таатай орчин бүрдүүлснээс болж, санхүүгийн зах зээлийн 96 хувийг арилжааны банк эзэлж, үлдэж буй дөрвөн хувьд хөрөнгийн зах зээл болон даатгал арайхийн оршин тогтнож байна.
Хөрөнгийн зах зээл сэргэх хандлагын тухайд ташаа мэдээлэл огтоос биш. Арилжааны банкин дахь хадгаламжаас татвар авах тухай үе үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд нар ярьж байгаагүй. Харин анх удаа өнгөрсөн жилийн сүүлч үед Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар хөндөн тавьж, удахгүй УИХ-аар хэлэлцэх гэж байна. Үүнээс үүдэн хүмүүс хадгаламжийн мөнгөө банкнаас татаж, бонд, үнэт цаас авах нь нэмэгдэж байна.
-Хадгаламжийн хүүд татвар ногдуулахын тухайд эгэл иргэдийг хамруулахгүй байгаа гэж ойлгосон. Өөрөөр хэлбэл, хадгаламжийн хэмжээнд босго тогтоож байгаа, тийм үү?
-Өнөөдрийн байдлаар манай улсын арилжааны банкуудын нийт хадгаламжийн 98 хувийг хадгаламж эзэмшигчдийн хоёрхон хувь эзэмшдэг. Том утгаар нь яривал нийт хүн амын хоёр хувь гэж ойлгож болно. Тэдэнд зориулсан шийдвэр гэж ойлгож ч болно. Босго тогтоохын тухайд байж болохгүй зүйл гэж би хувьдаа үзэж байгаа. Хадгаламж эзэмшдэг хүн бүр хүүнд авч буй ашгаасаа 10 хувийг өгдөг байх нь шударга хэрэг болно.
-Бага хэмжээний хадгаламжтай иргэдэд татвар ногдуулах ямар шаардлага байна вэ. 1-2-хон сая төгрөгийг хүүхдийнхээ нэр дээр хадгалуулсан хүмүүс, 20-30 сая, цаашлаад 50-100 сая төгрөгийн хадгаламжтай хүмүүсийн хооронд асар их ялгаа байгаа шүү дээ?
-Ямарваа нэг босго тогтоохоор цоорхой үүсэх талтай. Мөнгөтэй хүмүүс чинь ухаантай шүү дээ. Их хэмжээний хадгаламжийн хүүнээс татвар аваад эхэлмэгц татвараас зугтахын тулд хадгаламжаа тогтоосон босгод багтаан хувааж хийхэд хүрнэ шүү дээ. Монголчууд хууль даган биелүүлэхдээ тун хойрго хэрнээ түүнээс зугтах бултах аргыг амархан бодож олдог. Тиймээс ОУВС-гийн шахалтан дор банкны салбарын татварыг багтаасан нь тун зөв шийдэл гэж ойлгож байгаа.
Хадгаламжийн хүүд татвар ногдуулах чимээнээр хүмүүс хөрөнгийн зах зээл рүү хошуурч эхэлж байна. Ганцхан өнөөдөр /2017.03.14/-ийн жишээ татъя л даа. Засгийн газар 13 тэрбум төгрөгийн бонд арилжаалах байсан ч иргэд, аж ахуйн нэгжээс 55 тэрбумын захиалга ирээд байна. Саяхныг болтол Засгийн газрын арилжаалж буй бондын багагүй хувийг арилжааны банкууд авдаг байсан бол одоо арилжааг иргэд дангаар бүрэлдүүлэхэд хэмжээнд хүрээд байна. Аж ахуйн нэгжүүд 50-100 сая төгрөг, 10-20 сая төгрөгөөр бонд авч буй бол иргэд нэг сая, 500 мянгаар Засгийн газрын бонд авч байгаа. Иргэд хамгийн багадаа 100 мянган төгрөгөөр бонд авах боломжтой. Хугацааны хувьд ч 3-6 сар болон нэг жил, гурван жилийн хугацаатайгаар бонд авч болох юм. Хөрөнгийн зах зээл ингэж л хөгждөг. Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлээ хувьцаагаар эхэлсэн нь маш буруу зүйл байсан. Хувьцааг хүмүүс тэр бүр ойлгохгүй. Иргэд бүү хэл, төр засаг нь ч ойлгоогүй. Голланд, Англи улсууд 1600 жилийн тэртээ Засгийн газрын бонд гаргаж, хөрөнгийн зах зээлийн суурийг тавьж байсан. Хувьцаа бол бондын дараах алхам байх учиртай.
-Засгийн газар бонд гаргаснаар үр өгөөжийг нь хүртэж чадаж байгаа юу. Бонд худалдан авсан иргэдэд бол мэдээж ашигтай. Харин худалдаалж буй засаг нь ашгийг нь хүртэж чадаж байгаа юу?
-Аль ч улсын Засгийн газар бонд гаргаж, иргэд, аж ахуйн нэгжээсээ мөнгө зээлэх нь бий. Энэ бол буруу алхам биш. Засгийн газрын бонд худалдан авах нь хамгийн эрсдэлгүй. Харин бондын хүү маш өндөр байгаа. Бондын хүүг Засгийн газар тогтоодоггүй, бондыг нь худалдан авч буй 2-3 том банк тогтоож байдаг. Үүнээс болж, Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргахад хүрсэн. Хадгаламжийн хүүнээс өндөр хүүтэй бонд гэж байх учиргүй. Тиймээс Засгийн газар 17-18 хувийн бонд гаргаж буй энэ боломжийг иргэд ашиглах ёстой. Засгийн газрын бондын жилийн хүү 17.3 хувь. Гэтэл арилжааны банкуудын зургаан сартай хадгаламжийн хүү 13 хувь, татвараа төлөөд 11.7 хувь болно. Тэгэхээр иргэд Засгийн газрын бонд авснаар 50 хувь илүү өгөөж авна. Дээр нь эрсдэлгүй.
Засгийн газар нийтдээ гурван их наяд орчим төгрөгийн бонд гаргаад байгаа. Харин арилжааны банкуудын хадгаламж найман их наяд байгаа. Тэгэхээр цаашид бондын хүүг бууруулахгүй бол Монголд банк үлдэхгүй шүү дээ. Тиймээс Засгийн газрын бондын хүү буурна гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчийн хувиар үзэж байна.
-Зарим хүн банкны хадгаламжаа татаж, бонд авах гэтэл банк мөнгийг нь гаргаж өгөөгүй тухай мэдээлэл байна. Чамгүй том банк ийм үйлдэл гаргасан гэсэн. Ингэж болох уу. Энэ талаарх таны бодлыг сонсъё?
-Ийм тохиолдол давтан давтан гарч байгаа нь харамсалтай. Өмнө нь бас нэг харилцагч хадгаламжийн мөнгөө авах гэтэл банк хүнд суртал гаргасаар байгаад арилжаанаас хоцроож байсан. Энэ удаад нэг харилцагчийн 300 сая төгрөгийг нь гаргаж өгөлгүй загнаад гаргасан байна. Уг нь том банк байгаа юм. Нэрийг нь зарлачихвал тэр банк бараг дампуурах хэмжээнд хүрнэ. Банкууд ийм байж огт болохгүй шүү дээ.
-АПУ ХК-д болж өрнөсөн үйл явдал, эгч дүүс хоорондын арилжааг шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тэнд чухам ямар үйл явдал өрнөөд байгаа хэрэг вэ?
-АПУ бол үндэсний том үйлдвэрлэгч гэдэг утгаар нь би үнэлдэг. Зарим хүн согтууруулах ундаа үйлдвэрлэдэг гэж илүүд үзэх хандлагатай байдаг. Гэвч АПУ биш бол САПУ үйлдвэрлэнэ, аль аль нь үйлдвэрлэхгүй бол бид гадаадын архи л худалдаж авна гэсэн үг. Тэр хэрээр валют гадагшаа урсах болно. Тиймээс АПУ үйлдвэрлэхээс аргагүй. Харин Хувьцаат компанийнхаа хувьд АПУ хувьцаа эзэмшигчдэдээ тайлагналгүйгээр хамаарал бүхий хүмүүсийн дунд наймаа хийсэн байдаг. Үүнээс үүдэн хүмүүс АПУ ХК болон АПУ Трейд ХХК-ийн хооронд хийсэн наймааныхаа үнийн дүнг ил тод мэдээлэхийг сануулсан хэрэг.
АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга болон АПУ Трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар нь төрсөн эгч дүүс тул эдгээр компанийн хооронд байгуулагдсан гэрээ нь RELATED-PARTY TRANSACTION (хамаарал бүхий хоёр этгээдийн хоорондох гэрээ) юм. Уг нь "зөрчилтэй" гэрээ биш. Гэхдээ хоорондоо хамаарал бүхий хоёр этгээдийн хоорондох гэрээ, арилжаа наймааг хувьцаа эзэмшигчдэд тайлагнах ёстой гэсэн заалт Компанийн тухай хуулийн 89.5 дахь заалтад бий. Ийм л зүйл. Хамаатан садангийн хооронд зах зээлийн үнэлгээнээс хамаагүй бага байж болзошгүй гэсэн хардлага хувьцаа эзэмшигчдийн дунд бий.
-Үүнийг хэн зохицуулах ёстой юм бэ. Компанийн ТУЗ уу?
-Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ёстой ажил. СЗХ хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Гэтэл бид 26 жилийн турш хувьцааг огт ойлголгүй явсаар өнөөдөртэй золгоод байна. Нэгэнт хөрөнгөө нийлүүлж ХК байгуулсан хэр нь ашгаа хуваахгүй, хуваасан ч нийлүүлсэн хөрөнгөтэйгээ дүйцүүлэхгүй их ашгийг нэг хэсэг нь хүртэх тохиолдол мэр сэр бий. Энэ бүхнийг зохицуулагч, хянагч нь СЗХ.
-Манай улсын хувьд хувьцаат компаниудын борлуулалт нэмэгдээд байгаа хэр нь ашиг нь буураад байгаа гэсэн эсрэгцсэн мэдээлэл байна. Үүнийг жишээ татан тайлбарлаж болох уу?
-Улсын их дэлгүүр (УИД)-ийн жишээ байна. Хамгийн санй байршилтай, гадаадын жуулчин, дотоодын худалдан авагч нар Их дэлгүүрийг л зорьдог. Тэнд сул талбай үлдэхгүй болтол нь түрээсэлсэн. Гэтэл алдагдалтай ажилласан гэсэн тайлан гаргасан байдаг. Судлаад үзвэл Номин компанитай гэрээ байгуулаад 60 хувийн хувьцаа эзэмшигчид бүх ашгийг хүртээд, жижиг хувьцаа эзэмшигчид хохироод үлдэж байх жишээтэй. УИД-ийн 40 хувийг 40 орчим мянган жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг юм билээ.
-Тэгвэл хамгийн сайн ажиллаж буй ХК-ийн жишээ хэл гэвэл ямар компанийг нэрлэх бол?
-Өнгөрсөн 2016 онд борлуулалт ч нэмэгдээд, ашиг ч нэмэгдээд, хувьцааны үнэ ч өссөн нэг том компани байна. Тэр нь "Говь" ХК. "Говь"-ийн хувьд компанийн засаглал, бизнесийн ёс зүй, хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалах тал дээр онц гэсэн үнэлгээ өгнө.
Ирээдүй нь ч гэрэлтэй байна. Дэлхийн хэмжээний ноолуурын 40 хувь нь Монголоос гардаг. Хятад, Пакистаны ноолуур байгаа ч чанарын хувьд Монголынхыг гүйцэхгүй. Нэг америк эдийн засагч “Эмэгтэй хүний татгалзаж чаддаггүй хоёр эрдэнэ бол алмаз, ноолуур” гэж хэлсэн байдаг. Техник, технологи, загвар зэрэг бол жижиг зүйл. Тиймээс олон хүн "Говь" ХК-ийн ирээдүйд итгэж хувьцаа эзэмшиж байгаа. "Говь"-ийн хувьцаа хоёр жилийн өмнө 7 мянган төгрөг, жилийн өмнө есөн мянган төгрөг байсан бол одоо 14-15 мянгад хэлбэлзэж байна. Борлуулалт өсөхийн хэрээр ашиг нь өсч, хувьцаа эзэмшигчдэдээ ч ашгаа хувааж байна.
-Хөрөнгийн зах зээлээс жаахан хөндийрөөд валют арилжааны чиглэлийн мэдээлэл тодруулъя. Гадаад валютын ханш цаашид яаж өөрчлөгдөх бол?
-Би хувьдаа валютын ханш цаашид буурна гэж харж байгаа. Яагаад гэхээр бидэнд их хэмжээний ам.доллар шаардлагагүй. Цагаан сараа хийчихлээ. Хуралдай бонд гаргаж, өмнөх бондынхоо хугацааг сунгачихлаа. Нүүрсний үнэ ханш өсч байгаатай зэрэгцээд ирэх сард Чалкогийн өрийг өгч дуусна. Тэр өр дуусмагц нүүрсээ зарах бүрт валют орж ирэх учраас төлбөрийн баланс маш их сайжирна. Дөрөвдүгээр сард мөн ноолуур гарна. Тодорхой хэсгийг дотоодын үйлдвэрлэлд ашиглах боловч тодорхой хэсгийг Хятад руу зарж л таарна. Ноолуураас мөн валют орж ирнэ. Энэ нөхцөлөөс харахад валютын ханш буурах дүр зураг харагдаж байгаа.
-Та нэг хэсэг Сангийн яаманд Гадаад өр хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан. Монгол Улсын гадаад өр зээл хэцүүдлээ, өрийн тааз давлаа гэсэн шүүмж их болжээ. Таны үед гадаад өр хэр байв. Өрийн тааз хэтрэх нь таагүй үзүүлэлт мөн үү?
-Намайг Сангийн яаманд Гадаад өрийн хэлтсийн даргаар ажиллаж байхад Монголд гадаадын өрийн асуудал бараг байгаагүй. Хуулиндаа гадаадад өр тавих эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банкнаас л зээл авах эрхтэй. Өрийн харьцаа 18 хувь л байсан. ОХУ-ын их өрийн үлдэгдлийг шийдвэрлэх тал дээр ажиллаж байсан. Тухайн үед манай улс ядуу буурай орны тоонд багтаж байсан учраас дээр нэр дурдсан эх үүсвэрүүдээс л зээл авч байсан. 2011, 2012 онд эдийн засаг өсч, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өсч байж гадаадад өр тавих, бонд гаргах боломж нь нээгдсэн хэрэг.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв алхам уу. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэхэд эрх баригчид санал зөрөлдсөн гэсэн албан бус мэдээ бий. Манай улс одоо ОУВС-гийн хөтөлбөрөөс татгалзах боломж бий юү. Татгалзлаа гэхэд үр дагавар нь ямар байх бол?
-Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй. Газрын гүндээ асар их баялагтай орон хэдий ч төрийг удирдаж буй хүмүүс маань сахилга батгүй, төсвийн зүй зохистой бодлогогүй, мөнгөний бодлогын алдаа зэргээс болоод гажуудалд орчихлоо. Оны өмнөхөн дэлхийн бараг бүх хэвлэлээр Монгол Улс бол эрсдэлтэй улс гэж зарласан. Маш муу дохиог хөрөнгө оруулагчдад илгээсэн нь үнэхээр харамсалтай. Намууд яахав, дөрөв дөрвөн жилээр солигдоод, ард нь гурван сая хүн хохирч байна шүү дээ. Ийм тохиолдолд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогоо сайжруулж, төсвийн сахилга бат суулгах хэрэгтэй.
ОУВС-ийн хөтөлбөрөөс татгалзана гэж арай ч байхгүй биз. Тэгж гэмээнэ Монгол Улс дэлхийн хэмжээнд шившиг болно. Тиймээс бодитой яриа биш байх.
-Та төрийн албанд, тэр дундаа удирдах албан тушаалд цөөнгүй жил ажилласан. Аль засгийн үед алба хашиж байв. Шинэ засаг бүрэлдэхэд танд ямар нэгэн албан тушаал санал болгосон уу. Хэрэв санал ирсэн бол хувийн секторыг илүүд үзээд байгаагийн шалтгаан юу вэ?
-Төрийн албанд нийтдээ 12 жил, найман Сангийн сайдтай хамтарч ажиллаж байсан. Ардчилсан намын үед ч, МАН-ыг эрх барьж байхад ч төрийн албанд зүтгэж явсан. Жирийн түшмэлээс дарга хүртэл дэвшин ажиллахдаа нэг зүйл сэтгэлд хүрээгүй. Тэр бол төрийн албаны цалин юм. Төрийн албанд ажиллахдаа их зүйл сурч, маш ихийг сурсан, мэдлэг мэдээлэлтэй болсон ч өнөөдөр би 800 мянган төгрөгөөр яаж эхнэр хүүхдээ тэжээх билээ. Тиймээс л хувийн бизнес эрхэлж байна.
-Төгсгөлд нь Монголын Хөрөнгийн бирж (МХБ)-ийн хувьчлалын талаар асуумаар байна. Та нөхдийн хамт МХБ-ийг хувьчлан авна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Анх МХБ-ийг таван тэрбум төгрөгөөр хувьчлах тухай яригдаж байх үеэс би баг бүрдүүлж хувьчлалд оролцохоор бэлтгэсэн. Одоо ч зорилгоосоо буцаагүй. Төв талбайн зүүн талын балгас болсон барилгыг 24 тэрбумаар худалдсан хэр нь МХБ-ийг газар болоод барилгатай нь, тусгай зөвшөөрөл, бизнестэй нь таван тэрбумаар үнэлсэн нь үнэндээ гайхашрал төрүүлсэн. Гэвч үнэлгээг хорин тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, төсөвт суулгасан байна лээ.
МХБ-ийн хувьчлалд олуулаа нийлж, хөрөнгө босгож хувьчлалд оролцох бэлтгэлээ базаасаар байгаа. Хамгийн өндөр үнэ өгч, МХБ-ийг авна гэдэгтээ итгэлтэй байгаа. Гол нь авсныхаа дараа маш сайн ажиллуулна. МХБ амжилттай ажиллах боломж бий. Мөнгө, санхүү гэдэг бол хийсвэр тоо, математик шүү дээ. Зах зээлийг 40-50 хувийг дангаар эзэмшдэг болтол нь ажиллуулна.