АНУ-Хятадын харилцааны нааштай дохио

Хуучирсан мэдээ: 2017.03.16-нд нийтлэгдсэн

АНУ-Хятадын харилцааны нааштай дохио

Дэлхийн хоёр том гүрний төрийн тэргүүн нар анх удаа уулзалдах гэж байна. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Доналд Трамп Флорида дахь Мар-а-лаго хувийн эдлэндээ Хятадын дарга Си Жиньпинийг хүлээн авч, уулзахаар тохиролцжээ. Одоогоор айлчлалын товыг эцэслэн батлаагүй, гэхдээ дөрөвдүгээр сарын эхээр, тодруулбал дөрөвдүгээр сарын 6-7-нд хоёр хоногийн хугацаатай саатах бололтой.

Япон, Өмнөд Солонгос, Хятад гээд Азийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонг Хятадад очих үед төрийн тэргүүн нарын уулзалтын товыг баталж, хэлэлцэх асуудлыг нарийвчилна гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Шон Спайсер өчигдөр /2017.03.14/ мэдэгдсэн юм.

Си Жиньпин АНУ-д албан бус айлчлал хийнэ, ингэхдээ АНУ-ын тэрбумтан ерөнхийлөгчийн хувийн эдлэнд саатах бололтой. Эдийн засгаараа тэргүүлэх хоёр гүрний лидерийн уулзалт мэдээж өргөн сэдвийг хамарна, гэхдээ гол асуудал Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөр, түүнээс улбаатай хоёр орны хооронд үүссэн хурцадмал байдлыг намжаахад чиглэнэ гэж шинжээчид таамаглаж байна.

Хойд Солонгосын пуужингийн болон цөмийн хөтөлбөр, Өмнөд Солонгос, АНУ-ын эсрэг чиглэсэн удаа дараагийн заналхийлэл, сүүлд /2017.03.06/ пуужин харвасан нь байдлыг хурцатгаж, улмаар АНУ-ын хөгжүүлсэн пуужингийн довтолгоог эсэргүүцэн, хамгаалах THAAD системийг Сөүлд байрлуулж эхэлсэн билээ. THAAD системийг суурилуулснаар Сөүл АНУ-ын ашиг сонирхлын дагуу радарын системийг ашиглан Хятадын цэргийн ажиллагааг тагнах зорилготой гэж Хятадын талаас БНСУ-ыг буруушааж байгаа юм. Улмаар Хятад дахь Өмнөд Солонгосын бизнесүүдийг хааж, тус улсыг зорих хятад жуулчдыг хориглоод байгаа билээ.

Доналд Трампын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Хятадын бодлогыг нэг бус удаа шүүмжилж байсан. Албан ажлаа хүлээн авахдаа ч тэр АНУ-Хятадын хоорондын худалдааны дайныг онцолж, Хятадыг юанийн ханшийг зориудаар унагаадаг гэж мэдэгдэж байв.

Харин одоо хоёр улсын төрийн тэргүүн нар биечлэн уулзаж, тулгамдсан асуудлуудаа ярилцана. “Үүнээс Трампын засаг захиргаа цаашид Хятадын талаар баримтлах бодлогоо тодорхойлоход чухал нөлөө үзүүлнэ” гэж Йелийн хуулийн их сургуулийн Хятад судлалын төвийн судлаач Грэхэм Уэбстер үзэж байна.

“Си Жиньпиний хувьд энэ уулзалтаар “Нэг Хятад” бодлогыг АНУ цаашид дэмжих асуудлыг бататгах санаа бодолтой байгаа болов уу” гэж БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын яамны дэргэдэх Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Фу Мэнзи ярьжээ.

Доналд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө Тайванийн ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь дипломат хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болсон юм. Хятад улс “Нэг Хятад” бодлогын дагуу Тайванийг газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмждэг юм. Харин хожим нь өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын дарга Си Жиньпинтэй утсаар ярихдаа Трамп цаашид “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэн үзэхээр зөвшилцсөн билээ.

Ямартай ч Доналд Трамп, Си Жиньпин нарын уулзалт хоёр улсын харилцаа сайжрах нааштай дохио болно гэж олон улсын шинжээчид үзэж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж