Сар шинэ, март, цэргийн баяр гээд үргэлжилсэн баярууд тохиож, Монголын нийгэм унтаа мэт харагдавч цаанаа Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан том улс төр хэдийнэ эхэлжээ.
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн ээлжит сонгууль болоход гуравхан сар үлдээд буй юм.
УИХ-ын намрын чуулганаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-нд явуулахаар товлон зарласан. Намууд нэр дэвшигчдээ 45 хоногийн өмнө буюу ирэх тавдугаар сард тодруулах ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг тавдугаар сарын 6-ны өдрөөс эхэлж, тав хоногийн хугацаанд бүртгэж дуусгах юм. Ингээд хуульд заасанчлан сонгуулийн сурталчилгаа 20 хоног үргэлжилж зургадугаар сарын 24-нд хаагдана.
Өнгөрсөн нэгдүгээр сард баталсан шинэ хуульд заасанчлан УИХ-д суудалтай улс төрийн нам дангаараа, эсвэл хамтарч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ёстой. Гэхдээ зөвхөн парламентад суудалтай намууд л хамтран нэр дэвшүүлэх эрхтэй. Тэгэхээр УИХ-д суудалгүй намууд энэ “тоглоом”-д оролцохгүй гэсэн үг. Тиймээс Монгол ардын нам болон Ардчилсан намаас гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ “сойх” эрхтэй гуравдагч хүчин бол УИХ-д ганцхан суудалтай МАХН.
Гэвч, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь намын дарга Н.Энхбаярын мэдэх хэрэг мэт боловч тус нам дангаараа оролцох уу, эсвэл бүр оролцохгүй юу гэдгийг зөвхөн О.Баасанхүү л шийднэ. Түүний гарт байгаа ганц квот одоо бол МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийнхаас ч “үнэтэй” болсон.
Шинэ оны өмнө О.Баасанхүү Ардчилсан намд элсч магадгүй гэдгээ нэг бус удаа хэвлэлээр болон нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлж байсан ч одоохондоо тэрбээр МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ түүний ганц суудлаас МАХН-ын төдийгүй МАН, АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн технологи хамаарахаар болоод байна.
МАН
Ялсан намын дарга Ерөнхий сайд болно гэж улс төрийн намууд дүрэмдээ заасан ч, УИХ-ын сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй олонх болсон М.Энхболд өмнөх парламентын дарга З.Энхболдын жишгээр өөрөө УИХ-ын дарга болж, Ж.Эрдэнэбатаар засгаа толгойлуулсан. Чухам тэр үеэс олон хүн ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд МАН-аас нэр дэвших нь гэсэн ойлголттой болсон юм. МАН-ын зарим гишүүн “Ялсан намын дарга засгаа авч явах” ёстой гэж УИХ-ын даргыг томилох анхдугаар чуулганы хуралдаанаар анхааруулсан ч асуудал нэг их өндөр аваагүй.
МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлалтай хүнээр М.Энхболд одоогоор нэрлэгдэж байна. Гэхдээ албан ёсоор тавдугаар сард намууд нэр дэвшигчээ зарлах хүртэл шүү дээ.
25 суудалтай сөрөг хүчин байсан намаа 65 суудалтай болгож, дангаараа засгийн эрх барихад хүргэсэн “ач гавъяа”-г нь үнэлбэл МАН-ынхан М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх л байх. Гэвч түүнтэй өрсөлдөх горилогчид эрх баригчид дунд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гээд тоологдож буй. Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин хоёрын хувьд “Би өрсөлдөнө” гээгүй ч бас “өрсөлдөхгүй” гэдгээ З.Энхболд шиг ил тодоор зарлачихаагүй.
Ерөнхийлөгчийн сонгууль угтсан эрх баригчдын зодоон ил харагдахгүй ч, тогоон доторх маргаан нь улам томорсоор байна. Учир нь, хаврын уралдаан тойрсон хэрүүл бол угтаа М.Энхболд руу өөрийнхнийх нь болоод өрөөлийнхний шидсэн чулуу байлаа. Үндсэндээ сүүлийн долоо, найман жил хаврын уралдааныг зохион байгуулсаар ирсэн гэвэл хуучин сэдвээр хийсэн шинэ хэрүүлийн ард улс төрийн том акц явж байгаа нь сохор хүн ч олж харахаар тодорхой байсан шүү дээ.
АН
Өнгөрсөн дөрвөн жил засгийн эрхийг барьсан ч УИХ-д есөн суудалтай үлдсэн Ардчилсан намын рейтинг эрх баригчдынхтай зэрэгцээд эн тэнцүү уруудсаар байна. Намаа шинэчлэхийн тулд ойр, ойрхон дотоод сонгуулийг зохион байгуулж буй ч энэ нь Ардчилсан намын нэрийг сэргээхэд нэмэр болж харагдсангүй гэвэл буруудахгүй. Харин ч намын дотоод сонгууль тойрсон, дэнчин, мөнгөний асуудал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тус намыг муу дээр муухай харагдуулсан хэвээр байгаа юм.
ТЭР ТУСМАА НАМЫН РЕЙТИНГ НЬ МУУ БАЙГАА АРДЧИЛСАН НАМД ХУВИЙН РЕЙТИНГ САЙТАЙ ХҮНИЙГ ОЛЖ ДЭВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ БОЛОХООС ИЙМ ПОПУЛИЗМ ХИЙВЭЛ БУРУУДНА
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ Н.Алтанхуяг анхлан зарласан. Гэхдээ дэмжинэ гэж намын шинэ удирдлагуудын хэн нь ч амлаагүй байгаа цагт АТГ-ын үүдийг сахиж суугаа түүнийг АН-аас нэр дэвшинэ гэж хэлэхэд эртэднэ. Түүний араас Э.Бат-Үүл нэр дэвшинэ гэдгээ сар шинээр далимдуулаад зарлачихсан бол Б.Жаргалсайхан Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээсэн нь зүгээр ч нэг явдал биш байх. Намын даргын сунгааны үеэр С.Эрдэнийг идэвхийлэн дэмжсэний хариуд Б.Жаргалсайханыг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших “эрхээр” шагнаж болдог юмаа гэхэд нийгэм хүлээж авахгүй байлгүй. Тэр тусмаа намын рейтинг нь муу байгаа Ардчилсан намд хувийн рейтинг сайтай хүнийг олж дэвшүүлэх нь чухал болохоос ийм популизм хийвэл буруудна.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн хувьд намын даргад нэр дэвших боломж байсан ч оролдоогүй. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэсэн зорилготой үйлдэл байсныг үгүйсгэхгүй. Харин Х.Баттулгын хувьд төмөр замын хэрэгт шалгагдаж буй нь тээр болно. Тэгээд ч өнгөрсөн сонгуульд намаа ялагдуулсан хүний нэгээр түүнийг нэрлэдэг.
Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ нийт гишүүдийнхээ оролцоотойгоор сунгаа хийж тодруулах төлөвлөгөөтэй байна. Дүүргийн намын даргад нэр дэвшигчээс 15 сая төгрөг нэхэж байгаа тус нам Ерөнхийлөгчид өрсөлдөгчдөөсөө хэдийг дэнчин маягаар авахыг төсөөлшгүй. Ямар ч байсан мөнгөгүй сонгууль явуулахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын гурван тэрбум хүртэлх төгрөгийг нэр дэвшигч өөрөөсөө гаргана. Харин намаас гаргах нь 5-6 тэрбум төгрөг. Эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн Ардчилсан намд ийм мөнгө байхгүй. Эндээс харвал Ардчилсан намаас зардал мөнгөө өөрөө гаргаад явах хүн л Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр харагдаж буй юм.
МАХН
Н.Энхбаярт энэ удаагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх боломж байхгүй. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Монгол Улсын иргэн 45-аас дээш настай, ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” заалт бий. Н.Энхбаярын хувьд насны хязгаараа давсан ч, түүний ялтайд тооцогдох хугацаа энэ оны наймдугаар сард дуусна. Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дууссаны дараа тэр ялгүй болно гэсэн үг. Авлигын хэрэгт холбогдсон хүн нэр дэвшихээс татгалзах ёс зүй байхгүй бол хуулийн заалт тээг болно. Тэгэхээр МАХН-аас хэн нэр дэвших вэ гэдэг АН-ын ч, МАН-ын ч анхаарлыг татаж байна. Тэр тусмаа О.Баасанхүүгийн гарт байгаа ганц квот Ерөнхийлөгчийн сонгуулийн өргийг хаашаа ч эргүүлж мэдэхээр байна.
ГАНЦ КВОТОО МАХН “ҮНЭД” ХҮРГЭЖ НАЙМААЛЦАХ УУ, ЭСВЭЛ ГЭДЭГ НЬ Н.ЭНХБАЯРААС БИШ О.БААСАНХҮҮГЭЭС ХАМААРНА.
Байгаа ганц квотоо МАХН “үнэд” хүргэж наймаалцах уу, эсвэл гэдэг нь Н.Энхбаяраас биш О.Баасанхүүгээс хамаарна. Тийм болохоор л тэрбээр “Намаасаа гардаг ч юм уу, Ардчилсан намд элсдэг ч юм уу” гэх маягаар намуудын янзыг үзэж, түншсэн шигээ суугаа биз. Өөрөөр хэлбэл, тэр өөрийнхөө үнэд орох цагийг сайн мэдэрч, хэмжээндээ тоглолт хийж байна. Тэгэхдээ түүний цаад санааг Монголын улс төр, МАН, АН, МАХН дутуу үнэлж бас болохгүй байх. Энэ мэтээр үе, үе амь ордог олон популист боломж хайн бодлого бодоцгоож эхэлсэн нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртсоны шинж буюу.