Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын Хууль, дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын даргыг бүртгэх, Үндсэн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг Улсын Дээд Шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Шийдвэрээ гаргахдаа Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг тодорхойгүй шалтгаанаар хойшлууллаа. Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг зүйл бүрээр хэлэлцсэнгүй гэсэн асуудлыг тавьсан байна лээ.
Бүх аймаг, дүүрэг дээр салбар хуралдааныг хуралдуулж, дүрмийг зүйл бүрээр нь хэлэлцүүлсэн. Хамгийн олон санал авсан саналуудыг их хурлаар батлуулсан.
“Намынхаа бүх гишүүдээр сонгогдсон даргыг Улсын Дээд Шүүх бүртгэсэн. Гэтэл Үндэсний бодлогын хороо болон анхан, дунд шатны намын байгуулалтын дарга, гишүүдийг бүх гишүүдээрээ сонгохыг болохгүй гэж Дээд шүүх үзсэнийг ойлгохгүй байна. Намын дарга нь бүх гишүүдийн сонголтоор сонгогдож чадсан юм бол анхан, дунд шатны гишүүд нь мөн бүх гишүүдээсээ сонгогдох ёстой” гэлээ.
Харин Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “Улс төрийн намын тухай хуульд зааснаар дүрмийг шүүхийн маргаанаар шийдвэрлэх боломжгүй.
Манай байгууллагын шинэчлэлийн асуудал, дотоод сонгуулийг мөрдөж байгаа мэтээр шийдвэр гаргасанд харамсалтай байна. Ардчилсан нам Дээд шүүхэд бүртгэлтэй дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын тухай хуульд зааснаар Улсын Дээд Шүүх манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Аймаг, сумаар дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй гэж үзэж байгаа.
Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр нэмэлт тайлбар гарагж өгсөн.
Улсын Дээд Шүүхэд хандаж дахин бүртгүүлэх хүсэлт гаргасан” гэлээ.
Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ирэх дөрөвдүгээр сарын 2-нд товлогдсон дотоод сонгуулийн санал авах өдөр хойшлогдохгүй хугацаандаа болно.
Сүүлийн өдрүүдэд татвар, дэнчин, хураамжтай холбоотой асуудал их яригдаж байна. 2000 онд Ардчилсан нам татвараа жилийн 1200 төгрөгөөр тогтоосон. Энэ татвар хэвээрээ, татвараа төлснөөр саналын эрх нээгдэж байгаа.
Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн дэнчинг 2000 онд нэг сая төгрөгөөр тогтоосон. 17 жилийн дараа дэнчинг 3 сая төгрөгөөр, сонгуулийн хураамжийг 3 сая төгрөгөөр тогтоосон. Өнөөдөр төгрөгийн чадавхи ямар байгаа билээ гэдэгтэй харьцуулахад боломжийн. Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөх бол 90 сая, дүүргийн намын даргад өрсөлдөх бол 20 сая, аймгийн намын даргад өрсөлдөх бол 15 сая. Энэ бол 31 хүний хүрээнд шийдэгдэх асуудал. Дээр нь Үндэсний бодлогын хорооны гишүүдийг нэмбэл 400 гаруй гишүүн хамаарна.
Нийт гишүүдэд татварын дарамт очоогүй. Ардчилсан нам төсвөөс санхүүжилт авдаггүй, татвар хандив дээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Санхүүгийн хувьд бие даасан хараат бус байх ёстой. Цөөн хэдэн тооны хүмүүсийн халаасанд багтаж бодлого шийдвэр гаргадаг зарчмаасаа татгалзая. Энэ нам гишүүдийнхээ хандив татвар дээр үйл ажиллагаа явуулж чаддаг нам болох ёстой. Энэ бол шинэчлэлийн нэг алхам.
180 мянган гишүүн дотроос 400 гаруйд нь гол ачаа ирж байгаа. Албадлагын хэв шинж байхгүй.
Аймаг, дүүрэг, нийслэлийн даргад нэр дэвшигч дэнчингээ төлөөд албан тушаал дээр өрсөлдөх боломжтой. Заавал чи нэр дэвш гэдэг албадлага байхгүй.
Олигархуудын хараат байдлаас гармаар байна. Цөөн тооны мөнгөтэй хүмүүсийн захиалгаар улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байдлаас татгалзах ёстой, тэгж шинэчлэгдэнэ.
Бид өнөөдөр бүх гишүүдийнхээ шийдвэр сонголтоор асуудлыг шийддэг болъё. 180 гишүүнийхээ нам болж чадвал нам шинэчлэгдэнэ. Бүх гишүүдийнхээ саналаар сонгогдсон намын даргын хувьд нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална” гэсэн юм.
Г.ХОРОЛ