Хүүхдээ зөв хүмүүжүүлэх 6 алхам

Хуучирсан мэдээ: 2017.03.15-нд нийтлэгдсэн

Хүүхдээ зөв хүмүүжүүлэх 6 алхам

Хүүхдээ зөв ухамсартай, зөв хүн болгож хүмүүжүүлэх дараах зургаан зөвлөгөөг Харвардын их сургуулийн сэтгэл судлаач, экспертүүд зөвлөж байна.

 

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨ

Бүх зүйлийн үндэс суурь нь энэ юм. Хүүхдэдээ цаг зав гаргаж, хүүхэдтэйгээ хамт цагийг өнгөрөөж, тэдэнд тулгарсан асуудал бэрхшээлийг хуваалцаж, тэдний дуртай зүйлийг ч бас сонирх. Хамгийн чухал нь тэдний хэлэхийг сайтар сонсох хэрэгтэй. Хүүгийнхээ, охиныхоо өвөрмөц зан чанар, онцлогийг мэдэж авахаас гадна таны үйлдэл бүр тэдэнд бусдыг хайрлах, халамжлах бодит жишээ болох болно.

 

ТЭР ЯМАР ЧУХАЛ БОЛОХЫГ ҮРГЭЛЖ ӨӨРТ НЬ ХЭЛЖ БАЙ

Сэтгэл судлаачдын явуулсан судалгаагаар хүүхдүүд өөрсдийгөө эцэг, эхдээ ямар чухал, эрхэм хүн гэдгээ мэддэггүй. Аав, ээжээсээ тэдгээр үгийг сонсохыг битүүхэндээ хүсч, хүлээж байдаг болохыг тогтоожээ. Тиймээс хүүхдээ хэчнээн их хайрлаж, үнэлж, хамгаалдаг тухайгаа аль болох тогтмол хэлж байгаарай.

 

АСУУДЛААС ЗУГТАХ БИШ, ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХЭД СУРГА

Тухайлбал, таны хүү хөлбөмбөгийн бэлтгэлдээ явахаас шантарч, бууж өгөхөөр шийдэж. Энэ үед та яагаад ингэх болсныг нь асууж, тайлбарлуулах хэрэгтэй. Багийнхаа найзуудын өмнө ямар үүрэг хариуцлага хүлээдгийг нь хүртэл яриул. Энэ бүгдийн дараа ч гэсэн шантарсан хэвээр байвал урам зориг өгөх, хүсэл тэмүүллээ бадраах шинэ зүйл олоход нь туслаарай.

 

ӨДӨР БҮР ТҮҮНИЙ ЧАДАХ ХЭМЖЭЭГЭЭР ТУСЛУУЛ,
ХАРИУД НЬ ҮРГЭЛЖ ТАЛАРХ

Бусдад баярласан талархсанаа харамгүй илэрхийлж чаддаг хүмүүс бусдыг өрөвдөн энэрэх, хайрлан халамжлах, бусдад туслахдаа төвөгшөөдөггүй байдгийг харуулсан цөөнгүй судалгаа байдаг аж. Тиймээс гэр орны өдөр тутмын ажилд чадах чинээгээр нь тусламж ав, хариуд нь үргэлж баярлаж, талархсан, ямар их тус нэмэр болсныг нь заавал дурдаж байгаарай. Хүүхдийг сайн үйлийнх нь төлөө урамшуулах нь хүмүүжилд эергээр нөлөөлдгийг сэтгэл зүйчид сануулж байна.

 

ТААГҮЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ХЯНАЖ СУРАХАД НЬ ТУСАЛ

Уур уцаар, үзэн ядалт, ичингүйрэл, атаархал гээд таагүй сэтгэл хөдлөл нь бусдыг хайрлах, хамгаалах сэтгэлээс илүү хүчтэй гэж сэтгэл зүйчид тайлбарладаг. Тиймээс таагүй сэтгэл хөдлөлөө хянаж сурснаар хүүхэд дотоод зөрчлөө хялбар даван туулдаг болно. Энэ нь ойр дотны хүмүүсээр хязгаарлагдахгүй, нийгмийн харилцаанд ороход ч давуу тал болдог.

 

ХОРВОО ДЭЛХИЙ ТЭДНИЙ ТӨСӨӨЛЖ БАЙГААГААС Ч ИЛҮҮ УУДАМ,
ИЛҮҮ СОНИРХОЛТОЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛ

Бараг бүх хүүхэд гэр бүл, найз нөхдийн хүрээнд өөрийнхөө бяцхан ертөнцөд амьдардаг. Тиймээс огт танихгүй хүмүүсийн тухай, гадаад ертөнц, соёл урлаг, нийгэм, газар зүйн талаар тэдэнд үргэлж ярьж, танилцуулж, шинийг эрэлхийлэгч байхад нь туслах хэрэгтэй. Гэрэл зураг, баримтат кино, мэдээ үзүүлэх ч бас нэг хэлбэр мөн.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж