Э.Бат-Үүл: С.Батболд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан

Хуучирсан мэдээ: 2017.03.09-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: С.Батболд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан

НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.03.09/ нээлттэй хуралдлаа. Тус хуралдаанд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга асан Д.Баттулга нар оролцож, Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлын талаар хэлэлцлээ. Хуралдаанаар Баянзүрх дүүрэгт үүссэн асуудлын талаар НИТХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж, ажиллуулах аар боллоо.

Хуралдаанд Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуульч Д.Нэргүй бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тус мэдээлэлд Баянзүрх дүүргийн ИТХ-ын сонгууль 2016 оны аравдугаар сарын 19 болон 23-ны өдөр явагдаж нийт 41 мандат бүхий төлөөлөгчдөөс Ардчилсан намаас 22, Ардын намаас 19 суудалтайгаар сонгогдсон. Харин Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016.10.24-ны өдрийн 55, 56, 57, 58, 59, 60 тоот тогтоол, мөн 2016.11.24-ны өдрийн 62, 63, 64 тоот тогтоолууд хууль бус тогтоолууд гаргаж, АН-аас нэр дэвшин, сонгогдсон зургаан хүнийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хууль бусаар хасч, гурван тойрогт дахин сонгууль зарласан. Дээрх хууль бус тогтоолуудыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь “Сонгуулийн тухай хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэглэж хууль бус шийдвэр гаргасан тул тогтоолыг хүчингүй, нэр бүхий зургаан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийн төсөлд оруулах тухай” дүүргийн сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэсэн. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх, сонгуулийн хорооны шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. Энэ мэт зургаан нэр дэвшигчтэй холбоотой гарсан бүх шүүхийн шийдвэрүүд дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчсөн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос гаргасан бүх шийдвэрийг өнгөрсөн таван сарын хугацаанд 41 удаагийн шүүх хурлаар 189 шүүгч оролцон, хүчингүй болгосон байна. Гэвч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн өөрт олгогдоогүй эрх эдэлж, хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа гэдгийг БЗД-ийн ИТХ-ын хуульч Д.Нэргүй бүлгийн гишүүдэд танилцуулсан. Үүний дараа бүлгийн гишүүд болон нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл зэрэг төлөөлөгчид саналаа хэлсэн юм.

Тухайлбал, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Хотын дарга С.Батболд хууль бус шийдвэрийг үндэслэн төрийн эрхийг авах гэсэн оролдлого хийлээ. Тиймээс НИТХ дахь Ардчилсан намын бүлэг энэ асуудалд онцгой анхаарч, ажлын хэсэг байгуулж, хотын дарга болон дүүргийн Сонгуулийн хорооны шийдвэр зэргийг шалгах хэрэгтэй. Үндсэн хуульд заасанчлан Засаг даргыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн хурлын олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг батламжлах ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу гарсан шийдвэрийг үндэслэх ёстой байдаг. Гэтэл хотын дарга С.Батболд хууль бусаар хуралдсан ИТХ-ын төлөөлөгчдийн шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого гэж харж байна. Тиймээс НИТХ дахь АН-ын бүлгээс энэ асуудалд онцгой анхаарч, ажлын хэсэг гаргах нь зүйтэй” гэсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд саналаа хэлсний дараа НИТХ дахь Ардчилсан намын бүлгээс ирэх долоо хоногт энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, яаралтай арга хэмжээ авахаар болсон юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж