Б.Ууганбаатарт ямар шийтгэл оногдуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2017.03.10-нд нийтлэгдсэн

Б.Ууганбаатарт ямар шийтгэл оногдуулах вэ?

Тэшүүрийн тамирчин Б.Ууганбаатар энэ жилийн УАШТ-д оролцох үедээ хориотой бодис /Meldonium/ хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсоныг Монголын тэшүүрийн холбооноос мэдэгдсэн билээ. Тэрбээр допингийн шинжилгээний Б сорьцод орох хүсэлтээс татгалзаж, хориотой бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ. Энэхүү үйл явц 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс гарсан анхны тохиолдол боллоо. Одоогоор Монголын тэшүүрийн холбооны Удирдах зөвлөл хуралдаагүй байгаа бөгөөд Б.Ууганбаатарт ямар шийтгэл оногдуулах нь тодорхой бус байна.

Тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг нэгдүгээр сард зохион байгуулсан бөгөөд тус тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн таван тамирчнаас допингийн шинжилгээг авчээ. Б.Ууганбаатар 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 1500 м, 5000 метр болон дөрвөн зайн нийлбэр дүнгээр түрүүлсэн юм. Тэрбээр "Алдар" спорт хорооны тамирчин бөгөөд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг аж.

Энэ жил 28 настай Б.Ууганбаатар тэшүүрийн шилдэг тамирчдын нэг бөгөөд Үндэсний шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнд амжилттай оролцдог байжээ. Тэрбээр улсын олон удаагийн рекордч амжилтын эзэн юм.

МЕЛЬДОНИУМ БА ХОРИГЛОСОН ЖАГСААЛТ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ 2016 оны аравдугаар сараас хойш мельдониум хэрэглэсэн тамирчдыг допинг хэрэглэсэнд тооцож, хатуу шийтгэл оногдуулахаар болж байгаа билээ. Олон арван тамирчны нэр холбогдоод байгаа “Мельдониум” бол Латвийн эм үйлдвэрлэгч ”Гриндекс” компанийн бүтээгдэхүүн. Ихэвчлэн зүүн Европын орнуудад цус багадалтын үед хэрэглэдэг. Мельдониумыг зүрх, судасны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэдэг. Мөн энэ эм нь хүний биед нийлэгждэггүй буюу энгийнээр тайлбарлахад биед огт байдаггүй бодис учраас нэгэнт шээсэнд тодорхойлогдсон л бол ямар хэмжээтэй байхаас хамаарахгүйгээр допинг хэрэглэсэнд тооцдог байна.

Допингийн төрөлд тооцдог эм, бэлдмэлийн буюу WADA-гийн “Хориглосон жагсаалт” нь тамирчдын бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон, тухайн спортоос хамааруулан хэрэглэхийг хориглосон бодис ба аргууд гэсэн гурван хэсгээс бүрддэг. Үүгээр бол мельдониум инсулинтэй адил үйлчилгээтэй буюу WADA-гаас гаргасан “Бүх цаг үеийн турш хэрэглэхийг хориглосон” бодисын Гормон, бодисын солилцоог идэвхижүүлэгч /S4/ ангилалд багтжээ.

 ТАМИРЧДАД БҮХ ЦАГ ҮЕИЙН ТУРШ ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БОДИС: 

  • S0  БАТЛАГДААГҮЙ БОДИС
  • S1  АНАБОЛИК СТЕРОИД
  • S2  ПЕПТИД, ӨСӨЛТИЙН ГОРМОН
  • S3  БЕТА 2 АГОНИСТ
  • S4 ГОРМОН, БОДИСЫН СОЛИЛЦОО ИДЭВХИЖҮҮЛЭГЧ
  • S5 ШЭЭС ХӨӨХ БОДИСУУД

Эх сурвалж: http://www.antidoping.mn

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж